Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

МҮХАҮТ-ын хурал хаалттай хүрээнд "халуухан" болов

У.Сарангэрэл, Үндэсний шуудан
2019 оны 3 сарын 1
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бизнес эрхлэгчдийн “Малгай” байгууллага болох МҮХАҮТ-ын дөрвөн жилд нэг удаа тохиодог хурал халуухан болов. Тус байгууллагын гишүүн 700 орчим бизнес эрхлэгч Соёлын төв өргөөний их танхимд цугларч, өнгөрсөн хугацаанд хийсэн ажилдаа үнэлэлт дүгнэлт өгч, ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлохыг оролдлоо. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, Удирдах зөвлөлийн дарга, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ын дарга О.Амартүвшин, “Буян” компанийг үүсгэн байгуулагч, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл нэр дэвшсэн нь хурлын үйл явцыг сонирхолтой болгов.

Эгнээндээ 4,000 орчим гишүүн нэгтгэсэн МҮХАҮТ төрөөс хараат бус, бизнесийн салбарыг хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байх үүрэгтэй. Энэ утгаараа олон нийтийн өмнө нээлттэй, ил тод байх учиртай. Гэвч XX их хурал гэсэн сүржин нэрийн дор хэвлэлийнхэнд хаалттай болов. Ядаж хурлын танхимын гадна ганц ч үйл ажиллагааны тайлангийн самбар, танилцуулга харагдсангүй.

Гагцхүү танхимын ерөнхийлөгчид нэр дэвшигч “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн “Бизнес манлайлъя, хүчээ нэгтгэе” уриатай танилцуулах ном, хуудас дүүрэн байлаа. Нэг ёсондоо тус хурал булиа эрсээр хаалгаа мануулж, тун хаалттай хүрээнд болсон юм. Гэхдээ цайны завсарлагын үеэр арай нээлттэй болж, зарим хэвлэл мэдээллийнхнийг хуралд орохыг зөвшөөрөв.

МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг танхим 2015-2018 онд зургаан стратегийн зорилт дэвшүүлж, ажилласныг дурдлаа. Тэрбээр “Бид Төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхээр ажилласан. 94 хороо, зөвлөл, ажлын хэсэгт гишүүн болсон. Түүнчлэн эдийн засаг болон бодлогын зөвлөл байгуулсан. Эдийн засаг санхүүгийн чиглэлээр 37 хууль дээр ажилласан. Татварын багц хууль дээр маш олон зүйлийг тусгаж, хэлэлцүүлсэн.

Мөн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийг Татварын багц хуультай уялдуулах саналыг өгсөн. Энэ ондоо багтааж эдийн засаг, бизнесийн хуулиудыг батлуулахаар шаргуу ажиллах болно. Бид өнгөрсөн жилүүдэд Монголын экспортын барааны тоо, хэмжээг нэмэгдүүлэхийн тулд Гадаад харилцааны яамтай хамтран Япон Улстай хамтын ажиллагаа эхлүүлсэн.

2015-2018 онд бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр 41,717 бизнес эрхлэгчийг хамруулан 255 арга хэмжээг зохион байгуулаад байна. Сүүлийн үед судалгаа, шинжилгээ рүү илүү анхаарч, эдийн засгийн сургуулиудтай хамтран ажиллаж эхэлсэн. Орон нутгийн бизнесийг дэмжих чиглэлээр 63 нэр төрлийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. 2000 оноос хойш Герман улстай хамтран Эко бүтээгдэхүүн бий болгох төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл 2022 хүртэл үргэлжилнэ” хэмээн мэдээллээ.

МҮХАҮТ-ЫН НИЙТ ХӨРӨНГӨ 9.7 ТЭРБУМ ТӨГРӨГ
Гэрэл зургийг MPA.mn

Хурлын үеэр МҮХАҮТ-ын санхүүгийн байдлыг танилцууллаа. МҮХАҮТ-ын мөнгөн хөрөнгө 7.3 тэрбум, нийт хөрөнгөөрөө 9.7 тэрбум төгрөгт хүрчээ. Танхим ашгийн бус байгууллага учраас улсаас ямар нэгэн дэмжлэг авалгүйгээр гадаадаас хөрөнгө татаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Өөрсдийн үйлчилгээний зарлагаа орлогоороо нөхдөг гэдгийг МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг онцоллоо.

Танхимын бизнес эрхлэгчдээс авч байгаа татвар нийт орлогынх нь 12 хувийг бүрдүүлдэг байна. Өнгөрсөн жилийн хувьд санхүү нь харьцангуй тогтвортой байсан ч 2017 онд 146 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Энэ нь танхимын зарим нэг үйлчилгээнийх нь патент алдагдаж, үйл ажиллагаа нь доголдсонтой холбоотой гэнэ. Энэ мэдээллийн дагуу хуралд оролцсон зарим гишүүд асуулт асуусан юм.

