Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Багш ажлын цагийнхаа ердөө 37%-ийг багшлах цагт зарцуулдаг нь сурагчдын ачааллыг нэмэгдүүлэх шалтгаан болж байна

Ч.Болортуяа
2019 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголчууд сүүлийн 16 жилийн хугацаанд гурван удаа ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрөө өөрчлөн шинэчилжээ.

Яг одоо ерөнхий боловсролын сургалт маань Цөм хөтөлбөрийн дагуу үргэлжилж буй.

2014 оноос эхлэн хэрэгжиж буй тус хөтөлбөрийн алдаа оноог дүгнэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ажлын хэсэг гарч, 70 гаруй багшаас судалгаа авсан дүгнэлтээ өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд танилцуулсан юм.

Цөм хөтөлбөрийг энэ удаад өөрчилнө гэхээсээ илүү зарим алдааг засаж, сайжруулах шаардлагатай гэж үзсэн байна. 

Судалгааны үр дүнгээр зайлшгүй засаж залруулах шаардлагатай хэд хэдэн алдаа байгааг ЕББГ-ын дарга Т.Ням-Очир танилцуулсныг тоймлон хүргэе.

 
Гэрэл зургийг MPA.mn
НЭГ. Багш нар нийт ажлын цагийн ердөө 37%-ийг л багшлах цагтаа зарцуулж байна

Цөм хөтөлбөрийн зорилтын хүрээнд багш нийт ажлын цагийн 85 хувийг хамгийн чухал үүрэг болох багшлах, заах арга зүйгээ сайжруулахад зарцуулах ёстой ч өнөөдрийн байдлаар багш нийт ажлын цагийнхаа ердөө 37 хувийг л энэ цагтаа зарцуулж байгаа нь судалгаагаар тодорхой болжээ.

График 1, Багшийн ажлын цагийн хуваарилалт хувиар,

 

Үлдсэн 63 хувьд нь юу хийдэг талаар судалгаанд оролцсон 70 гаруй багш хичээл заахаас бусад цагт зарцуулдаг 419 ажлыг тайлагнасан байна. Тодруулбал, багш нар үндсэн ажлаасаа гадна олимпиадад бэлтгэх, зохион байгуулах, аймаг, сумын удирдлагын илтгэл бэлтгэх, алдаа засах, тайлан мэдээ гаргах, олон нийтийн элдэв ажил зохион байгуулах, бусад бичиг цаасны ажлаа жагсаахад нийт 419 үйл ажиллагааг 36 чиглэлээр бүлэглэн бичжээ. 

Багш нарын жагсааж бичсэн ажлууд:

 

Тиймээс ч энэ их аж ахуйн бичиг цаасны ажлыг багш нараас нэхэхийг зогсоох шаардлагатай гэж салбарын яам үзжээ.  

Тухайлбал,

  1. Бага ангийн багшийн хичээл заах нормт цагийг 17 цаг болгох (2 цагийг хүүхдийн хөгжилд зарцуулах),

  2. Мөн тусгай сургуулийн багшийн ачааллыг бага ангийн багшийн ачаалалтай адил болгох,

  3. Багшийг төлөвлөгөөт бус, элдэв ажилд хүчээр татан оролцуулахгүй байх эрх зүйн зохицуулалт хийх...гэх мэт өөрчлөлт хийхээр болжээ.

ХОЁР.  Олимпиад, спорт, урлаг, олон нийтийн арга хэмжээнүүдийг цэгцэлж, сурагчийн ачааллыг ч бууруулна

Багш нарын багшлах хугацаанаас хумслан 419 хүртэл бусад ажил ногдуулдаг учир тэр хэрээрээ сурагчид хичээлээс бусад цагаар бие даан суралцах шаардлага үүсэж, гэрийн даалгавар их байх бэрхшээл тулгарч байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.

Мөн төрөл бүрийн олон нийтийн арга хэмжээ, олимпиад зэргийг цэгцлэх шаардлага үүссэн тухай БСШУС-ын сайд ярьж байлаа.

