Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Цөмийн “Atomexpo Awards 2019” шалгаруулалтад Монголын төсөл өрсөлдөв

Э.Оджаргал
2019 оны 4 сарын 18
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

- ОХУ-ын Сочи хот, 2019. 04.15-16 -

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Өнөөдөр цөмийн технологи нь анагаах ухааныг хөгжүүлэх, сансар огторгуйг таньж мэдэх, мөсөн туйлыг эзэмшихэд бодит шинэ боломжуудыг олгохын зэрэгцээ нэн гайхалтай материалуудыг бий болгоод зогсохгүй дэлхийн эдийн засгийн эрчим хүчний суурийг бэхжүүлэхэд үнэ цэнтэй хувь нэмэр оруулж байна. “Атомэкспо” нь цөмийн энергийн ашиглалт, үйлдвэрлэлийн бэрхшээл, асуудлыг хэлэлцэх, ажил хэрэгч бизнесийн харилцааг бий болгох чухал талбар болсон” хэмээн мэндчилгээндээ онцолжээ.

Оросын төрийн тэргүүний “Атомэкспо 2019” форумын зочдод зориулсан уг илгээлтийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга, “Росатом” корпорацийн Хяналтын зөвлөлийн дарга С.В.Кириенко уншиж танилцуулсан юм. Төрийн “Росатом” корпорациас 11 дэх жилдээ зохион байгуулсан “Атомэкспо” форумыг албан ёсоор нээж цэвэр технологийг бэлгэдсэн “Ногоон дөрвөлжин” хэмээх цэцэрлэгт хүрээлэнгийн анхны модод суулгах ёслол Сочи хотын Олимпийн хотхонд болсон нь энэ.

“Сайхан амьдралын төлөө цөмийн технологийг хөгжүүлэх нь” уриатай энэ жилийн форумын чуулга, дугуй ширээний 12 уулзалтаар цөмийн энергийг энхийн зориулалтаар эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүчний салбарт ашиглаж буй олон улсын туршлага, чиг хандлага, дэвшилтэд технологи, “ногоон” хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хэлэлцэв.

Энэ үеэр Японы Фукушима, Оросын Чернобылийн АЦС-ын ослоос хойшхи аюулгүй байдал, хүний биеийн хорт хавдар болоод ой санамж алдах(альцгеймер) гэсэн хүнд өвчнийг эмчлэхэд цөмийн энергийг ашиглах боломж болоод судалгаа, цөмийн цахилгаан станц шинээр барих улс орны онцлог, шинжлэх ухаанч ойлголтыг олон нийтэд түгээх, шинэ үеийн боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг асуудлуудыг хөндөж байлаа. Хоёр өдөр үргэлжилсэн форумын хүрээнд Орос, Хятад, Өмнөд Солонгос, Японы томоохон компаниуд дэлхийн цөмийн энергийн салбар дахь тэргүүн ололт амжилтуудыг танилцуулсан үзэсгэлэн нээгдсэн юм.  

Хүн төрөлхтний сайн сайхны төлөө цөмийн энергийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан 2019 оны шилдгүүд “Atomexpo Awards” ёслолоор тодорлоо.

Энэ жилийн шалгаруулалтад Монгол, Аргентин, Бангладеш, Болив, Венгер, Герман, Дани, Египет, Замби, Энэтхэг, Индонез, Испани, Кени, Хятад, Марокко, Өмнөд Солонгос, Орос, Америк, Турк, Узбекистан, Филиппин, Франц, Чех, Швейцар, Япон зэрэг дэлхийн 25 орны, Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн (МАГАТЭ) ажлууд багтсан нийт 52 төсөл нэр дэвшсэн байна.

Олон улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн хараат бус шүүгчдийн багаас хамгийн шилдэг 5 төслөөр Бразилийн Цөмийн энергийн Үндэсний комисс болон тус улсын цөмийн энергийн шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгийн хамтын бүтээл, Японы Марубени корпорацийн “Цөмийн хог хаягдлыг боловсруулах” технологи, МАГАТЭ-ийн “Цөмийн энергийг удирдах мэргэжилтнүүдийг бэлтгэх сургууль”, “Росатом” корпораци болон Хятадтай хамтарсан Тяньванийн  АЦС, Унгарын “Пакш” АЦС-ийг шалгаруулжээ.

“Атомэкспо” форумын 11 жилийн түүхэн дэх хамгийн их буюу дэлхийн 74 орны төрийн болоод цөмийн салбарын агентлаг, яамд, компани, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн 4,000 орчим төлөөлөгч оролцов. Шинээр Катар, Бахрей, Никарагуа улсаас анх удаа зочид хүрэлцэн ирсэн байна. Оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж буй учир форумыг жилд нэг бус хоёр удаа зохион байгуулахаар тогтсоныг “Росатом” корпорацийн Ерөнхий захирал А.Е.Лихачев мэдэгдлээ.

Ирэх 2020 онд Оросын цөмийн салбарын үүсч хөгжсөний 75 жилийн ой тохионо.     

Зураг