Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

ЖУРАМ: НӨАТ-ын азтан болчихоод 90 хоногийн дотор баталгаажуулаагүй бол татгалзсанд тооцно

Т.Саран, iKon.mn
2019 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголд цоо шинэ үзэгдэл болох НӨАТ-ын урамшууллын систем ажиллаж эхлээд гурван жил болж байна.

Энэ хугацаанд иргэд худалдан авсан баримтаа https://ebarimt.mn/ бүртгүүлж, НӨАТ-ын урамшуулын сугалааны тохиролд оролцдог.

Сугалааны тохирлоор азтан болчихоод 90 хоногийн дотор баталгаажуулахгүй бол мөнгийг олгохгүй юм байна.

Энэ талаар НӨАТ-ын урамшуулын сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журамд тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугалааны урамшуулалаас татгалзсанд тооцно гэж заажээ.

Харин хэрхэн баталгаажуулах тухайд сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 1,000,000 ( нэг сая) төгрөг хүртэлх бол нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ бүртгүүлэх юм.

Урамшууллын хэмжээ 1,000,000 ( нэг сая) төгрөг буюу түүнээс дээш бол харьяалах татварын албанд биечлэн очиж, холбогдох сугалааны тасалбар, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар, хүсэлтийн хамт гаргаж өгнө.

Сугалааны азтан нь сугалааны тасалбараа хаяж үрэгдүүлсэн эсхүл бичвэр арилсан зэрэг шалтгаанаар сугалааны тасалбарын мэдээллийг харах боломжгүй тохиолдолд нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсгээс холбогдох сугалааны тасалбарын дэлгэрэнгүй мэдээллийг хянаж баталгаажуулах өргөдлийн хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Хүсэлтээ баталгаажуулсан сугалааны азтаны сугалааны тохирлыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлж, баталгаажуулсан дансны дугаараар хүсэлт гаргаснаас хойш 20 хоногийн дотор олгоно гэж Татварын Ерөнхий Газраас санууллаа.