Тамхины хяналтын тухай хуульд 2012 онд нэмэлт өөрчлөлт ороод 2013 оны 3-р сарын 1-ээс хэрэгжиж эхлээд байгаа билээ.
Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш дотоод орчинд тамхи татахгүй болсноор гэр бүлээрээ хоолны газар, ресторанд тамхигүй орчинд цагийг өнгөрүүлэх боломж бий болсон гэж бүх нийтээрээ дэмжиж байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр хэвлэл бага хурлынхаа үеэр хэллээ.
Тэрбээр ерөнхий боловсролын сургуулиас 500 метр зайд тамхин бүтээгдэхүүн зарахыг хориглосноор тамхинд эхлэн ордог нас болох ахлах ангийн сурагчид завсарлагаанаар тамхи татдаг байдал эрс багассаныг ерөнхий боловсролын сургуулиудаас авсан судалгаа харуулж байгааг онцоллоо.
Сумын төвд ч мөн адил энэхүү хуулийн дээрх заалтаас шалтгаалан сумын сурагчдын дундах тамхидалт эрс буурсан гэж хөдөө орон нутгийн иргэд мэдээлж байна.
Л.Эрдэнэчимэг "Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулан гишүүдээс гарын үсэг цуглуулсан бөгөөд энэхүү өөрчлөлтийг УИХ-ын гишүүн миний бие эрс эсэргүүцэж байгаа юм" гэлээ.
О.Баасанхүү гишүүн дараах заалтуудыг өөрчлөхөөр зорьж байгаа юм байна.
Хуулийн 3.1.11 дэх заалтыг “Тамхи татах зөвшөөрөгдсөн цэг” гэж утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэж өгсөн агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгаарласан тасалгаа” г хэлнэ.
Энэхүү өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа учир нь гэвэл ДЭМБ-аас гаргасан Тамхины суурь конвенцид зааснаар Агааржуулалтын тоног төхөөрөмж бүхий тусгай тасалгаа нь хаалга онгойх хаагдах үед гадагш тамхины утаа алдагдсаар байдаг бөгөөд хавь орчиндоо байгаа хүмүүс дам тамхидалтанд үргэлжлүүлэн өртсөөр байдаг тул тамхины хяналтын хуульдаа Дотоод орчинд тамхины цэг байгуулахыг хориглох ёстой гэж үздэг юм.
Харин манай хуулиар тамхи татахыг хориглосон газруудыг зааж өгсөн нь бусад газар тамхи татах нь хориотой биш гэсэн утгатай. Тиймээс задгай газар тамхины цэг бий болгох нь нээлттэй юм.
Хэрэв олон нийтийн хоолны газар, бар, ресторан гадна талбайдаа үнсний сав бүхий хогийн сав байрлуулснаар тамхи татах цэгийг байгуулах эрх нь нээлттэй байгаа.
Албан байгууллагууд, СӨХ гадаад орчиндоо тамхины цэг байгуулах нь нээлттэй байгаа болно.
Хуулийн 6.7.14 дэх заалтын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглоно гэсэн заалтыг 100 метр болгон өөрчлөх
Энэхүү заалтыг эсэргүүцэж байгаа үндэслэл нь сүүлийн 5 жилийн судалгаанаас харахад тамхинд анх орж байгаа нас 13-14 наснаас эхэлж байгаа бөгөөд жил ирэх тусам энэ насны тамхидалт эрс ихсэж байгаа, ихэвчлэн сургуулийн хичээлийн завсарлагаанаар хүүхдүүд бие биедээ тамхи татахыг зааж өгдөг, бага мөнгөнд хамгийн ойрын цэгээс ширхэгээр тамхи худалдан авдаг тул хүүхдүүдийг тамхин бүтээгдэхүүнээс хол байлгах үүднээс 500 метрийн зайд тамхи зарахыг хориглосон.
Хуулийн 8.4 Тамхи үйлдвэрлэгч шууд, эсхүл өөр байгууллагаар дамжуулан нийгмийн хариуцлага нэрийн доор нийгмийн халамжийн байгууллагад санхүүгийн болон эд материалын хандив тусламж үзүүлэхийг хориглоно гэсний “нийгмийн хариуцлага нэрийн доор “ гэсэн өгүүлбэрийг хасах
Энэ заалтыг эсэргүүцэж байгаа үндэслэл нь дэлхий нийтээр тамхины үйлдвэрлэгчид хөгжиж буй орнуудын ядуу буурай иргэд, тэр дундаа хүүхдэ залууст нийгмийн хариуцлагаа биелүүлэх нэрээр хандив тусламж өгдөг, тухайн тусламжийн цаана тамхины далд сурталчилгаа явагдаж байдаг тул “Тамхины суурь конвенци” д зааснаар тамхи үйлдвэрлэгчдийн нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг хориглосон байдаг.
Хуулийн 4.1.1 дэх заалтын “тамхины татварыг тамхины суурь конвенцид заасан түвшинд хүргэх замаар” гэсэн заалтыг хасах
Энэ заалтыг эсэргүүцэх үндэслэл нь Монгол улс нь хамгийн хямдхан тамхин бүтээгдэхүүнтэй улсын тоонд ордог бөгөөд дээрх ковенцид зааснаар жижиглэн худалдааны үнийн 60%тай тэнцэх хэмжээнд онцгой татвар тавих ёстой байдаг. Энэ заалтыг хассанаар тамхи нь хямд үнэтэй байсаар байж, хүүхэд залуус тамхи худалдан авсаар байх болно гэсэн үг юм.
Хуулийн 6.7.15 Баар, цэнгээний газар тамхи худалдах” гэсэн заалтыг хасах
Энэ заалтыг эсэргүүцэх үндэслэл нь баар, цэнгээний газар тамхи худалдаалснаар тамхи худалдан авсан иргэн хууль зөрчин тамхи татахыг өөгшүүлж байгаа гэж үзэж байна.
Тамхины хяналтын тухай хууль батлагдах явцад дээрх шаардлагуудыг УИХ-ын гишүүдээр дамжуулан тамхи үйлдвэрлэгчдийн зүгээс лоббидож байсан бөгөөд өнөөдрийг хүртэл энэ лобби үргэлжилсээр байна.
Хууль батлагдаад нэг жил болоогүй байхад иймэрхүү лоббид автсан гишүүд хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байгаа нь ёс зүйгүй асуудал гэж үзэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!