Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Долгорсүрэн: СЗХ анх удаа жижиг хувьцаа эзэмшигчдийг төлөөлж УИД ХК-ийг шүүхэд өгч байсан

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Их дэлгүүрийн маргаанаас үүдэлтэйгээр нээлттэй компаниуд дахь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалахад Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) хэрхэн ажиллаж байгаа талаар СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнгээс тодрууллаа.

 
Гэрэл зургийг MPA.mn

- Сүүлийн үед хөрөнгийн зах зээл идэвхжиж байгаа ч жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тал дээр сул байдал ажиглагдсаар байна.  СЗХ жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалахаар хэрхэн ажиллаж байна вэ?

- Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой асуудлыг ярихаас өмнө зарим зүйлийг, тухайлбал, жижиг хувьцаа эзэмшигч гэдэг асуудлыг тодруулах нь зүйтэй.

Манай улсад 1991 оноос хэрэгжүүлсэн өмч хувьчлалын үр дүнд  төрийн эзэмшлийн  аж ахуй нэгжийг ард түмэнд хувааж эзэмшүүлснээр 475 хувьцаат компани бий болсон.  Өмч хувааж, хувьцаа эзэмшүүлсэнийг ард түмнийг хөрөнгөтэй болгосон гэж нэг талаас, харж байсан  боловч тухайн хөрөнгийг захиран зарцуулах, үр ашигтай ашиглах ойлголтыг хүн бүрт тэгш өгч чадаагүй. Нөгөө талаас, төр болон иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголт бүрэн байгаагүй. Үүнтэй холбоотойгоор компанийн хувьцааны төвлөрөл үүсэх нөхцөл бий болсон гэж үздэг.

Үндсэндээ  хоёр замаар хувьцааны төвлөрөл явагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Нэгдүгээрт,  иргэд, олон нийт хувьцааны үнэ цэнийг мэдэхгүй байсантайгаар өөрийн хувьцаагаа борлуулах замаар мөнгөжүүлсэн.

Нэг ёсондоо тухайн компанийн зарим хувьцаа эзэмшигч бусдаас болон ах дүү, найз нөхдийнхөө хүрээнд хувьцааг худалдаж авах замаар цуглуулж авсан. 

Хоёрдугаарт, 1994-2000 оны хооронд санхүүгийн зах зээл дээр сахилга бат сул байсан, иргэд ямар компанийн хэчнээн ширхэг хувьцаатай байгаагаа сонирхдоггүй, мэддэггүй байсан зэргийг далимдуулан хүмүүсийн хувьцааг хууль бусаар зарсан, арилжсан асуудал их хэмжээгээр гарсан. Энэ нь хувьцааны төвлөрлийг бий болгосон байдаг. Нэгэнт хувьцааны төвлөрөл бий болоход тухай компанид цөөн тооны хувьцаа ээзмшдэг буюу компанийн үйл ажиллагаа, аливаа шийдвэр гаргахад шууд оролцох боломж нь хязгаарлагдсан хэсэг хувьцаа эзмшигчид бий болсон. Эдгээрийг жижиг хувьцаа эзэмшигч гэж хэлээд байгаа юм.

Тухайн компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой  этгээдүүд компанийн хувь заяаг өөрийн хүсэл эрмэлзэлдээ нийцүүлэх, бусад жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг үл тоомсорлох зэрэг асуудлууд үүнийг дагаад бий болсон. Энэ нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргааныг бий болгох үндэс болгосон. Үүнийг дагаад жижиг хувьцаа эзмшигчдийн эрх ашгийг хэн, хэрхэн хамгаалах вэ гэдэг асуултыг бий болгосон.

Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигч нь хуулиар хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, эзэмшиж буй хувьцааныхаа тоогоор саналаа өгч, ногдол ашиг авах, компани татан буугдсан тохиолдолд үлдсэн хөрөнгөнөөс нь өөрийн эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр хөрөнгө авах эрхийг хэрхэн хангах вэ гэдэг асуудал яригдах болсон.

Иймээс СЗХ үүсгэн байгуулагдсан 2006 оноос хойш энэ чиглэлд гол анхаарлаа хандуулж ирсэн. Үүний тод илрэл нь 2011 оноос Компанийн тухай болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгад тусгагдсан компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахын асуудал, түүний хэрэгжилтийг хангуулах чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг  авч хэрэгжүүлж ирлээ.

- Өнөөдрийг хүртэл яг ямар арга хэмжээ авснаа товч танилцуулахгүй юу?

- Нэгдүгээрт, компаниуд заавал ногдол ашгийн талаар ярьж, хуваарилах эсэх асуудлаа шийддэг болчихсон.

Өөрөөр хэлбэл, санхүүгийн жил дууссанааас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх асуудлаа шийддэг болсон. Өнөөдрийн байдлаар 64 компани ногдол ашиг олгох уу, олгохгүй юу гэх шийдвэрийг гаргаж, Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн байна. Үүнээс дөрөвний нэг орчим компани нь ямар нэг хэмжээгээр ногдол ашгаа хуваарилна гэсэн байна.

Хоёрдугаарт, хувьцаа эзмшигчдийн ээлжит бус хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулах  хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдлийг заавал ирүүлэхийг шаардаж авдаг болсон. Хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдлийн хугацаа дуусахаас өмнө мэдэгдлээ ирүүлэхгүй бол тухайн компани хурлаа хийх боломжгүй болно.

