Иргэн Ц.Чинбат биеийн жингээсээ болж ялгаварлан гадуурхагдаж, “Оюу толгой”-д ажилд орж чадаагүй бөгөөд тус компанийг шүүхэд өгсөн талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тэрбээр таван шатны шүүх хурлыг давж, маргааш эцсийн шатны шүүх хуралдаа оролцохоор зэхэж байгаа аж. Ц.Чинбаттай ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр сурсан мэдсэн зүйлсээ цаашид эрх нь зөрчигдөж байгаа иргэдийг хамгаалахад зориулна гэдгээ хэллээ.
-“Оюу толгой” компанийг шүүхэд өгсөн гомдлыг тань маргааш Дээд шүүхээр хэлэлцэж, эцсийн шатны шийдвэрийг гаргах юм байна. Хоёр жил үргэлжилсэн таны маргаан хэдэн шатны шүүх хурлаар орчихов?
-2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд анхан шатны шүүх хурал болсноос хойш таван шатны шүүх дамжсан. Анхан болон давж заалдах шатны шүүх хурлаар миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгч илт буруу шийдвэр гаргасан. Тухайн үед би шүүх тогтолцоонд эргэлзсэн.
Харин 2018 оны тавдугаар сарын дундуур болсон Дээд шатны шүүх хуралдаан дээр үнэхээр мундаг шүүгч нар тэнд ажилладгийг би харсан. Тэр хурал дээр “Оюу толгой” шүүгчийн асуулт бүрт унасан. Ингээд намайг ялгаварлан гадуурхсан байх магадлалтай, анхан шатны шүүгч хуулийг буруу ашигласан, нягтлаагүй гэх мэтээр дүгнээд хэргийг Анхан шатны шүүхэд буцаасан.
Ингээд анхан шатны шүүх хурал дахин хуралдаж, миний нэхэмжлэлийг 100% ханган шийдвэрлээд зогсохгүй намайг “Оюу толгой”-д анх өрсөлдсөн ажлын байранд маань томилсон. Давж заалдах шатны шүүх мөн л уг шийдвэрийг хэвээр үлдээсэн. Маргааш эцсийн шийдвэрийг Дээд шүүх гаргана.
-Анх яагаад та “Оюу толгой” компанийг шүүхэд өгөх болсон талаараа товч ярихгүй юу? Таныг тарган байна гээд л ажилд аваагүй хэрэг үү?
-Анх “Оюу толгой” компани Аюулгүй ажиллагааны сургагч хэмээн ажлын байр нээлттэй зарласан. Гол гүйцэтгэх үүрэг нь энэ талаар видео, зурган мэдээлэл бэлтгэх гэх мэт заасан байсан нь миний ажилд тохирч байсан тул гэр бүлтэйгээ яриад өргөдөл өгөхөөр шийдсэн. Манай эхнэр тус компанид ажилладаг юм.
Хамгийн гол нь хүнд ажлаасаа авах сэтгэл ханамж гэж чухал зүйл байдаг. Миний хувьд өөрийн сурсан мэдсэн зүйлээ ашиглан хүмүүсийг аюулгүй ажиллахад нь тусална гэдэг нь гоё санагдсан. Түүнээс гадна би уурхайчин гэр бүлээс гаралтай. Аав маань Налайхын уурхайн төмөр замыг анх барьсан, уурхайн даргаар ч ажиллаж байсан бол ээж минь Монголд анх бэлтгэсэн тэсэлгээний инженер. Тиймээс уурхайд ямар нөхцөлд ажилладгийг сайн мэдэхийн хувьд, тавьсан шаардлагуудыг нь бүрэн хангана гэдэгтээ итгэлтэй байсан тул өргөдлөө өгсөн.
Ингээд таван шатны шалгалтаар орж, 96 хүнтэй өрсөлдөөд шалгарсан. Ингээд намайг ажилд авахаар боллоо, эрүүл мэндийн үзлэгт орчихоод холбогдох бичиг баримтаа аваад ирээрэй гэсний дагуу би “Сос медикал” эмнэлэгт очсоноор хамаг асуудал үүссэн.
