Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийг цахим донтолтоос гаргах нь дан ганц эмчийн үүрэг биш

Ц.Дуламсүрэн, Үндэсний шуудан
2019 оны 2 сарын 28
Үндэсний шуудан
 

Гар утас, компьютер, телевиз гэх мэт зүйлээс харц салгахаа больсон хүмүүсийг эмч “Дэлгэцийн хамааралтай хүмүүс” гэж нэрлэнэ. Ийм хамааралтай болж донтсон хүмүүс болон хүүхдүүд сэтгэцийн эмнэлгийн хаалгыг татахаас аргагүйд хүрдэг болжээ. Энэ асуудлыг хөндөж, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өсвөр үеийнхний талаар мэдээлэл авахын тулд эмнэлгийн дэд захирлаас зөвшөөрөл авч, Хүүхэд, өсвөр үеийн клиникийн ахлах зэргийн сэтгэцийн эмч Л.Цэрэндолгортой уулзахаар тасаг руу оров. Нэгдүгээр давхарт “Хүүхдийн тасаг” гэж бичсэн боловч Хүлээн авах болон хажуугийн бүргэд хаалга нь цоожтой байх юм. Хоёрдугаар давхарт гарч лавлаваас өнөөх л нэг давхрыг заав.

Доош уруудах үед залуухан эмчтэй таарсан бөгөөд тэрбээр мөн Л.Цэрэндолгор эмчтэй уулзахаар явж байгаа нь энэ аж. Бид нэг давхар руу бууж, сувилагчийг дуудаад лавлавал, эмч хуралд орсон учир хэсэг хүлээх ёстойг учирлав. Ойр тойрноо ажиглавал хоёр ч гэр бүл хүүхдээ эргэж яваа бололтой хоол, цай болон сууна. Мөн утсаа оролдон сууж байгаа дунд эргэм насны эрэгтэй харагдана.

Тус өрөөг “Эргэлтийн өрөө” гэж нэрлэдэг бөгөөд ханаа дагасан улбар шар урт буйдантай, голдоо том цагаан ширээтэй. Зүүн талд аав, охин хоёр сууж байсан бөгөөд охин хоолоо идэж, гэр бүлийнхнээ асуун аавтайгаа ярилцана. Харин эсрэг талд суух гэр бүлийн хувьд хэвтэн эмчлүүлж буй хүү ээж, аавтайгаа шивнэх шахуу ярих аж. Тэрбээр ээж аавыгаа юм асуухад маш товчхон “тийм”, “үгүй”, “идсэн”, “дуусаагүй” зэргээр хариулж байв.

Тэдний эсрэг талд хоол идэж суусан охин “Танай хүү мундаг шүү” гэж хэлэхэд хүүгийн аав, ээж түүний хэлсэн үгийг дуртайяа хүлээн авч, хүүгийнхээ толгойг илж “Миний хүү зөндөө найзтай болж байгаа юм байна даа” гэв. Хүүгийн эгч “Эмнэлгээс гараад сургуулиа амрахаар хөдөө очоорой. Тэнд гэр интернет гэдэг юм байдаг шүү” гэж хэлэхэд аав, ээж хоёр нь түүний үгэнд дургүйлхэж “Чи юу ярьж байна, дахиж интернет орж утас, компьютер үзэхгүй” гэж уцаарлав.

Энэ хүү бидний сурвалжлахаар зорьж очсон дэлгэцийн хамааралд орсон хүүхдийн нэг болж таарлаа. Ээж нь хүүгээ хоол идээд хөлрөх үед “Маш их ядарчээ, хүйтэн хөлс нь цуваад. Хөлийг нь үзье” гээд дулаацуулна. Хүүгийн гаднах байдлаас харахад бараг есдүгээр ангийн сурагч шиг харагдах боловч бие дааж юм хийж чадах нь бүү хэл, чөлөөтэй сэтгэж, ярьж чаддаггүй бололтой.

