Сонгуулийн үеэр Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хэрхэн ажиллах талаар өнөөдөр танилцууллаа.
Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлөөс гаргасан сэтгүүлчдийн дагаж мөрддөг есөн заалт байдаг. Тэгвэл уг заалтад сонгуулийн үеэр хэрхэн ажиллах тухай нэг шинэ заалтыг нэмж оруулан арван заалттай болж байгаа юм.
Энэ талаар Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Сүүлийн үед сошиал медиа гэж яригддаг олон нийтийн сүлжээний талбар улам бүр тэлж, иргэдийн мэдээлэл хүлээн авах сувгийн нэг болоод байна.
Тэр утгаараа иргэдийн зүгээс баримттай бодит үнэн мэдээллийг хүсэн хүлээдэг болжээ. 2020 оны зургаадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болно. Энэ үеэр сонгуулийн кампанит ажил болон мэргэжлийн сэтгүүл зүйд ээлжит сорилт болж, өндөр шаардлага тавигддаг цаг хугацаа байдаг.
Сүүлийн сонгуулиудын сурталчилгааны кампанит ажлын мониторингийг хийсэн ажиглагчид хэлэхдээ хэвлэлийн зах зээлийн зарим тоглогчид ёс зүйгээ баримтлахыг гол чигээ болгохгүй байгааг тэмдэглэн хэлсэн. Сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг баримтлах нь сэтгүүлчийн байнга санаж, мөрдөж байх алтан дүрэм юм. Энэ дүрэм ямар ч нөхцөлд, тэр тусмаа сонгуулийн кампанит ажлын үеэр ажиглагддаг мэдээллийн ширүүн дайны үед ч гэсэн мөрдөгдөж байх учиртай.
Мэдээлэл түгээж байгаа талбар буюу уламжлалт мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн цахим сүлжээнээс үл хамааран ёс зүйн зарчмууд мөрдөгдөх ёстой гэдгийг бас онцлон хэлмээр байна.
Тийм ч учраас хэвлэл мэдээллийн зөвлөл нь гомдол хүлээж авах, барагдуулах журамдаа сонгуулийн санал хураалт эхлэхийн өмнө сурталчилгаа шувтрах үед гарсан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зохицуулалтыг хийлээ” гэв.
Орон нутгийн хэвлэл, мэдээллийн холбооны ерөнхийлөгч С.Шаравдорж “Сонгуулийн сурталчилгаа шувтрах үед хэвлэл мэдээлэл ёс зүйн алдаатай мэдээлэл тараасан эсэхийг хэрэглэгчид мэдэх эрхтэй учраас шинэ заалтаар ёс зүйн зарчмаа баяжуулж байгаа юм.
Тодруулбал, Шинэ заалтад “Хэвлэл мэдээлэл нь сонгуулийн санал хураалтаас өмнө буруутгагдсан этгээдийг тайлбар хийх боломжгүй хугацаанд нэр дэвшигчийн талаар мэдээлэл түгээхээс зайлсхийнэ” гэсэн зарчим юм. Ингэснээр Монголын сэтгүүлчдийн баримтлах ёс зүйн зарчим 10 заалттай боллоо” хэмээн хэллээ.
Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!