Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

А.Оюунзул: Мишель Обамагийн түүх хэний ч сэтгэлд их ойрхон бууна

МОНСУДАР
2019 оны 3 сарын 13
Монсудар
Зураг зураг

“Би бол ер бусын аялал хийсэн эгэл жирийн хүн. Өөрийн түүхийг хуваалцсанаар өөр олон түүх, дуу хоолойд орон зай бий болгож, олон хүний янз бүрийн шалтгаанаар явж болох харгуйг өргөтгөхөд хувь нэмрээ оруулахыг хүссэн.” /Мишель Обама, Becoming: Миний түүх номоос/

Хэвлэгдэн гарсан өдрөөсөө эхлэн шуугиан тарьсан Америкийн нэгдсэн улсын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн намтар “Becoming: Миний түүх” номыг манай уншигчид ердөө гуравхан сарын дотор эх хэлээрээ унших боломжтой болсон билээ. Сая сая уншигчдад урагшлах, өөдлөх, өөрчлөх их хүсэл мөрөөдлийг бэлэглэсэн “Becoming: Миний түүх” номын орчуулагч А.Оюунзултай ярилцсанаа хүргэж байна.
 
- “Becoming: Миний түүх” гарсан цагаасаа эхлэн дэлхий даяар шуугиан тарьсан. Энэ ном орчуулагдан гарсантай холбоотой олон хүн орчуулагчийг нь сонирхож, асууж байна. Тэгэхээр хамгийн эхлээд та өөрийгөө танилцуулах уу?
 
- Намайг А.Оюунзул гэдэг. “Becoming: Миний түүх” бол миний анхны албан ёсоор орчуулсан бүтээл. Өмнө нь бол өөрийнхөө хоббигоор ном, бүтээл орчуулж байсан ч хэвлүүлж нийтлүүлж байгаагүй. Багаасаа ном их уншдаг, номд дуртай, ирээдүйдээ номтой холбоотой ямар нэгэн ажил, ялангуяа орчуулагч юм уу, редактор болно гэж мөрөөддөг хүүхэд байсан. Мөрөөдөлдөө хүрэх замын маань үүд хаалга нээгдлээ гэж ойлгож байгаа. Миний хувьд өмнө нь АНУ-д сурч байгаад Монголдоо ирээд анхны томоохон орчуулгын бүтээл дээрээ ажилласан маань “Becoming: Миний түүх” байлаа.
 
- Энэ ном гарсан даруйдаа олон хэлээр орчуулагдаж, манай уншигчид ч маш богино хугацааны дотор эх хэлээрээ унших боломжтой болсон. Энэ номыг анх орчуулах болсон шалтгаан нь юу юм бол?
 
- Анх би орчуулагч, маркетингийн ажилтан авах зарын дагуу Монсудар хэвлэлийн газарт ажлын ярилцлаганд орсон. Тэр үед Монсудар хэвлэлийн газарт энэ номын орчуулгын эрхийн асуудал болон залуу орчуулагчдыг дэмжих асуудал яригдаж байсан нь давхцаад энэ номын орчуулагчаар ажиллах уу гэсэн саналыг надад тавьсан л даа. Энэ бол миний хувьд маш том нэр хүндийн хэрэг байсан. Ийм туршлага багатай хүүхдэд итгээд, ийм том ном орчуулах санал тавина гэдэг миний хувьд үнэхээр том боломж. Бас олон орчуулгын бүтээл дээр ажилласан мэргэшсэн редакторуудтай ажилласан маань бас том завшаан байлаа. “Becoming: Миний түүх” ном 2018 оны 11 сарын 13-нд анх АНУ-д худалдаанд гарсан.

Бидний хувьд 2019 оны 03 сарын 01-нд гаргана гэсэн маш шахуу хугацаа тавигдаж байсан болохоор шаргуу хөдөлмөрлөж, багаараа хамтарч ажиллахаас өөр аргагүй байсан. Миний хувьд энэ ажлаас маш их юм сурч авсан. Тухайлбал, ном гаргана гэдэг бол олон шат дамжлагатай ажил байдаг юм байна. Зөвхөн би орчуулаад, зураг хэвлэж байгаа юм шиг хэвлээд болчихдоггүй. Хэвлэх үйлдвэрт очтолоо маш олон шат дамжлагаар явдаг. Ялангуяа, тэр дундаа хамгийн чухал ажлыг хийдэг хүмүүс бол редакторууд байдаг юм байна. Ер нь манай нөхцөлд номын орчуулагч, орчуулгын редактор хоёр яг л нэг хүн шиг ажиллах шаардлагатай болдог. Энэ ном хугацаандаа, хурдан, бас гайгүй орчуулгатай гарсан гол шалтгаан нь яах аргагүй манай багийнхны хүчин чармайлттай шууд холбоотой.

