Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ши Жиньпинээс “гоё захиа” авсан Трамп худалдааны дайн дуусаж магадгүйг хэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Ши Жиньпинээс “гоё захиа” хүлээж авсны дараа Америк-Хятадын худалдааны маргаан шийдэгдэх магадлалтай болсныг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

Өчигдөр Хятадын ерөнхий сайдын орлогч, тус улсын эдийн засгийн гол архитектор гэгддэг Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид Вашингтон хотод ирж, хоёр орны хоорондын худалдааны яриа хэлэлцээрийн 11 дэх ээлжийг эхлүүлсэн юм.

Хэдхэн хоногийн өмнө Дональд Трамп Хятадын $200 тэрбумын импортын бараанд татвар нэмж оноох шийдвэр гаргасныг твиттер хуудсандаа зарлаж байв.

Хятадын тал хэлэлцээрийн явцад зарим тохиролцооноосоо буцаж эхэлсэн тул ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болсноо тэр тайлбарлаж байжээ.

Харин өчигдөр хэлэхдээ Трамп өөрийнх нь шийдвэр хоёр орны худалдааны хэлэлцээрийг түргэсгэхэд чухал нөлөө үзүүлснийг хэлсэн байна.

“Бид тохиролцоонд хүрэхэд тун ойрхон болоод байтал тэд зарим амлалтаасаа буцаж, дахин хэлэлцэх санал гаргаж эхэлсэн” гэж Трамп тайлбарласан юм.

Тэдгээрийн нэг нь оюуны өмчийн хамгаалалтын асуудал байжээ.

“Саяхан би ерөнхийлөгч Ши Жиньпинээс маш гоё захидал хүлээж авлаа. Тэр ‘хамтарч ажиллаад үзье, ямар үр дүнд хүрэхийг харцгаая’ гэсэн байна. Надад Ши ерөнхийлөгч маш их таалагддаг. Тэр бол миний сайн найз. Гэхдээ би АНУ-ыг, тэр Хятадыг төлөөлж байгаа тул бидний ажилд хувь хүмүүсийн харилцаа нөлөөлөх ёсгүй” гэж Трамп ярьсан юм.

Дональд Трампын Ням гарагт зарласан Хятадын импортын бараанд нэмэлт татвар оноох шийдвэр дэлхий нийтийг доргиож, энэ долоо хоногийн турш Америк, Азийн хөрөнгийн зах зээлүүдэд сөрөг нөлөө үзүүлээд байв.

 

Эх сурвалж: South China Morning Post