Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүкийг өсөн дэвжихэд Зукербэргт бэлэглэсэн Infiniti машин нөлөөлжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Марк Зукербэрг, Питер Тиел нар

Фэйсбүүк компанийг анх үүсгэн байгуулалцаж байсан хүмүүсийн нэг Крис Хьюз дэлхийн хамгийн том сошиал сүлжээг хэрхэн аврах талаар бичсэн өгүүлэлээ “New York Times” сонинд өчигдөр нийтлүүлжээ.

Тэрээр нүсэр, монополь статустай болоод байгаа Фэйсбүүк компанийг Фэйсбүүк, Инстаграм, WhatsApp үйлчилгээнүүдээр нь гурав хувааж ажиллуулахыг санал болгосон юм.

Ингэхдээ Хьюз өнөөдөр хоёр тэрбум орчим хэрэглэгчтэй болоод байгаа Фэйсбүүк сүлжээг үүсгэн байгуулж байх үеийн зарим түүхийг дурссан байна.

Эдгээрийн дотор Марк Зукербэргт нэрт хөрөнгө оруулагч Питер Тиел шинэ машин бэлэглэж байсан түүх багтжээ. 2005 онд компаниа дөнгөж байгуулаад байсан Марк хуучирч муудсан Jeep машинаар ажлаа амжуулдаг байжээ.

Гэтэл Фэйсбүүкт анх итгэж хөрөнгө оруулсан Питер Тиел түүнд цоо шинэ Infiniti SUV загварын автомашин бэлэглэсэн байна. Шинэ машины жолооны ард суусан Марк Зукербэрг “бид алдах эрхгүй боллоо” хэмээн ярьж байсныг тэр дурсжээ.

Энэ үйл явдал Зукербэргийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж, тэр цагаас хойш Фэйсбүүк компанийг богино хугацаанд өсөж хөгжихөд хүргэсэн гэж Хьюз дүгнэж бичжээ. Өнөөдөр Фэйсбүүк компани 38,000 ажилтантай, жилийн орлого нь $56 тэрбумд хүрч, зах зээлийн үнэлгээ нь хагас их наяд ам.долларыг даваад байгаа юм.

Крис Хьюз цааш нь бичихдээ 2018 он Фэйсбүүкийн хувьд гамшгийн жил байсан гээд компани өөрчлөгдөх цаг болсныг онцолсон байна. Ингэхдээ Зукербэрг хуучин Jeep машинаа сольсон шиг Фэйсбүүк компанийн хувьд шинэ эргэлт хийх цаг ирснийг тэр сануулсан юм.

 

Эх сурвалж: Business Insider