Зарим асуултаас дурдвал, “Танхим үйл ажиллагааны тайлангаа ерөнхий бүдэг тайлбарлалаа. Тиймээс ерөнхийлөгч нь тайлангаа тавь. Зураасан кодоо яагаад алдчихсан юм. Энэ бол бидний бүтээгдэхүүн хөгжлийн асуудал. Энийгээ яагаад алдчихав. Маш сонирхолтой байна” хэмээв. Хариуд нь, “Бар кодны үйлчилгээ, зарим нэг сургалтууд, патент, барааны тэмдгийн бүртгэл дээр ажилласан хүмүүс өөрийн хувийн бизнес болгож авч явсан. Тэдний ёс зүйгүй байдлаас болж энэ үйл явдал болсон. Эцэст нь танхим маш их хохирол хүлээсэн” гэсэн юм.

МҮХАҮТ-ЫН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ “ШҮДГҮЙ АРСЛАН” ШИГ БАЙДАГ

МҮХАҮТ-ын Хяналтын зөвлөлийн дарга Г.Хонгор хэлэхдээ “Танхим хөгжөөд байна уу, хөвөөд байна уу гэдгийг тодорхойлохын тулд Хяналтын зөвлөл хараат бус, бие даасан зарчмаар ажилласан. Ингээд манай салбарын хууль эрх зүйн орчин ойлгомжгүй, олон давхардалтай байна гэж үнэлсэн. 1995 онд батлагдсан МҮХАҮТ-ын хууль маш ойлгомжгүй. Танхим 2015 онд 2.8 тэрбум төгрөгийн орлого олдог байсан бол хоёр жилийн дараа 4.1 тэрбум төгрөг болтлоо өссөн.

Гэвч дотоод задаргааг нь харвал зарим зүйлийн орлогууд байхгүй болсон. Патентын орлого 263 сая төгрөг байснаа 37 сая төгрөг болж буурч байх жишээтэй. Зураасан кодын орлого 160 сая төгрөг байдаг байсан бол 2018 оны байдлаар орлогогүй болсон байна.

Танхим “Ногоон зээлийн батлан даалтын сан”-г Голландын Засгийн газрын санхүүжилтээр 2007 онд үүсгэн байгуулсан. Танхимын дэргэдэх төрийн бус байгууллага. Зорилго нь ногоон, байгаль орчинд ээлтэй хөрөнгө оруулалтыг хангах зорилготой. Гэтэл аудитын дүгнэлтээр сангийн үйл ажиллагааг дүрмийн дагуу явуулаагүй. Зээлийн хүүгийн төлөлтийн байдлыг шалгахад найман аж ахуйн нэгж, долоон хувь хүний 639 сая төгрөгийн зээл, 259.5 сая төгрөгийн зээлийн хүүг тооцож, данс бүртгэлд тусгаж аваагүй нь илэрсэн. Мөн танхимын дүрмийг боловсронгуй болгох шаардлагатай.

Дөнгөж хөл дээрээ босох гэж байгаа бизнестээ анхаарал хандуулах хэрэгтэй. Бидний гаргасан бодлогын зөвлөмжүүдийг хоосон цаас болгодог учраас Хяналтын зөвлөл “Шүдгүй арслан” шиг байна. Хяналтын зөвлөлийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, хэлэлцүүлдэг байх хэрэгтэй” гэсэн юм. Тус танилцуулгын дараа хуралд оролцогчид санал, шүүмж хэллээ. Заримаас нь дурдвал “Монголын компаниуд хэчнээн төрлийн үйл ажиллагаа явуулаад байна. Уул уурхайн салбарын судалгаа байдаг. Гэтэл бизнес, худалдаа үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлүүд, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг сонсмоор байсан.

Гэвч танилцуулсангүй. Ирээдүйд Монголын бизнес ямар түвшинд очих гээд байгаа юм бэ. Танхим олон улсын худалдааны танхимтай хамтарч ажилладаг. Энэ чиглэлээр танхимын гишүүд маш олон гадаад арга хэмжээнд оролцсон байна. Боловсон хүчний асуудал үнэхээр тулгамдаж байна. Танхим дөрвөн тэрбум төгрөг зарцуулсан байна. Гаднаас мөнгө олдог юм байна. Үүнийгээ ямар зүйлд зарцуулав гэдэг нь тодорхой бус. Хяналтын хорооны тайлан хэтэрхий ерөнхий болчихлоо. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд МҮХАҮТ санал өгөхдөө бидний төлөө байсан гэдэг нь эргэлзээтэй байгаа” зэрэг санал, шүүмж хэлж байлаа.

ТАНХИМ ГИШҮҮНЧЛЭЛИЙН АСУУДЛАА ТОДОРХОЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

UFC группийн ТУЗ-ын дарга О.Амартүвшин:

-Танхим гэдэг байгууллагын зорилго бол компаниуд-тайгаа нийлж бизнесийн орчныг сайжруулах, үйл ажиллагаагаа өр-гөжүүлж, эвлэл-дэн нэгдэж, төр засагт дуу хоолойгоо хүргэхээр байгуулагдсан. Өөрийн хуультай, дүрмийн бүс байгууллага. Танхим олон улсын жишигт хүрсэн үйл ажиллагаа явуулж байна гэвэл үгүй. Яагаад гэвэл Монголд 150 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Үүний 40 гаруй мянга нь үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл өнөөдөр их хурал дээр 700 орчим компани ирж байна шүү дээ.