Зөвхөн орчуулгын редактораас гадна энэ номд нэр нь орсон, ороогүй олон хүмүүс шаргуу ажилласаны хүчинд дэлхий дахинд бэстселлер болж байгаа номыг монгол уншигчид маань эх хэлээрээ унших боломжтой болсон. Хамгийн сүүлд гэхэд л Зориг захирал маань хүртэл өөрөө сууж, хамгийн сүүлийн хяналтын уншилтыг хийн зарим агуулгыг англи хэлтэй нь тулган шалгаж, зарим нэг зөвлөгөө өгч засвар оруулсан. 
 
- Орчуулгын явцад ямар бэрхшээл, асуудал тулгарч байв?

- Хугацааны хувьд үнэхээр шахуу байсан. Түүнээс гадна Америкийн улс төрийн системийг ойлгох, улс төрийн янз бүрийн үг хэллэгүүд, ойлголтууд, мөн дээрээс нь америк хүмүүсийн хэрэглэдэг ярианы үг хэллэгийг яаж буулгах вэ гэдэг дээр их ажиллах хэрэгтэй болж байсан. Тэр болгон дээр би маш их хичээсэн. Жишээ нь улс төр, хуулийн үг хэллэгүүд, ялангуяа Мишель Обама өөрөө хуульч хүн учраас энэ талын үг хэллэгүүд нэлээд гардаг. Энэ мэт дээр ярилцах, бодох, бусдаас зөвлөгөө авах шаардлага бас гарна. Гэхдээ бэрхшээл гэхээсээ илүү ном маань өөрөө их гоё. Ямар ч нас хүйсний, ямар ч улс төрийн мэдлэггүй хүн уншсан ойлгох, урам зориг авахаар ном. Дээрээс нь Мишель Обама их гоё бичлэгтэй болохоор өөрийн эрхгүй л шимтэж байлаа. 
 
- Мишель Обама гэдэг хүнийг танилцуулвал? Бид их ерөнхий төсөөлөлтэй байдаг. АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн эхнэр, тэргүүн хатагтай гэдгээр нь л сонсож байсан байх. Улс төрчдийн, тэдний гэр бүлийнхний гээд олон л намтар дурсамж гарч байдаг, яг юугаараа энэ дуртгал онцлог болоод хүмүүс сонирхоод байна? 
 
- Нийтлэг ойлголт байдаг л даа. Тэргүүн хатагтай гэхээр нэг тийм бэлгэ тэмдгийн чанартай, нөхрийнхөө хажууд байж байх ёстой хүн л гэсэн ойлголт байдаг. Гэтэл Мишель Обамагийн номыг уншихад сэтгэлд их ойрхон бууна. Тэр бол Чикагогийн ядуу дүүрэгт өссөн, эгэл жирийн ажилчин гэр бүлээс гаралтай охин. Барак Обама ч ялгаагүй, аавгүй, ээжээсээ хол, эмээ өвөө дээрээ өссөн жирийн л залуу. Гэхдээ энэ хоёр хоорондоо их өөр. Энэ бол улс төрийн ном биш, тэр тусмаа зарим хүмүүсийн хэлснээр сонгуулийн сурталчилгаа бол бүр биш. Бидэнд Барак Обамагийн улс төрийн замнал нэг их сонин биш, алдаа оноо нь ч гэсэн. Энэ бол зүгээр л хүний амьдралын түүх.

Хамгийн гол нь үүрэг хариуцлага. Би энэ номноос ийм л зүйлийг олж харсан.

Хүнд арьс өнгө, гарал үүсэл, баян ядуугаас хамаарахгүй боломж үргэлж байдаг. Зарим нь боломжийг хүлээж суудаг бол зарим нь боломжийг олж авахын төлөө явдаг. Гэр бүл, хайр сэтгэл, ажил алба, үр хүүхэд, үхэл хагацал. Хамгийн гол нь үүрэг хариуцлага. Би энэ номноос ийм л зүйлийг олж харсан. Хүмүүст, ялангуяа залуу хүнд өөрийгөө олж харахад, урам ороод өндийж байгаа хүнд араас нь түлхээд өгч чадах тийм л ном гэж бодож байна. Тийм учраас л энэ ном хүмүүст хүрсэн байх даа. 
 
- Мэдээж номынхоо агуулгыг бүгдийг нь ярина гэвэл урт яриа болох байх. Таны хувьд уншигчид үүнийг нь л олж хараасай гэсэн ямар мессэж байсан бэ?
 
