Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Амралтын өдөр хүмүүсийг эмчилдэг Бутаны ерөнхий сайд

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хималайн уулсын дунд оршдог бяцхан вант улс Бутаны ерөнхий сайд Лотай Цэрин бол улсдаа нэртэй мэс заслын эмч юм.

2008 онд хэмжээлшгүй эрхт хаант засаглалаа халсан Бутан улс өнгөрсөн хугацаанд гурван удаа чөлөөт сонгууль явуулаад байгаа. Хамгийн сүүлийн сонгуулийн дараа Цэрин эмч 2018 оны арваннэгдүгээр сард ерөнхий сайдаар томилогджээ.

Одоо тэр ажлын өдрүүдэд ерөнхий сайдын албыг хашаад, Бямба гараг бүр эмнэлэгт ажиллаж, өвчтөнүүдэд мэс засал хийдэг байна. Ерөнхий сайдын гэр бүлдээ зарцуулдаг ганц өдөр нь Ням гараг ажээ.

Гэхдээ ерөнхий сайд Цэрин энэ ажилдаа дуртай бөгөөд “Би нас эцэслэх хүртлээ энэ ажлыг хийсээр байх болно. Өдөр бүр би ажилд явах замдаа жолоогоо эмнэлэг рүү эргүүлмээр санагддаг” хэмээн ярьж байна.

 

“Эмнэлэгт би хүмүүсийн эрүүл мэндийг шалгадаг. Засгийн газарт би бодлогын эрүүл зөв байдлыг шалгаж, сайжруулахыг хичээдэг” гэж тэр хийдэг ажлуудаа харьцуулсан юм. Бутанчуудын хувьд ерөнхий сайдаараа эмчлүүлэх нь нэр төрийн хэрэг  байдаг ажээ.

Энэтхэг, Хятадын завсар хавчуулагдсан Бутан улс 750,000 орчим хүн амтай. Алс бөглүү газарзүйн байрлалтай энэ орны байгаль нь онгон дагшин хэвээр, ямар ч амьтны амийг хөнөөх хориотой, хүлэмжийн хий бараг үйлдвэрлэдэггүй. Энэ байдлаа хамгаалж үлдэхийн тулд Бутаны засгийн газар гадаадын жуулчдад өдөрт хамгийн багадаа $250 зарцуулах босго шаардлага тавьж, тоог нь хязгаарладаг.

 

Хүн ам нь Буддын шашинтай, Ази тивдээ хамгийн аз жаргалтай иргэдтэй орноор тогтмол шалгардаг хэдий ч энэ улсад ажилгүйдэл, гэмт хэргийн өсөлт, таргалалт, чихрийн шижин өвчний тархац зэрэг нийгэм, эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд бий.

 

Эх сурвалж: AFP