Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын Элчин сайдын яамыг дээрэмдсэн хэрэгт АНУ-ын тагнуулынхан холбоотой юу?

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Мадрид дахь БНАСАУ-ын элчин сайдын яамны хаалга

Өнгөрсөн сарын 22-ны өдөр Испаний нийслэл Мадрид дахь Умард Солонгосын Элчин сайдын яаманд хэсэг хүмүүс халдаж, компьютеруудыг нь дээрэмдэн авч явсан юм.

Тэгвэл энэхүү хачирхалтай хэрэгт АНУ-ын Тагнуулын Төв Газар (CIA) оролцсон байх магадлалтай болсныг Испаний үндэсний тагнуулын албаны эх сурвалж мэдээлжээ.

Нийт 10 хүн элчин сайдын яамны байранд нэвтрэн орж, ажилтныг нь хүлсний дараа компьютеруудыг нь авч зугтсан юм. Испаний цагдаа, тагнуулынхан элчин сайдын яамны ажилтнаас мэдүүлэг авч, хяналтын камерны бичлэгийг шалгасны дараа халдсан хүмүүс нь солонгосчууд байсан бөгөөд тэдний хоёр нь АНУ-ын CIA-тай холбоотой болохыг тогтоожээ.

Уг баримтыг Испаний тал CIA-д илгээж, тайлбар хүссэн боловч америкчууд халдлагад оролцоогүй гэсэн хариу өгөөд байгаа гэнэ. Дээрх халдлага АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний хоёр дахь уулзалтаас хэдхэн өдрийн өмнө болсон нь анхаарал татаж байна.

Халдсан этгээдүүд Умард Солонгосын цөмийн зэвсгийн хэлэлцээрийг ахалж байгаа дипломатч Ким Хёк Чолын талаар мэдээлэл олж авахын тулд компьютеруудыг дээрэмдсэн гэж испаничууд таамаглаж байгаа ажээ. Учир нь Ким Хёк Чол Испанид суух Умард Солонгосын элчин сайдаар ажиллаж байгаад 2017 оны есдүгээр сард хөөгдсөн юм.

El Pais сонинд гарсан уг мэдээний талаар Испанийн үндэсний тагнуулын алба тайлбар хийхээс татгалзаж, “мөрдөн байцаалт үргэлжилж байгаа” гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

 

Эх сурвалж: The Guardian