Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын гадаад бодлогыг иргэдийн олонх нь сайнаар үнэлдэг Азийн 5 улсын нэг Монгол болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Gallup судалгааны байгууллага дэлхийн 133 орны иргэдийг хамруулсан АНУ-ын нэр хүндийг тандах судалгааны тайлангаа өчигдөр танилцуулжээ. Уг судалгаанд дэлхийн тэргүүлэгч гүрэн болох АНУ-ын гадаад бодлого, имиж, нэр хүндийг бусад улс орнуудын иргэд хэрхэн үнэлж байгааг 2018 оны байдлаар Хятад, Герман, Оросын үнэлгээтэй харьцуулж харуулсан юм.

Ингэхэд Германы гадаад бодлогыг дэлхийн улс орнуудын иргэд хамгийн их таатай хүлээж авдаг нь харагдсан байна. Германыг нааштай үнэлсэн голч үзүүлэлт дэлхий дахинд 39 хувь байсан нь хамгийн өндөр байв. Гэхдээ энэ улсын үнэлгээ сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа 40-өөс бага хувьтай гарсан байна.

Дараа нь Хятадын голч үнэлгээ 34 хувь, АНУ-ынх 31 хувь, Оросынх 30 хувь байжээ.

2018 онд Хятад, Оросын нэр хүнд дэлхий дахинд мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Харин АНУ-ын нэр хүнд Дональд Трампын засаглалын эхний жил 18 нэгж хувийн уналттай байсан бол 2018 онд энэ түвшнээ хадгалсан хэвээр байжээ.

Эсрэгээрээ АНУ-ын гадаад бодлогыг сөргөөр үнэлсэн үнэлгээний голч үзүүлэлт 40 хувьд хүрсэн бол Герман 22 хувь, Хятад 28 хувь, Орос 31 хувьтай байна.

Өөрөөр хэлбэл дэлхий дахинд хамгийн муу үнэлэгдсэн гүрэн нь АНУ болжээ.

АНУ-ын нэр хүнд хамгийн их унасан бүс нутаг нь Европ тив болсон байна. Энэ тивд хоёрхон улсын иргэд Вашингтоны гадаад нэр хүндийг эерэгээр үнэлсэн нь Косово (80 хувь), Албани (69 хувь) байсан бол бусад бүх улсуудад сөрөг үнэлгээ нь давамгайлжээ. Косово энэ үзүүлэлтээрээ дэлхийн бүх улсыг тэргүүлсэн юм.

Европ тивд Вашингтоны нэр хүндийг хамгийн багаар үнэлсэн нь Орос (11 хувь), Норвеги (12 хувь), Швед (13 хувь) байв.

АНУ-ыг сайнаар үнэлсэн Европ тивийн голч үзүүлэлт 24 хувь болж, өмнөх жилийнхээс 1 нэгжээр буурсан байна. 

Ази тивд АНУ-ын засаг захиргааг эерэгээр дүгнэсэн тавхан улс байсан нь Израйль (67), Филиппин (61), Монгол (60), Балба (55), Мьянмар (52) байжээ.

Харин Ираны иргэдийн 85 хувь, Палестинчуудын 81 хувь, Йемены иргэдийн 75 хувь Вашингтоны гадаад бодлогыг муугаар үнэлж сөрөг үзүүлэлтээр тэргүүлсэн байна. Ази тив бүхэлдээ Дональд Трампын засаг захиргааны бодлогыг 32 хувийн голчтой эерэгээр үнэлсэн нь өмнөх жилийнхээс 2 нэгжээр өссөн үзүүлэлт ажээ.

Харин Африк тивд Америкийн нэр хүнд хамгийн өндөр буюу 52 хувийн эерэг үнэлгээтэй байна.

Трампын засаглалын талаарх Америк тивийнхний эерэг үнэлгээний голч 31 хувьтай байсан нь өмнөх оны 24 хувиас өссөн үзүүлэлт юм. Канад, Чили, Сальвадороос бусад бүх улсад АНУ-ыг сайнаар харах үзүүлэлт нэмэгджээ.

 

Эх сурвалж: Voice of America