Тэд Монголын нийт бизнесийг төлөөлж байна уу гэвэл тооны хувьд чадахгүй байна. Цаашдаа танхим яах ёстой вэ гэхээр гишүүнчлэлийн асуудлаа тодорхой болгох хэрэгтэй. Хэн нэгэн хүн компани байгуулсан бол танхимдаа заавал бүртгүүлдэг, үйл ажиллагааных нь чиглэлд хамрагдаж, эргээд танхим нь хамгаалж, төр засагтай яаж ажиллах уу гэдэг дээр суурь орчныг нь бүрдүүлж өт байх ёстой юм л даа.

ОРОН НУТГИЙН КОМПАНИУДЫГ СОНГУУЛЬТ АЖИЛДАА ЛОББИДСОН БАЙЖ МАГАДГҮЙ

БНН-ын дарга Б.Жаргалсайхан: 

-“Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэ-дэг шиг аливаа компанит ажил зохион байгуулж байгаа бол чин сэтгэлээсээ оролцдог болох хэрэгтэй. Тэр соёлыг эзэмших хэрэгтэй байна. Тэгээд нэг сонгуульт ажил хийхээрээ булхай, луйвар элдэв болсон болоогүй явуургүй, талцал хуваагдал ажиглагдах юм. Энд оролцож байгаа хүмүүс сэтгэл зүрхнээсээ оролцох ёстой. 

УИХ-ын сонгууль юу болж хувирдаг билээ. Сонгуулиар хэдэн халтар цаасаар үзэл бодлоо хэрхэн худалддаг билээ. Энэ бүхэн МҮХАҮТ-ын их хурлаар харагдаж байна шүү дээ. Танхим хэний эрх үүргийг хамгаалах вэ гэдэг асуудлаа хэлэлцэж, ярилцах гэж цугларсан байх. Дөрвөн жилд нэг удаа удирдлагаа сонгодог. Тэр нь ил тод байгаасай гэж бодож байна.

Орон нутгийн компаниуд сонгуульт ажилд оролцохоороо бусдын захиалгаар оролцдог. Энэ зааланд 200 орчим орон нутгийн төлөөллүүд ороод суучихсан байна. Эд нар маань ямар захиалга аваад, ямар даалгавраар орж ирэв гэдэг нь эргэлзээтэй. Үнэхээр танхимынхаа ажлыг өөд нь татаж, бизнесийн орчныг сайжруулах зорилгоор ирэв үү, хэн нэгэн даргыг сонгох гэж ирэв үү. Мэдээж хуулинд захирагдах ёстой шүү дээ. Даанч харамсалтай нь хуулиа уландаа гишгэж, зарим хүмүүсийг лоббидсон байж магадгүй гэсэн хардлага байна.

ХУУЛЬ БУС ХУРАЛ БОЛЛОО
Гэрэл зургийг MPA.mn

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг: 

-Би танхимын хурлыг хэвлэлд нээлттэй явуулаач ээ гэдэг уриалга гаргасан. Төрийн бус байгууллага гишүүндээ болон нийгэмдээ нээлттэй үйл ажиллагаа явуулна гэдэг хуультай. Би шударга ёсонд дуртай. Гэтэл хурлыг даргалж байгаа нөхдүүд өөрсдийгөө нэр дэвшүүлж, индэр дээрээс бусдын саналыг хүлээж авахгүй алх цохиод сууж байна. Уг нь удирдлагын сонгуульд нь хүмүүс нэрээ дэвшүүлээд байгаа юм шүү дээ. Гэтэл нэрийг нь оруулахгүй. Саналыг нь сонсохгүй.

“Та нарт шүүхийг шийдвэр ирчихлээ. Үүнтэй соёлтойхон танилцаач ээ” гэхээр “Монголын шүүх, хууль хамаагүй” гэж асуудалд хандаж байгаа нь надад таалагдахгүй байна. Тэгэхээр энэ хуралд, хар хайрцагт байх уу, байхгүй юу гэдэг асуудлыг ярих хэрэгтэй болж байна. Дүрмийн бус аргаар үймүүлдэг хүмүүсийг авчраад суулгачихсан. Тэд нар нь хашхиралдаад л ямар ч эрүүл саруул мэтгэлцээн явах боломжгүй байна.

Нөгөө талаасаа энэ хурал хууль бус. Шүүхийн захирамж гарчихаад байхад хүлээж авсангүй. Б.Лхагважавын “Дүрэмд түр өөрчлөлт оруулах эрх удирдах зөвлөлд байхгүй” гэдэг захирамж гарсан. Дүрмийн 7.9.1 заалтыг шүүх хүчин төгөлдөр биш гэж үзчихээд байхад нөхдүүд тухайлбал, надад зориулж дүрэмд өөрчлөлт оруулж байгаад түр дүрэм гэдгээрээ энэ хурлаа явуулчихаж байгаа юм.

Дугаар шилжих мөчид буюу 23.30 цагт МҮХАҮТ-ын ерөнхийлөгч сонгогдоогүй л байлаа.

Зураг