Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр IPO хийх Uber нэгж хувьцаагаа $45-аар үнэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Такси үйлчилгээний онлайн платформ Uber өнөөдөр Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр анхдагч зах зээлд хувьцаагаа зарж эхлэх юм.

Өчигдөр нийтэд ил болсон бичиг баримтад өгүүлснээр Uber компани нэгж хувьцаагаа $45-аар үнэлж, зах зээлийн үнэлгээгээ $82.4 тэрбумд тооцжээ.

Тус компанийн зах зээлийн үнэлгээ анх төсөөлж байсан $100 тэрбумд хүрээгүй ч бүх цаг үеийн хамгийн том IPO (Initial Public Offering)-гийн нэгд тооцогдож байна.

Технологийн ертөнцөд долоон жилийн өмнө Фэйсбүүк компани дуулиантай IPO хийж байсан бол Uber-ийг түүний дараах ээлжит том IPO гэлцэж байгаа юм.

Хувьцаагаа зарснаар тус компани $8.1 тэрбумын хөрөнгө босгож, үүнийгээ шинэ зах зээл, шинэ технологи, шинэ бизнест зарцуулах зорилготой байна.

Uber-ийн өрсөлдөгч Lyft компани гуравдугаар сард IPO хийсэн нь үр дүн муутай болж, өнөөдөр хувьцааны анхны үнэ нь 27 хувийн алдагдалтай байгаа.

Энэ үзүүлэлт Uber-ийн анхны төсөөлж байсан $100 тэрбумын зах зээлийн үнэлгээнд муугаар нөлөөлсөн юм. Үүнээс гадна тус компани байгуулагдсан цагаасаа хойш ашигтай ажиллаагүй нь хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж байна.

Өнөөдөр Uber 180 сая ширхэг хувьцааг нэмж гаргаснаа зарж эхлэх бол одоогийн хувь эзэмшигчид нь мөн эзэмшиж буй хувьцаанаасаа зарах гэж байна. Тэдний дотор үүсгэн байгуулагчдын нэг Травис Каланикаас эхлээд хамгийн том хувь эзэмшигч Саудын Арабын оролцоотой Softbank Vision Fund сан байна.

Тэд нийтдээ 27 сая хувьцаагаа зарж, $1.27 тэрбумыг олох гэж байгаа юм. Өнөөдөр Uber компани дэлхий даяар 700 орчим хотод үйлчилгээгээ явуулж байна. 2018 оны сүүлээр такси болон хоол хүргэлтийн үйлчилгээг нь нийт 91 сая хүн нэг сарын хугацаанд хэрэглэдэг болжээ.

2018 онд Uber орлогоо өмнөх оноос 40 гаруй хувь өсгөж, $11.3 тэрбумд хүргэсэн ч $1.8 тэрбумын алдагдалтай ажилласан юм.

 

Эх сурвалж: The Guardian