- Дээр хэлсэн боломж, боломжийг ашиглан, өөрийн оюун ухаан, хүч хөдөлмөрөөр өөрийгөө олох.  Олон гоё, гоё сэдвүүдийг хөнддөг л дөө. Би нэг жишээ дурдъя л даа. Барак тэр хоёр өөр өөр хүмүүс гэж би түрүүн хэлсэн. Мишель их амбицтай, гэхдээ тэр нь Баракийнхаас их өөр. Юмыг их төлөвлөнө, хатуу зорилготой. Принстоныг төгсөөд Харвардын хуулийн ангийг ч дүүргээд дээшээ л яваад байсан болохоос яг өөрийн сонирхол, зорилгоо зөв тодорхойлж чадаагүйгээ Барактай учраад ойлгосон байдаг. Гэтэл Баракын амбиц их өөр. Маш уужим алсын хараатай.  Их уншина, материаллаг сонирхолгүй. Хоёр өөр ертөнц, хоёр өөр хувь хүн хүн нэгдэн, нэг тийш харах үйл явц анх хэрхэн эхэлснийг Мишелийн тэмдэглэлээс уншиж болно: 
 
....Үнэндээ энэ бол маш энгийн: Юун түрүүнд, би хуульч байх маш дургүй байжээ. Би энэ ажилд тохирох хүн би биш байж. Хэдий ажилдаа сайн ч, хийхэд сэтгэл хоосон оргидог байж. Хэчнээн их хөдөлмөрлөж, хэр их өрөнд орсноо бодохоор хүлээн зөвшөөрөхөд сэтгэл даанч шаналам. Гойд сайн байх гэж, юмсыг төгс төгөлдөр хийх гэж муйхраар хичээж байхдаа би тэмдэг дохиог анзааралгүй, буруу замаар зүтгэсэн байжээ. 

 

Хоёрдугаарт, би хүчирхэг оюун ухаан, амбиц нь минийхийг залгиж мэдэхээр залууд ухаангүй дурласан байлаа. Нүсэр татлагаараа хуу хаман авч одох, нүргэлсэн давлагаа шиг айсуйг нь би мэдэж байсан. Баракт дэндүү дассан, дэндүү их хайртай болохоор замаас нь зайлахгүй ч хоёр хөл дээрээ даруйхан тогтож авах аргаа олох хэрэгтэй байлаа... 
 
Үерхэл нөхөрлөл, хайр сэтгэл, хамт олон, нийгэм гээд бид бүгд л хамтдаа бие биеээ дэмжиж, өөд нь татаж хамтдаа хөгжиж, сайжирч сайжруулж явах ёстой, тийм үү? 
 
- Тантай санал нэг байна. Сүүлийн асуулт, Мишель Обамаг номоо гаргаснаас хойш олон хүн дараагийн сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ хийж байна гэж бичсэн байсан. Энэ талаар өөрөө юу гэсэн байдаг вэ?
 
- Обамагийнхан бол Америкдаа нэр хүндтэй гэр бүл. Мэдээж арьс өнгөөр ялгаварладаг хүмүүс хэлэх хэлэхгүй үгээр хэлж байсан үе зөндөө бий. Гэхдээ тэргүүн гэр бүл байсан хүмүүсээс хамгийн нэр хүндтэй, биеэ зөв авч явдаг, хүмүүст үлгэр дуурайл болсон, эгэл даруу байдлын тод жишээ, хамгийн гол нь энэ хариуцлагатай албыг  нэр төртэй давсан хүмүүс. Мэдээж хэл ам, гүтгэлэг доромжлол энэ гэр бүлийг тойроогүй.  Сонгуульд өрсөлдөх бэлтгэл, сурталчилгаа гэснээс Мишель сонгуульд нэр дэвшихгүй, улс төрд, улс төрчдийн хоёр нүүртэй байдалд дургүй тухайгаа бичсэн байсан. 

Энэ ном ямар ч улс төрийн бодлого, далд санаа, алсын хараа гэдэг ч юм уу, тийм зүйл огт агуулаагүй. Улс төрийн зорилгоор бичсэн худал зүйл ч байхгүй. Хувь хүний түүх боловч бүх гэрчүүд нь шахуу амьд сэрүүн байхад өөрсдийгөө өргөмжлөх үүднээс худал зүйл бичээд ч яах билээ. Хүмүүс өөр өөрийнхөө өнцгөөс л дүгнэх байх. Ямар ч л байсан энэ номыг уншсан хүн харамсахгүй гэдэгт итгэлтэй байна. Би л лав номд дуртайгаа, номоос хэзээ ч салахгүйгээ, олон ном уншихаа, олон ном орчуулахаа, хамгийн гол нь чадна гэдгээ улам баттай ойлгосон.

- Баярлалаа, таны цаашдын ажилд амжилт хүсье.