Биднийг ийн сууж байх үед вакуум хаалганы цаана намхан, мариалаг охин нааш цааш холхисоор л байв. Тэр хүүхдийн талаар хүүгээ хооллож буй ээж “Баянхонгорын хүүхэд юм гэнэ лээ. Хол болохоор ч тэр үү эргэлт ирдэггүй юм” гэлээ. Охины хажуугаар дунд ангийн бололтой өндөр хүү зөрөн өнгөрөхдөө толгойгоо вакуум цонхонд хүчтэй мөргөчихөөд яваад өгөв. Хүчтэй мөргөсөн байтал толгой нь өвдсөн шинжгүй өнгөрөх хүүг хараад цочих шиг болсон юм.

Энэ үед дөрвөн настай болов уу гэмээр бяцхан хүүгээ дагуулсан залуухан эмэгтэй бидний дэргэд суух залуугийн зүг тасгаас гарч ирэв. Тэд эмчид хүүгээ үзүүлээд эм бичүүлж авахаар хэсэг хүлээв. Хүү тэр үед “Тобот” хэмээх хүүхэлдэйн киноны тухай ярьж, хөлөө савчин зодоон ярьж эхлэхэд “Өнөөдрөөс эхлээд зодоон цохион, муухай мангас, амьтдын талаар ерөөсөө ярихгүй гэж сая хоёулаа эмчдээ амласан тэ” гэж ээж нь хэллээ.

Тэднийг явсны дараахан хүүхдүүд шуугилдаж, эмч нар орилолдож, жижүүр сувилагч баруун талын плат руу гүйж гарав. “Хүүхдүүд зодолдож байна” гэж аавтайгаа уулзаж буй охин хэллээ. Эмч гарч ирж бид түүнтэй ирсэн зорилгынхоо дагуу ийн ярилцав.

-Танай эмнэлэгт ихэвчлэн хэдэн насны хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна вэ?

-Манай Хүүхдийн клиник 3-18 насны хүүхдүүд сэтгэцийн тулгамдсан асуудал болон сэтгэцийн эмгэгийн асуудлаар эмчилгээ үйлчилгээнд хамрагддаг. Харин дэлгэцийн донтолт болон цахим хэрэглээг хэтрүүлэн хэрэглэснээс болж эмнэлэгт хандаж байгаа хүүхдүүдийн хувьд 10-17 насныхан зонхилж байна. Түүнээс бага насны хүүхдүүд хэвтэж эмчлүүлэх нь цөөн бөгөөд гэрээрээ эм бичүүлж авдаг. Бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн ирэх шалтгаан нь нэг боловч илрэх шинж тэмдэг нь өөр байдаг.

-Одоогийн байдлаар цахим тоглоомд донтож хэвтэн эмчлүүлж байгаа хэдэн хүүхэд байгаа вэ?

-Нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй хүүхэд эмчлүүлж байна. Харин зохисгүй цахим хэрэглээнээс болж сэтгэцийн өөрчлөлтөд орсон хүүхэд цөөнгүй бий. Тэр дундаа охид фейсбүүкт донтох мөн цахим тоглоомд донтох болсон.

Хүүхэд болгоны дэлгэцийн хэрэглээ өөр өөр байдаг. Тухайн зүйлийн хэрэглээ хэтэрч, донтох түвшинд хүрсэн шинж тэмдгүүдийг дараах байдлаар ангилдаг. Үүнд, Бие мах бодийн өөрчлөлт буюу телевиз, компьютер утас зэргийг удаан хугацаанд үзэж эхлэхэд хамгийн түрүүнд нүдний угаар чилэх, хүзүү хөших, нуруу чилэх зэрэг бие махбодын шинж тэмдгүүд илэрнэ.

Танин мэдэхүйн өөрчлөлт буюу удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлж, оюуны өндөр ачааллыг авч тоглож байгаа гэдэг утгаараа анхаарал төвлөрөлт муу болж, ой тогтоолт муудаж, амархан мартдаг болдог. Мөн өмнө нь сонирхдог байсан зүйлээ хийхээ болих гэх мэт сөрөг нөлөөтэй.

