Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагийн үед ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагч Бибишийн Ундармаа охин алга болжээ. Алга болсон даруйд эцэг эх нь сумын бүх айлуудаар сураглаж яваад 20:00 цагийн орчимд хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн байна. Хэсгийн төлөөлөгч тухайн өдрийн 00:00 цаг хүртэл эрлийн ажиллагаа явуулаад сумын засаг даргад мэдэгдсэн байна.
Улмаар нийслэл болон аймаг орон нутгийн цагдаагийн албан хаагчид хүч нэмэгдүүлж орон нутгийн иргэдтэй хамтарч эрлийн ажиллагааг явуулж байгаа аж. Сумын ойролцоох 10 км-ийн орчимд зургаан удаагийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Гэсэн ч охины сураг өнөөдрийг хүртэл гараагүй байна. Эрлийн ажиллагааг 24 цагаар хүч нэмэгдүүлэн хайж байгаа талаар сумын хэсгийн төлөөлөгч мэдэгдсэн юм.
Охины ээж Б.Цогтдэлгэр “Охиныхоо алга болсныг 19:30 цагийн үед л мэдсэн. Усанд орчихоод л жаахан гадаа тоглоод ирье гээд гарсан. Хөдөө газар нам тайван байдаг болохоор би нэг их тоогоогүй гаргачихсан юм. Сүүлд хоёр жаахан хүүхэдтэй тоглож байгаад л сураггүй болчихлоо. Та бүхэн минь туслаад олонд хүргэж өгөөрэй” гэж хэлсэн юм. Б.Ундармаа охин хоёр хүүхэдтэй айлын бага нь юм байна.
Охины аав Д.Бибиш “Охин алга болдог өдөр хөдөө явж айлын ажил хийсэн л дээ. Ирээд эхнэрээс “Охин хаана байна” гэж асуухад “Арын тоглоомын талбайд тоглож байна, би саяхан харсан" гэсэн юм. Үүнд нь би тайвширчихсан юм. Гараад хайя гэж бодоогүй. Энэ л их буруутлаа. 19:30 цагийн орчимд гарч хайгаад сумын бүх айлуудаар сурагласан ч барааг нь хараагүй” гэж хэлэв.
Охин алга болсон Сэлэнгэ аймгийн Жавхлант сум Дархан-Уул аймгаас 36 км, засмал замаас зургаан км, төмөр замаас 15 км-ийн зайтай их хөлийн газар юм. Хойд бүст нутаглах залгаагүй Жавхлант сум Замын-Үүдээс ялгаагүй хөдөлгөөнтэй газар юм байна.
Туранхайдуу, дэлдэн чихтэй, давхраатай нүдтэй, шаргал үстэй Б.Ундармаа охиныг харсан хүн 99108260 болон Жавхлант сумын хэсгийн төлөөлөгчийн 95919178, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 7036101, 99195263 утсанд мэдээлэл өгөх юм байна.
Тухайн хүүхдийн талаар тодорхой мэдээлэл өгсөн иргэний нууцыг чандлан хадгалах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!