-Тэгвэл таныг биеийн жингийн нөхцөл байдлын талаар “Оюу толгой”-нхон ажилд авах шийдвэр гаргахаасаа өмнө мэдэж байсан гэсэн үг үү?
-Би яг л энэ байгаагаараа л очиж материалаа өгч, ярилцлага, бусад шатны шалгаруулалтад орсон. Хамгийн сүүлд сэдвийн хүрээнд даалгавар өгснийг нь гүйцэтгээд аваачиж өгсний дараа “Та тэнцлээ. Таныг ажилд авахаар шийдвэрлэсэн” гэж хэлсэн. Ажлын ярилцлага ч маш дулаан уур амьсгалд болж өнгөрсөн. Тухайн үед хэн нь ч “Оюу толгой” тэдэн кг жинтэй хүн ажилд авдаг гэсэн шалгуурын талаар хэлээгүй. Гэтэл үзлэгт орох гээд очсон эмч Д.Долгорсүрэн 110 кг-аас дээш жинтэй хүн авдаггүй гэдгийг анх хэлсэн.
-Таны жин түүнээс хэр их байсан бэ? Зөвхөн жингээс болсон уу, эсвэл эрүүл мэндийн бусад шалтгаан мөн нөлөөлсөн үү?
-Миний жин 125 кг байсан. Би үнэхээр тийм шаардлага байдаг бол би гурван сарын дотор 15 кг хасъя гэж эмчдээ ам өгсөн. Эмч надаас биеийн тамирын дасгал хөдөлгөөний тест авсан. Гэдэсний таталт, гар дээр суниалт, сууж босох гэх мэт. Бүгдийг нь 100% гүйцэтгэсэн. Бусад бүх шинжилгээ хэвийн гарч, эмч нь “Бүх шинжилгээ хэвийн, ямар нэгэн хууч өвчингүй, чихрийн шижин байхгүй, хлостерин байхгүй” гэгчлэн хэлээд бичгүүдийг “Оюу толгой” руу явуулна гээд үлдсэн.
-Бүх хүнийг тэгж дасгал хийлгэж авдаг уу?
-Манай эхнэр л лав тийм дасгал мэдэхгүй байсан. Мөн сүүлд шүүх хурал дээр сонссоноор нэг минутад авдаг сорилыг надаар гурван минут гүйцэтгүүлсэн байсан. Би багаасаа сагс тоглодог байсан тул тэр дасгалуудыг хийхэд ямар ч асуудал байгаагүй.
Ингээд долоо хоногтоо багтан залгаж, гэрээ хийнэ гэсэн “Оюу толгой” дахиж яриагүй. Тиймээс би дараагийнх нь долоо хоногт эмч дээрээ очиж лавлатал “Эрүүл мэндийн шалтгаанаас болоод таныг тэнцүүлээгүй” гэж хэлсэн. Түүнчлэн 110 кг гээд надад үзүүлж байсан жингийн шаардлага нь 100 кг юм байна гэж хэлсэн.
Анх удаа ийм зүйлтэй тулгарсан учраас би гүн шоконд орж, гэртээ хэд хоносны дараа холбогдох байгууллагуудаар явж судалсан. Хүний эрхийн үндэсний комисс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэх мэт. Бүгд тийм зүйл байдаггүй, бичгээр өргөдлөө өгөөд албан ёсны хариу авч болно гэсэн. Ингээд өргөдлөө өгөхөд хариунууд нь хүнийг жингээр нь ажилд шалгаж авдаггүй бөгөөд ялгаварлан гадуурхсан болохыг нотолсон.
Тиймээс ч би эрхээ хамгаалахын тулд шүүхэд хандсан.
-”Оюу толгой”-оос тань руу эргэж яриагүй хэрэг үү?