Сэтгэл санааны өөрчлөлт буюу зав гарах л юм бол дахиад тоглох юмсан, үзэх юмсан гэсэн хүсэл өөрт нь төрдөг болчихдог. Байнга тоглодог тоглоомоо дараа нь юу байгаа бол, нэг үеийг нь давчихвал үүнийг дахиад ахиулах юмсан гэсэн хүсэл төрнө. Үүнээс болоод тоглоомоос нь холдуулах гэж оролдоход сэтгэл санаа нь өөрчлөгдөж уурлаж бухимдах байдлаар эсэргүүцлээ илэрхийлдэг.

Эсэргүүцлийн эцсийн цэг буюу уурлаж бухимдсан хүүхэд эд юмс шидлэх, өөрийгөө болон өрөөлийг гэмтээх зэргээр хоригийг хүлээж авахаа болино. Энэ шинж тэмдэг бол тухайн зүйлдээ бүрэн донтсон байгааг харуулж байгаа юм.

-Дэлгэц, цахим тоглоомд донтох хүүхдийн тоо эрс нэмэгдсэн гэсэн үү?

-2013 оноос дэлгэцийн донтолт гэсэн шалтгаанаар эмнэлэгт хандах хүүхэд ихэссэн бөгөөд тухайн үед жилдээ 30 хүүхэд хэвтэж эмчлүүлж байсан. Гэтэл 2017 онд 94 буюу гурав дахин ихэссэн, харин 2018 онд 56 болж буурсан. Буурсан шалтгаан бол эцэг эхчүүд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зохисгүй цахим хэрэглээ түүнээс үүдсэн эрсдэлтэй шинж тэмдгүүдийн талаарх мэдээлэлтэй болсонтой холбоотой. Донтохоос өмнө, сэтгэл санаанд нь өөрчлөлт гараад эхэлсэн үед эмчид үзүүлж, зөвлөгөө авч энэ байдлыг таслан зогсоодог болсон учраас хэвтэн эмчлүүлэх нь багасах болсон.

-Эмчлүүлсэн хүүхдүүдийн өвчин сэдэрч дахин ирэх тохиолдол байдаг уу?

-Байдаг. Сэтгэл санаа, зан үйлийн гүнзгий өөрчлөлтөд орсон хүүхдүүд эргэж хэвтэх тохиолдол байна. Яагаад гэвэл тухайн дадал болсон зүйл хэвшээд тогтчихсон бол хүүхдүүдэд тоглоомын өчүүхэн сэдэл төрөхөд л дахиж тоглох, мөн сэдэл төрөөгүй ч эмнэлгээс гарсан учир өөрөө эрэлхийлж тоглох хандлага ажиглагддаг.

-Хэр хугацаанд эмчилдэг вэ?

-Тасагт 10-14 хоног хэвтэж эмчлүүлдэг бөгөөд энэ хугацаанд донтсон хүүхдүүдэд илэрдэг ядрах, сульдах, нойргүйдэх, сэтгэл санаа тогтворгүй болох гэх мэт шинж тэмдэгт эмээр эмчлэх мөн сэтгэл заслаар эмчлэх эмчилгээ хийдэг юм. Сэтгэл заслын эмчилгээг танин мэдэхүйн эмчилгээгээр эхэлдэг. Энэ нь тухайн хүүхдэд хор уршгийг нь тайлбарлаж, өөрт нь гарсан шинж тэмдгүүдийг ойлгуулснаар би энэ зүйлд донтсон юм байна гэдгийг хүлээн зөвшөөрүүлнэ.

Ингэснээр түүнээс гарах зөв арга замыг тайлбарлаж, эргэж орохгүй байх тал дээр анхаарч ажилладаг. Мөн эмнэлгээс гарсны дараа эцэг, эхийн хяналттайгаар сэтгэл заслын эмчилгээ үргэлжлэх ёстой. Эмнэлэгт тодорхой хугацааны турш байнгын хяналттай байх ёстой бөгөөд энэ нь 3-6 cap үргэлжилнэ.

