Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөвсгөл нуур орчмын 55 жуулчны баазаар жилд 100,000 хүн үйлчлүүлдэг. Үүний 16,000 орчим нь гадаадын иргэн"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн” өнөөдөр боллоо.

Тус зөвлөгөөний үеэр Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт аялал жуулчлал эрхлэлтийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлуудын талаар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Даваабаяраас тодрууллаа.

Хөвсгөлийн жуулчны баазууд нүхэн жорлонгоо дарж, туршилтын эко жорлон ажиллуулж байгаа
 
гэрэл зургийг MPA.mn

- Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт одоогийн байдлаар хэчнээн аялал жуулчлал эрхэлдэг аж ахуйн нэгжүүд байна вэ?

БОАЖЯ-наас тусгай зөвшөөрөл авсан 118 аж ахуйн нэгж, иргэн бий. Үүнээс 55 нь үйл ажиллагаагаа явуулж байна. Харин 28 нь жуулчны баазаа барьж байгуулах шатанд, үлдсэн нь газраа авчихсан үйл ажиллагаагаа эрхлээгүй явж байна. 

- Жилд тус газрыг зорьдог жуулчдын тоо ямар байна вэ?

- 2010 оноос хойш Хөвсгөлийг зорих жуулчдын тоо жил бүр нэг дахин өсөлттэй гарч байна. 2018 оны статистик мэдээнээс харахад тасалбар авсан хүний тоо 100 мянга байсан. Харин 15-16 мянган гадаад жуулчин тогтмол ирж байна. Тоо нь өсөөгүй, буураагүй. 


Хөвсгөлийн БЦГ-ын дотоодын жуулчдын тоо:

- Тус газрын одоогийн нөхцөл байдал ямар байна. Аялал жуулчлалын улирал эхлэх гэж байна шүү дээ?

- “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл” хэрэгжээд гурав дахь жилээ явна. Энэ хугацаанд Хөвсгөл нууранд тулгамдаж ирсэн нэлээд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн. Тухайлбал, төслийн хүрээнд болон БОАЖ-ын сайдын А73 тоот тушаалын хүрээнд Хөвсгөл нуурын хажууд аялал жуулчлал эрхэлж буй жуулчны баазууд нүхэн жорлонгоо дарж, туршилтын эко жорлон ажиллуулж байгаа юм. Үр дүн нь сайн харагдаж байгаа. 

Мөн сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг цэгцлэх ажлыг ихээр зохион байгуулж байгаа төдийгүй үүний нэг жишээ нь аялал жуулчлалаар ирж буй хүмүүсийн ёс зүйн дүрэм гэж гаргасан явдал юм.

-Зуны улиралд ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

- Бөөгийн тахилгыг зургаадугаар сард, цаатан фестиваль, улсын баяр наадам, Даян дэлхийн цом “шагайн харваа” тэмцээнийг долоодугаар сард, сарлагийн баярыг наймдугаар сард, жуулчны баазуудын намрын хаалтын арга хэмжээг наймдугаар сард тус тус зохион байгуулдаг.

- Цаашид Хөвсгөл нууртай холбоотойгоор ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа бол?

- Хөвсгөл нуурыг шим мандлын бүрэлдэхүүнээр дэлхийн өвд бүртгүүлэх, Ханх суманд худалдааны чөлөөт бүс байгуулах, дотоод бүсчлэлийг шинэчлэн байгуулах, байгальд ээлтэй 00 асуудлыг бүрэн шийдвэрлэх зэрэг хийхээр төлөвлөсөн олон ажлууд байна.