График 2, Сурагчийн ачаалал (график дээр дарж томруулж үзнэ үү),

 

Хичээлийн хувьд:

  1. Бага боловсролд гадаад хэл, IQ хичээл, шатар, даам, бүжиг, номын санд суух, давтлагад хамрагдах, сургалтад хамрагдах, Эрчим хүч, Замын хөдөлгөөн, Тогтвортой хөгжлийн боловсрол...,

  2. Суурь, бүрэн дунд боловсролд клуб, олимпиадын бэлтгэл, роботын дугуйлан,  дэвших шалгалтад бэлдэх, дугуйлан, гүнзгийрүүлсэн сургалт, давтлага, урлаг, спорт, шатар, уран уншлага, яруу найраг, уран бичлэг, эсээ бичлэг, мэтгэлцээн илтгэх урлаг гэх мэт орон нутаг, сургуулийн онцлогийг тусгасан нэмэлт хичээлүүд орж байна.

  3. Үүний хажуугаар сургалт явагдаж байгаа долоо хоногт төлөвлөлтгүй гэнэтийн ажил, уралдаан тэмцээн ихээр зохиогддог.

Тиймээс шийдэл нь:

  • Сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагийг орон нутгийн хөгжлийн бодлого, сургуулийн эрхэм зорилгод нийцүүлэн сургалтын цагаар эзэмшиж буй мэдлэг, чадвар, хандлагыг дэмжихүйцээр, чанартай зохион байгуулах,
  • Сургалтын төлөвлөгөөнд тусгаагүй өөр сургалт, үйл ажиллагааг хориглох,
  •  Нэмэлт, ном, гарын авлагыг хэрэглэж, сурагчдад ачаалал нэмэгдүүлэхгүй байх зохицуулалтыг хийхээр яам ажиллаж байгаа аж.
Гурав.  Хичээлийн агуулга тус бүрийн ачааллын зөрүүг тохируулах
 
Гэрэл зургийг MPA.mn

Суурь боловсролын газар зүй, мэдээллийн технологи, дүрслэх урлаг, есдүгээр ангийн химийн агуулга их, цагтаа багтдаггүй нь судалгаагаар тогтоогдсон байна.

График 3, Хичээл тус бүрийн ачаалал, 

 

Тиймээс дээрх ачааллыг тохируулах буюу сургалтын хөтөлбөрийн агуулгын давхцал (1-3.1%), хүндрэл (9%) байгаад тохиргоо хийх шаардлагатай гэж үзжээ.

Мөн судалгаагаар орчин үеийн хүүхдүүдэд хамгийн их шаардлагатай:

  • тохиолдол шинжлэх,
  • эх сурвалж шинжлэх,
  • график, диаграмм, туршилт, бүтээл хийх,
  • зураг төсөл гаргах, анхан шатны эскиз хийх, засан сайжруулах зэрэг шинжлэн ухаанч арга барил төлөвшүүлэх үйлийн баглах арга зүй дутагдаж байгаа нь сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаагаа багш нар илэрхийлжээ.

Үүнээс гадна сургуулийн хүрэлцээний тухайд:

  • гурван ээлжээр хичээллэдэг 28 сургууль, 212 бүлэг, 8,451 сурагч байгаа,
  • анги дүүргэлт зарим сургуульд 40-60 хүртэл байна,
  • сургуульд элсэн орох хүүхдийн тоо 2018 онд 72,247 байсан бол 2019 онд 79,780 орчим хүүхэд I ангид элсэх юм байна.

Тиймээс бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, ахлах ангийн мэргэжлийн болон сонгон судлах хичээлийн бүлэг, дүүргэлтийг судалж, оновчтой тогтоох, сургалтыг зохион байгуулах сургуулийн менежментэд шинэ арга технологийг нэвтрүүлэх, сургуулийн хөтөлбөрийг хөгжүүлэх шаардлагатай болсныг БСШУСЯ мэдээллээ.

Түүнчлэн ахлах ангийн сурагчдын хувьд хичээлийн хөтөлбөрийн агуулга эцэслэгдээгүйгээс үүдэн сурах бичиг байхгүй байсан алдаа завхрал ирэх хичээлийн жилд давтагдахгүй гэж Ё.Баатарбилэг сайд хэллээ.