-Хүүхдүүд дэлгэцийн хамааралтай болж, донтож байгаад хэн буруутай вэ?

-Жишээ нь, pubg, dota, counter strike зэрэг тоглоомд донтсон хүүхдүүдэд тоглуулж байгаа тоглоомын газрын ашиг сонирхол нөлөөлсөн байж болно. Есөөс доош насны хүүхдэд 18.00 цагаас хойш үйлчлэхгүй гэсэн хууль дүрмийн дагуу ажиллаж чадаж байна уу, эсвэл хоногоор тоглох боломжоор нь хангаж байна уу гэдэгт хяналт маш сул байна. Нөгөөтэйгүүр хүүхдэд хараа хяналт тавих ёстой, буруу зөвийг танин мэдүүлэх, дэмжиж, харах асрах ёстой эцэг, эхчүүдийн буруу ч байна.

Эцэг, эхчүүд өөрсдөө зарим талаар буруу үлгэр дуурайлал үзүүлдэг гэдэг нь манай байгууллагад ирдэг хүүхдүүдээс харагддаг. Тэдэнд саад болох, хоолоо идэхгүй байх үед нь утсаа өгөөд тоглуулдаг нь хүүхдэд зуршил болох, донтох үүдийг нь нээгээд өгч байгаа юм. Эсвэл тухайн гэрт хүүхэд байхад төвөгтэй тохиолдолд хүүхдүүд өөр зүйл эрэлхийлж, гэртээ очихыг хүсэхгүй болно.

Учир нь эцэг, эх нь архи уудаг, агсан тавьдаг, ямар нэгэн хүчирхийлэл байгаа бол утсаа оролдож суух, PC тоглож сэтгэл санаагаа тайвшруулах, цаг нөхцөөх зорилготой үйлдлүүд гаргах болдог. Хүүхэд зүгээр байж байгаад донтдоггүй, донтсон хүүхэд болгоны цаана заавал асуудал байна. Мөн дан ганц эцэг эх гэлтгүй, анги сургуулийн дарамт, хэтэрхий эрх задгай өссөн зэрэг хүмүүжлийн доголдол ч нөлөөлдөг. Тиймээс эдгээр олон шалтгааныг илрүүлж, сэтгэл заслын эмчилгээ хийх ёстой. Энэ нь дан ганц эмчийн үүрэг биш эцэг, эхчүүд ч хамтарч ажиллах ёстой болдог.

-Сүүлийн үед нас үл харгалзан PUBG тоглоомыг тоглох болж. Үүнээс болоод сэтгэцийн эмнэлгийн ачаалал ихэссэн гэсэн мэдээлэл цацагдах болсон энэ үнэн үү?

-Яг PUBG-aac болж байна гэж хэлэх нь өрөөсгөл. Өмнө нь донтогсдоос “Ямар тоглоом тоглодог вэ” гэж асуухад couter, dota гэж хариулдаг байсан бол харин одоо үед pubg тоглодог гэж хэлэх хүн олширсон.

-Насанд хүрэгчид өсвөр үеийнхнийг уруу татаж байгаа харагддаг. Насан хүрэгчид хэр ирж, эмчлүүлж байна?

-Том хүмүүсийн хувьд ирж үзүүлээд, хэвтэж эмчлүүлэх тохиолдол маш ховор. Яагаад гэвэл тэд насанд хүрч, биеэ дааж амьдарч байгаа учир өөрийнхөө тийм байдалд орсныг хүлээн зөвшөөрдөггүй. Чөлөөт цагаа өнгөрөөж байгаа нэг хэлбэр, хааяа л тоглодог, энэ бол спорт гэх мэтээр өөрийгөө өмөөрдөг. 19, 20 настай хүмүүсийн эцэг, эхчүүд эмнэлэгт ирж зөвлөгөө авдаг. Тэднийг хүүхдээ аваад ир гэж хэлэхээр “Очихгүй гээд байна аа” гэсэн тайлбар хэлдэг.

