Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татахыг Байнгын хорооны гишүүдийн 80 хувь нь дэмжив

Т.Саран, iKon.mn
2019 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Монгол Улсаас ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн байна. Түүнийг ОХУ-д суух Элчин сайдаар 2015 оны 12 дугаар сард томилж байсан.

Элчин сайд Б.Дэлгэрмаа нь улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон нь хууль зөрчсөн гэж үзжээ. Энэ тухай албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 15-ны өдөр УИХ-д хүргүүлсэн юм.

Уг албан бичигт:

“Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэг хүлээнэ, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж заасан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучин гуравдугаар зүйлийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлж байна” гэжээ.

Энэ талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс асуулт, санал гарсангүй.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татахыг гишүүдийн 80.0 хувь нь дэмжжээ. 
Иймээс энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.