-Огт яриагүй. Харин МХЕГ-т учраа хэлээд очиход тухайн албан тушаалтан “Оюу толгой”-д шалгалтаар ажилласан хүн байж таараад шууд холбогдож намайг хэлснийхээ дараа “Мөнх-Оргил гээд Хүний нөөцийн менежертэй нь очоод уулз” гэж холбож өгсөн. Тэгээд очоод уулзтал шийдтэй зүйл хэлээгүй, судалж байгаа эргээд хариу хэлнэ гэх мэт уулзсан болоод л дууссан. Дараа нь утсаар надад “Та тэнцэхээргүй боллоо, таныг авах боломжгүй байна” гэсэн хариу өгсөн. Шалтгааныг нь асуухад “Эрүүл мэндээс болоод болилоо. Өөр дэлгэрэнгүй хариулт өгөх боломжгүй” гэсэн.
Ингээд хэвийн нөхцөлтэй оффисын ажлын байранд, бүх шинжилгээ нь эрүүл, дасгал хөдөлгөөний тестээ ямар нэгэн асуудалгүй хийж гүйцэтгэсэн, 96 хүнтэй өрсөлдөж шалгарсан намайг “Эрүүл мэндийн шалтгаан”-аар хэмээн ялгаварлан гадуурхаж, шийдвэрээсээ хууль бусаар татгалзсан.
“Сос медикал”-ын эмч “Оюу толгой”-оос намайг битгий тэнцүүлээрэй гэсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа.
-Таныг шүүхэд хандахаа илэрхийлэхэд хэн нэгэн өөр холбогдох албан тушаалтан таньтай уулзаагүй юу?
-Би ХЭҮК, МХЕГ-аас албан хариугаа авсныхаа дараа “Энэ бол ялгаварлан гадуурхалт гэдэг нь тогтоогдчихлоо. Та бүхэн үнэхээр энэ ялгаварлан гадуурхалтаа зогсоохгүй бол би суулт зарлана” хэмээн мэдэгдэж, бичиг өгсөн. Тэгэхэд Хүний нөөцийн ерөнхий менежер Майкл Гавин гэдэг хүн бичиг ирүүлсэн.
Үүнийх нь дагуу би 20 хоног хүлээгээд ямар нэгэн хариу ирээгүй тул 2017 оны наймдугаар сарын 21-ний өдөр А4 цаасан дээр “Ялгаварлан гадуурхалтаа зогсоо” гэж бичээд 21 минут зогссон. Тэр үед нэг залуу гарч ирээд “Тантай манай Хүний нөөцийн менежер уулзъя гэж байна, та уулзах уу” гэхээр нь уулзъя гэсэн. Ингээд Майкл Гавинтэй танилцсан. Маш том биетэй, рэгби тоглодог байсан гэж өөрийгөө танилцуулсан.
Ингээд надтай уулзаад шууд уучлалт гуйгаад “Та анх шууд над руу хандах ёстой байсан. Таныг ямар ч нөхцөлд ажилд авна. Гэхдээ та дахиад эрүүл мэндийн шинжилгээ өгчих. Шинжилгээ эерэг ч бай, сөрөг ч бай тухайн нөхцөлд дүйцсэн ажлын байранд оруулна” гэсэн. Хүний нөөцийн дарга нь уулзаж байхад би итгэсэн. Бараг хоёр цаг ярилцсан. Дараагийн уулзалтаа долоо хоногийн дараа товлосон бөгөөд намайг хүсэлтээ бичээд өг гэсэн. Би ч ажилд орохыг хүсэж байгаагаа, гурван сар алдсан хугацааныхаа цалин орлогыг нөхөж авахыг хүсэж байгаа зэрэг цөөхөн санал хүсэлтээ бичээд өгсөн.
-Ингээд бас таг болчихсон уу, эсвэл ямар нэгэн хариу ирсэн үү?
-Нэлээн хугацааны дараа Майкл Гавинаас и-мэйл ирсэн. “Таны асуудлыг мартаагүй, бид судалж байна. Ямар нэгэн гаргалгаа олох болно. Олдохгүй бол ямар алхам хийхээ уулзаад шийдье. Уулзалтыг жичид нь товлъё” гэсэн агуулгатай. Энэ бол албан ёсны и-мэйл бөгөөд ажилд авна гэж хэлснийх нь баталгаа байв.
