Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүдэн шүүсэн хэргийг ҮАБЗ хэлэлцлээ

Ч.Зотол, Зууны мэдээ
2019 оны 3 сарын 25
Зууны мэдээ
Зураг зураг
2016.12.14. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн Анхан шатны шүүх хурал 18 жилийн дараа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болов. /Гэрэл зургийг mpa.mn/

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ өнгөрсөн баасан гаригт хуралджээ. Энэ хурлаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг зохиомлоор илрүүлсэн асуудлыг авч хэлэлцсэн байна. Ингэхдээ хамгийн гол нь аллагын гүйцэтгэгч хэмээн хоёр иргэнд хууль бусаар хэрэг тулгаж, түүнийгээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд эрүүдэн шүүсэн асуудлыг ярьж, бичлэгийг ил болгох талаар санал солилцсон ч шийдэлд хүрэлгүй таржээ. Эрүүдэн шүүлтийн уг баримтад хэрэг хүлээлгэхийн тулд Б.Содномдаржааг зодож тарчлааж байгаа, Т.Чимгээгийн камерт Ц.Амгаланбаатарыг оруулан дарамтлуулж буй бичлэг олдсон гэсэн мэдээлэл байгаа юм.
 
Тэгэхээр бичлэг ил болсноор уг хэргийн шүүх хурлын өмнө, хойно Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбатын “Дүүгийн маань хоригдож байгаа камерт 3:00 цагт Ц.Амгаланбаатар орж ирээд шорон хэсэж явах сайхан байна уу, чи С.Зоригийг алсан хэргээ хүлээ” гэж дарамталдаг гэнэ лээ” хэмээн хэвлэлд ярьсан нь үнэн болж таарч байгаа юм.

Мөн Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаагийн “Тагнуулынхан миний хүүг анх баривчлахаар ирэхдээ дарамтлах хүн, өрөөг бэлдчихээд ирсэн юм билээ. Төв аймгийн Цагдан хорих төвд бэлдсэн өрөөнд миний хүүг оруулан нүдийг чинь сохолно шүү, чихийг чинь огтолно шүү. Чи энэ хэргийг хүлээ гээд зодож нүддэг байсан гэсэн. Мөн Ц.Амгаланбаатарыг өрөөнд нь оруулан зодуулж дарамтлуулж байсан” хэмээн ярьсан нь баримтаар тогтоогдож байгаа бололтой.

ҮАБЗ энэ асуудлыг авч хэлэлцэхийн өмнө /2019.03.21/ Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгч хэмээн шийтгүүлсэн гурван иргэний ар гэрийнхнээс уучлал гуйж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн.

Үүний маргааш буюу өнгөрсөн баасан гаригийн өглөө /2019.03.22/ Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Ерөнхий сайд, салбар хариуцсан сайд нарын хамтаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхээр ажилласан Ажлын хэсгийн цуглуулсан материалтай холбоотой асуудлыг нууцын зэрэглэлтэй хэлэлцсэн. Энэ үеэр яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг Засгийн газрын гишүүдэд танилцуулахаар төлөвлөсөн ч прокурор зөвшөөрөөгүй гэсэн мэдээлэл гарсан.

Хурлын дараа хэвлэлийнхэн Шадар сайд Ө.Энхтүвшингээс энэ талаар тодруулахад “С.Зоригийн хэрэгтэй холбоотой мэдээлэл сонслоо. Энэ ажиллагаа хэрхэн явагдсан, хууль ёсны дагуу байсан эсэх талаар л мэдээлэл солилцоод тарлаа. Ц.Нямдорж сайд болон Тагнуулын ерөнхий газрын дарга нар хуралдаанд мэдээлэл өгсөн. Яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэх гэсэн боловч прокурорын зүгээс зөвшөөрөөгүй. Ер нь бол энэ бичлэгийг гишүүдэд болон олон нийтэд ил болгох ёстой. Энэ бичлэгийг ил болгох, үзэх ёстой гэж шийдвэр гаргасан” гэсэн хариултыг өгч байв.

Энэ өдрийн үдээс хойш Үндэсний аюулгүй байдлын зөвлөл эрүүдэн шүүсэн хэргийг авч хэлэлцсэн байгаа юм. ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч тэргүүлж, гишүүдэд Ерөнхий сайд, УИХ-ын дарга ордог. Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрт хатуу байр суурьтай байсан байж таарна.

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрын зүгээс болгоомжилсон уу, эсвэл түр хүлээзнэх хэрэгтэй гэж үзсэн үү ямартай ч эрүү шүүлтийн бичлэгийг ил болгох талаар шийдвэрт хүрээгүй байна. Гэхдээ тодорхой хугацааны дараа бичлэгийг ил болгох нь мэдээж. Хэрэг мөрдөн шалгах явцад гарсан эрүү шүүлт эхнээсээ ийнхүү нотлогдож эхлэлээ. Дараагийн удаад хэргийг хянасан, шүүсэн шүүгч, прокурорын асуудал сөхөгдөх бололтой.

Зураг