Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ханхүүгийн хүүхдийг шимпанзетэй зүйрлэсэн BBC-гийн сэтгүүлч ажлаасаа халагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Британий ханхүү Харри, түүний гэргий Меган нар өнгөрсөн Даваа гарагт хүүтэй болсон билээ. Эцэг эх нь Арчи гэж нэрлэсэн энэ хүү Британий язгууртнуудын удамд Африк ген нэмж байгаагаараа онцлог.

Учир нь түүний эх АНУ-ын иргэн, жүжигчин Меган Мэркл нь өнгөт арьстан эмэгтэй юм.

Өчигдөр BBC радиогийн хөтлөгч Дэнни Бэйкер твиттер хуудсандаа шимпанзе мичний зургийг “Royal baby leaves hospital” (Язгууртан удмын хүүхэд эмнэлгээс гарлаа) гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байна. Тэрээр удалгүй энэ зургаа устгасан ч сошиал сүлжээнд хуулбар нь тарсан юм.

Одоо 61 настай Бэйкер BBC радио сувгийн Бямба гарагийн өглөөний шоуг хөтөлдөг. BBC сувгийн захиргаа удалгүй Бэйкерийг ажлаас халж байгаагаа зарлажээ.

“Дэнни бол авьяаслаг хөтлөгч, гэхдээ тэр цаашид манай шоунд ажиллахгүй” гээд түүний тараасан зургийн агуулга нь BBC-гийн үнэт зүйлтэй нийцэхгүй гэдгийг мэдэгдсэн байна.

Дэнни Бэйкер твиттер хуудсандаа бухимдсан иргэдээс уучлал гуйж, өөрийн хийсэн үйлдлийг “бодлогогүй, тэнэглэл” байсныг хүлээн зөвшөөрчээ.

Бэйкер нь өөрийн хөтөлдөг BBC радио сувгийн “Saturday Morning” шоугаараа хэд хэдэн удаа шагнал хүртэж байсан, хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй мэргэжилтэн юм.

Гэхдээ тэр маргаан, шүүмжлэл дагуулсан агуулгатай зүйл ярьсныхаа төлөө өмнө нь хоёр ч удаа BBC сувгаас гарч байжээ. Бэйкер гурав дахь удаагаа BBC-гээс явж байгаа нь энэ юм.

 

Эх сурвалж: BBC