Би ч ажилд орно гээд их итгэлтэй, ерөнхийдөө бэлтгэлээ базаагаад гэртээ байж байтал есдүгээр сарын дундуур мессеж ирсэн. “Уучлаарай таныг ажилд авахаа больчихлоо, та хууль шүүхийн байгууллагадаа хандана уу” гэж. Тохуурхаж байгаа биз?
Ингээд би аравдугаар сар гартал 20-оод хоног суулт зарласан. Эхний долоо хоногт нь өлсгөлөн зарласан. Өлсгөлөнг тэгж зарладаггүй л юм билээ л дээ. Энэ явцдаа Монголд байгуллагууд үнэхээр уялдаа холбоо сул, хэн нь юугаа хариуцаж байгаа нь мэдэгдэхгүй, нааш цааш их явуулдаг, чирэгдэлтэй, нэг бичгийн хариу сарын дараа ирдэг зэрэг хүндрэлүүдийг олж мэдсэн.
-Таны энэ тэмцэл хэр үр дүнтэй байсан гэж та үзэж байна вэ? Зарим хүн таныг “Оюу толгой”-г шантаажилж мөнгө авах гэсэх хүмүүсийн нэг, зарим нь ямар ч мэргэжилгүй байж ажилд орох гэлээ гэх мэтээр ярьж байсан.
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд би ажил төрөл хийж чадаагүй, орлогын эх үүсвэр алдагдсан, эцэг хүн, өрхийн тэргүүнийхээ үүргийг гүйцэтгэж чадаагүй.
Гэхдээ би зөв зүйлийн төлөө явж байгаа. Яагаад гэвэл би том биетэй. Багын л том биетэй байсан. Манай эхнэр ч гэсэн бага зэрэг мяраалаг. Бид хоёр хүүхэдтэй. Миний хүү ирээдүйд надаас том биетэй болж болно. Гэтэл хүү минь ирээдүйд яг ийм ялгаварлан гадуурхалтад өртвөл тэр үед би юу гэж хэлэх вэ? Уучлаарай аав нь ийм зүйлийн төлөө тэмцэж чадаагүй гэж хэлэх үү? Эсвэл ялгаварлан гадуурхалтыг хүлээн зөвшөөрөөд сууж байх уу?
АНУ-д жилийн өмнө “Стар бакс”-ын нэг салбарт кофе авалгүй удаан суусан өнгөт арьст хоёр эмэгтэйг ажилтан нь гарахыг шаардсанаас үүдэн тус компанийн удирдлагууд уучлалт гуйж, 10 гаруй мянган сүлжээгээ бүгдийг нь хаагаад гурван цагийн турш хүний эрхийн талаар хичээл заасан. Гэтэл Монголд яагаад хүнийг ур чадвараар нь ажилд авахын оронд гаднах төрх байдлаар нь гадуурхаж болоод байна вэ? “Оюу толгой” компанийн пэйж хуудсаар ороход л надаас том биетэй хүмүүс ажилладгийг харж болно. Энэ бол барьцаж байгаа хэрэг огт биш. Монголд ийм ялгаварлан гадуурхалт байж болохгүй.
Мэргэжлийн тухайд би дунд сургуульд байхаасаа л “МН 25-р суваг” телевизэд ажиллаж, дараа нь “Лемон” студи, “ТВ-9” телевизэд ажилласан, нэг уран сайхны кино, 300 гаруй клип хийсэн. Хамт ажиллаж байсан нөхөд маань намайг ажилдаа хэрхэн хандаж, хэрхэн гүйцэтгэдэг, ямар тууштай болохыг мэднэ. Мэргэжлийн дипломтой 96 хүнтэй өрсөлдөөд шалгарсан нь миний чадварыг илтгэх байх. Хэрэв “Оюу толгой” таван шатны шалгаруулалтын эхний шалгаруулалтуудын үеэр жингийн талаарх шаардлагаа хэлээд ажиллуулах боломжгүй гэсэн бол хамаагүй. “Та шалгарсан, таныг авахаар боллоо” гэж хоёр ч удаа надад найдлага төрүүлчихээд ингэж тохуурхаж болохгүй.
