Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстанд өчигдөр тэмцэгчдийг баривчилж, вэбсайтуудыг хаажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Ялалтын баярын өдөр Казахстан даяар хэд хэдэн тэмцэгчийг баривчилж, вэбсайтууд, сошиал сүлжээнүүдийг хаажээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр энэ өдөр нийслэл Нур-султанд хамгийн багадаа нэг тэрс үзэлтнийг баривчилсан бол Алматы зэрэг бусад том хотуудад хэд хэдэн хүнийг баривчлан саатуулсан байна.

Үүнээс гадна Казахстаны мэдээллийн вэб сайтууд болон гол сошиал сүлжээнүүд хандалтгүй болоод байсан бол өнгөрсөн шөнөөс эхлэн хэвийн ажиллажээ.

Хэд хоногийн өмнө Казахын эрх баригчдыг шүүмжлэгч, одоо Францад амьдарч байгаа банкир асан Мухтар Аблязов интернэт сүлжээгээр Ялалтын баярын өдөр эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэхийг иргэдэд уриалаад байсан юм.

Үүний дараа Казахстаны ерөнхий прокурорын газар Ялалтын баярын өдөр янз бүрийн хууль бус арга хэмжээнд оролцохгүй байх, оролцсон тохиолдолд хатуу шийтгэл оноохыг иргэдэд анхааруулаад байжээ.

Өчигдөр тус улсын гол мэдээллийн сайтууд болох vlast.kz, holanews.kz, informburo.kz, exclusive.kz, time.kz, village.kz, lada.kz ажиллаагүй бол Facebook, YouTube, Telegram сүлжээнүүдэд холбогдох боломжгүй болсон байна.

Казахстаны засгийн газар онлайн мэдээллийн сувгуудыг хаасан явдалд ямар нэг тайлбар өгөөгүй юм. Өнгөрсөн гуравдугаар сард тус улсыг урт хугацаанд удирдсан 78 настай Нурсултан Назарбаев ерөнхийлөгчийн суудлаасаа бууж, зургаадугаар сарын 9-ний өдөр ээлжит бус сонгууль явуулахаар зарлаад байгаа.

Казахстан даяар ирэх сонгуулийг нээлттэй, чөлөөт өрсөлдөөнтэй явуулахыг шаардсан иргэдийн хөдөлгөөн идэвхжээд байна. 1991 онд Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнээс гарсан цагаас хойш тус улсад явагдсан бүх сонгуулийг чөлөөт, нээлттэй сонгуульд тооцдоггүй.

Одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн болсон Назарбаев ирэх сонгуулиар өөрийн залгамжлагчийг томилох нь тодорхой болоод байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty