Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

С.Пүрэвдорж: Туул голын сав газрын төлөв байдал "C" буюу дунд үнэлгээтэй гарсан

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

 "Туул голын сав газрын төлөв байдлын үнэлгээ" төслийн үр дүнг өнөөдөр танилцууллаа. 

Дэлхийн усны өдөр өнөөдөр тохиож, 2019 оны усны өдрийг “Цэнгэг ус-Тэгш хуваарилалт” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.  

Хүн амынхаа хэт төвлөрлийн асуудал дээр анхаарлаа хандуулж хөрс, агаарын бохирдлын асуудлын эсрэг ажил төлөвлөх нэн шаардлагатай

 
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтэн, төслийн зохицуулагч С.Пүрэвдорж “Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн хүрээнд Туул голын сав газрын захиргаа, БОАЖЯ хамтран “Туул голын сав газрын төлөв байдлын үнэлгээ” төслийг хэрэгжүүлсэн. Төслийн зорилго нь Туул голын төлөв байдлыг энгийн, хялбар байдлаар байгаа бүх дата дээр нь анализ хийх ба оролцогч талууд, олон нийтэд мэдээлэл хүргэх юм.

Төлөв байдлын үнэлгээний асуудал сүүлийн 20 гаруй жилийн турш яригдаж хийгдсэн байдаг. Азийн ихэнх оронд хийгдсэн ба Монгол оронд анхлан хийгдэж байна.

Туул голын сав газрын төлөв байдал боловсролын системийн үнэлдэг дүнгээр “C” буюу  дунд зэрэг үнэлгээтэй гарсан. Энэ үнэлгээн дээр цаашид шийдвэр гаргагч тал дорвитой, шуурхай арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байна гэдэг талаас нь болон зөвлөмжийн тухайд тодорхой зааж өгсөн.

Өгөх зөвлөмжийн тухайд мэдээж хэрэг цэвэрлэх байгууламжийнхаа асуудлыг бэлдэж шийдэх хэрэгтэй. Дээрээс нь Улаанбаатарт байгаа арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргаж бохирдолтын асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Хүн амынхаа хэт төвлөрлийн асуудал дээр анхаарлаа хандуулж хөрс, агаарын бохирдлын асуудлын эсрэг ажил төлөвлөх нэн шаардлагатай байна” хэмээн ярилаа.

Улаанбаатар хотын усны нөөцийн ашиглалтын ачаалал нэмэгдэж байна

 
Гэрэл зургийг MPA.mn

УЦУО-ны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн гадаргын усны судалгааны хэлтсийн тэргүүлэгч эрдэм шинжилгээний ажилтан Г.Даваа "Тогтвортой байдлын үзэл баримтлалтын хувьд  2030 оны түвшинд бүх нийтээр шаардлага хангасан эрүүл ахуй, ариун цэврийн байгууламжаар хангагдах ёстой. Усны нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх ёстой.

Гадаргын усны тэгш хүртээмжийн асуудалд дараах хүчин зүйл нөлөөлдөг.

  • Усны нөөцийн орон зайн жигд бус хуваарилалт
  • Усны горимын онцлог, жилийн доторх урсацын жигд бус хуваарилалт
  • Үндэсний онцлог, нүүдэлчин ахуй, хот, хөдөөгийн ялгаа
  • Усны үнэ, цэнэ- Усны дэд бүтэц, хуримтлал, жигд хуваарилалт
  • Усны нөөцийн нэгдсэн менежмент – Тогтвортой хөгжлийн үндэс болохыг нийтээр хүлээн зөвшөөрөх асуудал
  • Сайн хөршийн харилцаа

Мөн манай нийслэлийн тухайд авч үзвэл 1 м.кв талбайд ногдож буй хүн амын нягтрал 2017 оны байдлаар улсын дунджаар 2 хүн /м.кв байхад энэ үзүүлэлт Туул сав газарт дунджаар 55.8 хүн/м.кв, үүнээс Улаанбаатар хот байршилтай сав газрын II дэд хэсэгт 329 м.кв  хүн байна. Үүнээс шалтгаалж Улаанбаатар хотын усны нөөцийн ашиглалтын ачаалал нэмэгдэж, хөрс, ус, агаарын бохирдол, доройтол улам бүр нэмэгдсээр байна” гэв.