Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын цагдаа “явдлаар таних” системийг туршиж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хятадын хиймэл оюуны технологийн Watrix компани хүнийг явдлаар нь таних камерын хяналтын системийг бий болгосон юм.

Уг систем нь хүний нүүр харагдаж байгаа эсэхээс үл хамааран 50 метрийн холоос ч явдлаар нь таних чадвартай ажээ. Царайгаар таних системээс ялгаатай нь явдлаар таних (gait recognition) технологи хүний алхах хэлбэр, гарын байрлал, хөдөлгөөн, өнцөг зэрэг дээр шинжилгээ хийж, өндөр нарийвчлалтай илрүүлдэг юм.

Шинэ системийн 2.0 хувилбарыг өнгөрсөн долоо хоногт гаргасан бөгөөд Бээжин, Шанхай, Чончинь хотуудын цагдаагийн газрууд туршилтаар ашиглаж эхэлснийг Watrix компанийн үүсгэн байгуулагчдын нэг Хуань Ёнжэнь хэвлэлд ярьжээ.

 
Watrix компанийн үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирал Хуань Ёнжэнь

Одоогоор Хятад даяар 300,000 орчим гэмт этгээд эрэн сурвалжлагдаж байгаа бөгөөд тэдний явдлын онцлогийг агуулсан мэдээлэл өгөгдлийн санд нь орсныг Хуан баталж байна.

2016 онд Бээжинд байгуулагдсан Watrix компани өнөөдөр явдлаар таних технологиор дэлхийд тэргүүлж, АНУ, Хятадад нийтдээ 50 патент эзэмшдэг болжээ.

Мөн хүн таних нарийвчлал нь лабораторийн түвшинд 96 хувийг даваад байгаа гэнэ.

Хятадын Төрийн Зөвлөл 2017 оны долдугаар сард “Хиймэл Оюун Ухааныг хөгжүүлэх төлөвлөгөө” гаргаж баталсан нь 2030 он хүртэл хэрэгжих гурван шаттай хөтөлбөр юм.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын дундуур “Хиймэл Оюуны салбарт Америкийн манлайлал”-ыг хадгалахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх захирамжийг гаргасан байна.

 

Эх сурвалж: South China Morning Post