-Хэрэв шүүх хуралд ялбал та “Оюу толгой”-д ажиллах боломжтой болох байх. Гэхдээ танд тэр компанид энэ бүхний дараа ажиллах сонирхол төрөх үү?
-Миний зөв байсныг хүн болгонд харуулмаар байна. Бас би юу хийж чаддагаа хөдөлмөрөөрөө харуулмаар байна.
Яагаад гэвэл би өнгөрсөн хугацаанд маш их зүйлээ алдсан. Ажилд орох нь тодорхой болсон тул өмнөх ажлаасаа гарч, эхлүүлсэн байсан төслүүдээ цуцалсан. Гэр бүлд маань зөрчил маргаан үүссэн. Хамгийн гол нь нөхөх боломжгүй цаг хугацаа, боломжоо алдсан. Алдагдсан тэр боломжуудыг нөхөх аргагүй.
Ийм нөхцөлд хүн зөвхөн өөрөө биш, гэр бүл, үр хүүхэд, тойрон хүрээлэгчид нь бүгд ялгаварлан гадуурхалтад өртдөг юм байна. “Оюу толгой”-г би олон улсын жишиг, хариуцлагатай, өндөр соёлтой том компани арай ч ийм хандлага гаргана гэж бодоогүй. Одоо надад үнэнээс өөр зэвсэг алга.
-Ийм хэрэг өмнө нь гарч байгаагүй байх. Өмгөөлөхөд ч амаргүй байж болох юм.
-Ямар ч хуульч миний энэ тохиолдлыг маш сонирхолтой бөгөөд өмнө нь Монголд гарч байгаагүй хэрэг гэдэг. Хуульч О.Мөнхсайхан энэ талаар хичээл дээрээ жишээ болгон ярьдаг тухайгаа танилцсаныхаа дараа хэлж байсан. Энэ бол орчин үеийн Монгол Улсад байж боломжгүй хэрэг гэдгийг мөн хэлж байсан.
“Үг хэлэх эрх чөлөө” гээд өнгөрсөн жил болсон олон улсын хурлыг би зохион байгуулалцсан. Тэр хуралд оролцохоор ирсэн БНСУ-ын ХЭҮК-ын дарга нь байсан хүн миний тухай сонсоод маш их гайхсан. Хэрэв би шүүх дээр ялбал эрхээ зөрчүүлж байгаа олон хүн урам зориг авч, дараа дараачдаа сургамж болно.
Би ч гэсэн цаашдынхаа ажил, цаг зав, сурсан мэдсэн бүхнээ хүний эрхийн төлөө тэмцэлд зориулна. Өөр шигээ эрхээ зөрчүүлж, ялгаварлуулж байгаа хүмүүст тусалж дэмжихийг хичээнэ. Туршлагадаа тулгуурлан “Иргэн биш иргэд, боолчлогдсон эзэд” гэсэн ном бичих гээд оролдож байна.
Хэдийгээр надад хэчнээн хэцүү, зовлонтой байсан ч би ирээдүйд хүнд хэлэх юмтай үлдэх ёстой. Хүүхдүүдийнхээ төлөө, дараа дараагийн хүмүүсийн эрх нь зөрчигдөхгүй байхын төлөө тэмцэх ёстой л гэж үзсэн.
Азаар надад сайн өмгөөлөгчид таарсан. Эхний хоёр шатны шүүх хуралд Золзаяа, Соёлоо гээд хоёр өмгөөлөгч ажилласан бол одоо Саруул гээд өмгөөлөгч ажиллаж байна. Сургуулиа төгсөөд магистраа Германд хамгаалчихсан хэдий ч нэг ч шүүх хуралд орж үзээгүй байсан. Миний хэрэг дээр бүх цаг зав сэтгэлээ зориулан ажиллаж байгаад талархаж байгаагаа хэлмээр байна. Монголд чадварлагч шүүгч, өмгөөлөгч олон байдаг юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!