Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Суданыг 30 жил захирсан ерөнхийлөгчийг хүчээр огцруулж, баривчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Зүүн хойд Африкийн Судан улсыг 30 жил захирсан 75 настай ерөнхийлөгч Омар Хассан Аль Баширыг огцруулжээ.

Өчигдөр төв телевизээр мэдэгдэл хийсэн Суданы батлан хамгаалахын сайд Ахмед Авад Ибн Ауф ерөнхийлөгчийг баривчилж, “аюулгүй газар”-т хорьж байгаагаа зарласан байна.

Суданы засгийн газрыг тарааж, 2005 оны үндсэн хуулийг цуцалж, улс оронд гурван сарын хугацаатай онц байдал зарлаж байгааг тэр мөн хэлжээ.

Суданы агаарын орон зай 24 цагийн турш хаагдаж байгааг армийн генерал бас мэдэгдсэн байна.

“Суданы ард түмнийг сайхан амьдруулах замыг засахын тулд зэвсэгт хүчин иргэдийн төлөөлөлтэй хамтран төрийн эрхийг авч байна” гэж Ибн Ауф мэдэгджээ.

Ерөнхийлөгч Аль Башир 1989 оноос хойш Африкийн томоохон улсуудын нэг Суданыг захирах болсон юм. Тэрээр улсынхаа баруун Дарфур нутагт харгислал үйлдсэнийхээ төлөө Олон Улсын Эрүүгийн Шүүхээс геноцидын ял сонсоод байгаа хүн.

1956 онд тусгаар тогтносноос хойш Суданыг түүн шиг удаан удирдсан хүн байхгүй. Мөн Аль Баширын засаглалын хугацаанд Судан улс хуваагдаж 2011 онд Өмнөд Судан улс бий болсон түүхтэй.

Судан улс түүхэндээ гурав дахь удаагаа төрийн тэргүүнээ хүчээр буулгаж байгаа нь энэ юм. 1964 онд Ибрагим Аббудын цэргийн дэглэмийг иргэдийн  бослогоор унагаж байсан бол 1985 онд ерөнхийлөгч Жаафар Нимеириг мөн ийм аргаар зайлуулж байжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Аль Башарын дэглэмийн эсрэг тэмцэл анх эхэлсэн юм. Тухайн үед гадаад зээлдэгчдийн шахалтаар Суданы засгийн газар ард иргэддээ үзүүлдэг үр тариа, шатахууны хөнгөлөлтийг зогсоосон нь тэмцэл гарахад хүргэсэн байна.

Үүнээс хэдэн долоо хоногийн дараа тэмцэл илүү хүчирхийллийн шинж чанартай болон хувирч, нийслэл Хартум болон бусад том хотуудад нөхцөл байдал хүндэрсэн юм.

Эрх баригчид тэмцлийг зогсоохын тулд зэвсэг хэрэглэснээс гадна интернэт, сошиал медиаг хааж, цахилгаан, усны хангамжийг тасалж байв. Энэ үеэр нийт 49 иргэн алагдсан гэсэн албан ёсны тоо байна.

Ийнхүү Африкийн хамгийн удаан эрх барьж байгаа удирдагчдын нэг уналаа. Одоо Судан улс хөрш Ливи шиг иргэний дайнд шилжих үү, эсвэл шилжилтийн үйл явцыг тайван замаар хийж чадах уу гэдгийг харах үлдэж байна.

 

Эх сурвалж: Quartz