Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Сицилийн НЭГ еврогийн сууцнуудыг худалдаж авахаар гадаадын иргэд уралдаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Италийн өмнөд хэсгийн эзгүйрсэн тосгоны хоосон сууцнуудыг нэг еврогийн үнээс эхлэн дуудлага худалдаагаар зарах шийдвэрийг нэгдүгээр сард гаргаж байв.

Сицили арлын Самбука тосгоны дэд захирагч Жюзеппе Качиоппо “Илүү үнэ хэлэх худалдан авагч олдохгүй бол амины сууцнуудыг нэг еврогоор зарна” хэмээн тухайн үед мэдэгдэж байжээ.

Гэтэл дуудлага худалдааны зар дэлхийн олон орны иргэдийн анхаарлыг татаж, маргааш нь Британи, Эмират, Панам, Оросоос хэдэн зуун хүн Самбука тосгонд ирцгээсэн байна.

Тосгоны захиргааны утасны хонх зогсолтгүй дуугарч, 100,000 шахуу имэйл иржээ. Палермогоос цаг орчим хугацаанд аялж хүрэх зайтай, үзэсгэлэнт байгаль дунд орших Самбука тосгоны 16 амины орон сууц дуудлага худалдаагаар эзэнтэй болсныг тосгоны захиргаа өчигдөр зарласан байна.

Эдгээр сууцнуудыг 1,000-25,000 еврогийн хооронд үнээр заржээ. Шинэ эзэд нь Британи, Орос, Чили, Израйлиас тодорсон байна.

Үүнээс гадна дуудлага худалдаанаас гадуур 50 ширхэг хаусыг гадаадын иргэд эзэдтэй нь үнэ тохирон худалдаж авсныг тосгоны захиргаа мэдээлжээ.

Тосгоноо эзэнтэй болгох төсөл нь санаанд оромгүй амжилттай болж, нэг сая орчим еврогийн орлого оруулсныг Качиоппо мэдэгдсэн байна.

“Энэ бол манайх шиг жижиг тосгоны хувьд асар том хөрөнгө оруулалт” гэж тэр ярьжээ.

Нэгэн үе 9,000 орчим оршин суугчтай, амьдрал буцалж байсан Самбука тосгон одоо 5,000 орчим хүнтэй болоод байгаа юм. Хөдөө аж ахуйн салбарт автоматжуулалт нэвтэрснээр 1960-аад оноос тариачид ажилгүй болж, тосгоноо орхин явах болжээ.

Мөн 1968 оны нэгдүгээр сард Сицилийн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Самбука тосгонд ихээхэн хохирол учирч, олон айлууд тосгоноо орхин явахад хүрсэн юм.

Оршин суугчид нь хөгжил дагаж Италийн умард бүс нутгууд руу нүүх болсноор Сицили арлын олон хот тосгонд Самбука шиг эзгүйрэх аюул тулгараад байна.

 

Эх сурвалж: The Guardian