Бага дээр нь л дадал зуршлыг нь зөв зүйл рүү чиглүүлэхгүй бол насан туршдаа ийм байдалтай амьдралыг өнгөрөөвөл харамсмаар хэрэг. Насанд хүрэгчдэд анхааруулж хэлэхэд хүүхдийнхээ дэргэд битгий муу үлгэр дуурайлал үзүүлээч ээ. Саяхан манайд унтаж чадахаа больчихсон хүүхэд ирсэн. Яагаад гэвэл аав нь pubg тоглодог. Түүнээс болоод нүдээ анихаар л цус нөж, элдэв алаан хядлага харагддаг. Энэ нь тухайн хүүхэд галзуурахад бэлэн болсон байна аа гэсэн үг.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гарч МУИС-ийн замын эсрэг талд байрлах 09.00-23.00 цагийн хооронд ажилладаг PC тоглоомын газар оров. Уг газар нь хамгийн их суудалтай тоглоомын төв гэдгээрээ алдартай бөгөөд удаан хугацаанд сууж тоглодог хүмүүст зориулж бургер, ус, ундаа мэтийн зүйлс худалдана. 300 суудалтай тус газраар оюутан залуус түлхүү үйлчлүүлдэг.

Биднийг 14.30 цагт ороход 41 суудал хоосон байсан бөгөөд кино театрт кино үзэх гэж байгаа юм шиг суудлаа хэсэг нөхдийн хамт дэлгэцээр сонгож байв. Компьютерийн дэлгэцийг харахад суудлын номер ногоон болон улаан дөрвөлжин дотор харагдана. Улаан өнгө нь хоосон суудлыг илтгэж, ногоон нь цаг авсныг харуулж байгаа бөгөөд түүнийг тойрсон шар хүрээ нь дуусах цагийг илтгэдэг аж.

Дараа нь бид ерөнхий боловсролын сургуулийн ойролцоох тоглоомын газраар ямар хүмүүс үйлчлүүлж байгааг харахаар 17.30 цагийн үед 21 дүгээр сургуулийн ойролцоох 40 суудалтай тоглоомын төвд очив. Ороход харанхуй тул үзэгдэх орчин бүдэг харагдана. Энэ үед ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн хоёр сурагч компьютерээ холбон counter хэмээх тоглоомыг сурамгай тоглож байх нь тэр.

Насанд хүрэгчдийн дийлэнх нь эмчийн жишээн дээр дурдсан хүүгээ айлгасан аавын тоглодог PUBG хэмээх тоглоомыг тоглож байв. PUBG гэдэг нь Player Unknowm’s Battlegrounds хэмээх үгний товчлол бөгөөд БНСУ-ын видео тоглоом үйлдвэрлэгч Bluehole компани 2017 оны гуравдугаар сард гаргасан билээ.

Биднийг ороод төд удалгүй байтал арваад залуу орж ирэн зэрэгцээ, эсвэл эсвэл өөд өөдөөсөө харсан суудал олохоор нааш, цааш холхилдоно. РС-нд сууж байгаа, орж ирж байгаа залуучууд дийлэнх нь 18-25 насныхан. Урин дулаан цаг ирж, утаа тортог арилж буй энэ үед цагийг зугаатай өнгөрөөх ёстой залуус харанхуй өрөөнд дэлгэцийн цаана хонон, өнжин сууж байгаа нь эмчийн хэлсэн дэлгэцийн хамааралд орох хүмүүсийн тоог улам нэмж байна. Идэр залуу насны хөвгүүд эцэг эх, эхнэр хүүхэд, цаашлаад эх орноо хайрлаж хамгаалах ёстойгоо умартан өөрийн зугааг илүүд үзэж байгаа нь харамсмаар.

Зураг