Ирүүлсэн мэдэгдэлд олон нийтэд хүрэх суваг буюу хэзээ, хаана, хэдэн цагаас болох гэдгийг нь тодорхой зааж өгсөн байх ёстой. Ер нь хамгийн их хувьцаа эзэмшигчид оролцох боломжтой газар л хурлаа хийх ёстой. Тэгэлгүйгээр хамгийн том хувьцаа эзэмшигч нь Эрдэнэтэд байна гээд тэр газар хурлаа хийж болохгүй.

Гуравдугаарт, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтаа Санхүүгийн зохицуулах хороо руу явуулах ёстой. Хэрвээ зард тусгагдаагүй өөр асуудлаар хэлэлцвэл тэр асуудлыг  нь хүчингүйд тооцно.

Дөрөвдүгээрт, хэрэв хуулиар зохицуулсан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлаагүй, хийгээгүй, хийсэн хурал нь хуульд нийцээгүй бол Санхүүгийн зохицуулах хорооноос тухайн компанийн ТУЗ нь зөвхөн ээлжит бус харал зарлахаас өөр эрх зүйн чадамжгүй болсон талаар олон нийтэд зарладаг.

Эдгээр нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, тэдгээрийн хувьцаа эзэмшигчдийн хуралдаа оролцох боломж, санал өгөх эрхийг нь хамгаалж буй хэрэг юм.

-Хувьцааны төвлөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос хэрхэн зохицуулдаг вэ?

- Санхүүгийн зохицуулах хороо хувьцааны төвлөрлийг сааруулах чиглэлд нэг л том бодлого баримталж байгаа. Сүүлийн гурав, дөрвөн жилээс эхлэн нэмж үнэт цаас гарч буй тохиолдолд 25 ба түүнээс дээш хувийг  олон нийтэд санал болго гэсэн шаардлагыг хэрэгжүүлж байна.

 - Жижиг хувьцаа эзэмшигчид Санхүүгийн зохицуулах хороогоор дамжилгүйгээр хувиараа гомдол гаргах эрх нь нээлттэй юу?

- Хуулийн дагуу хэн ч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэхдээ жижиг хувьцаа эзэмшигчид өөрсдөө нэхэмжилж шүүхэд хандвал тэмдэгтийн хураамжийн төлбөртэй холбоотой хүндрэл гардаг, зарим тохиолдолд хураамж нь өндөр тул хэцүү байдаг.

2014 оноос мөрдөж эхэлсэн Үнэт цаасны зах зээлйин тухай хуульд, үнэт цаас гаргагч, эсхүл түүний эрх бүхий албан тушаалтан нь хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хохироосон, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл хороо хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж болох тухай заалтыг оруулсан. СЗХ төрийн байгууллага тул тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг давуу эрхээ эдлэх боломжийг нээсэн.

Иймээс СЗХ хувьцаа эзэмшигчдийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан удаатай.

- Тэгвэл Улсын Их дэлгүүрийн асуудал дээр энэ эрхээ ашигласан юм байна. Тийм үү?

- Яг тийм. СЗХ анх удаа 2015 онд энэ эрхээ “УИД” ХК-ийн жижиг хувьцаа ээзмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ашигласан. Тэдгээрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

- УИД ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл, Д.Ангар  Б.Даваасүрэн даргыг УИД-ийн талаар шүүхэд гаргасан гомдлоо тодорхойгүй үндэслэлээр татсанаа өнөөдрийг хүртэл олон нийтэд танилцуулаагүй гэдгээр  АТГ-т шалгуулна гэж байсан. Яагаад олон нийтэд танилцуулаагүй вэ?

- Энэ шүүхийн маргаан 2015 оны 8-р сард эхэлж, 2016 оны 2-р сард Санхүүгийн зохицуулах хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байсан. Б.Даваасүрэн дарга шүүхийн шийдвэрийн дараа томилогдож ирсэн хүн шүү дээ. Ямар ч хамаагүй.

Олон нийтэд мэдээлээгүй биш,тухайн үед хэвлэлээр хүртэл гарсан шүү дээ. 2017 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр “Өнөөдөр” сонин дээр “УИД-ийг төлбөрийн чадваргүй болгох гэж байна уу” гэсэн нийтлэлийг Г.Равжаа гэдэг сэтгүүлч гаргасан. Тэр үед нь мэдээллийг нь СЗХ өгч байсан түүхтэй.

- УИД-тэй холбоотой маргаан өрнөх болсон шалтгаан юу байсан бэ?

- Ер нь УИД-тэй холбоотой маргаан их удаан үргэлжилж байгаа. Санхүүгийн зохицуулах  хороо байгуулагдсанаас хойш анх 2007 онд гарсан. Жижиг хувьцаа эзэмшигчдээс гомдол ихээр ирсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос 2008 онд УИД-т шалгалт явуулахад тал нь агуулах, зургаан давхар нь цайны газар гээд ашигтай ажиллах магадлал бага байсан.

Санаж байвал, 2015 онд их дэлгүүрийн үүдэнд ногдол ашиг олгохыг шаардсан жагсаал хүртэл болсон. Бас тэр үетэй давхцаад Хороонд хүсэлт орж ирсэн. Хүсэлтийн утга нь “Номин холдинг” компани  Европын Сэргээн Босголтын Банкнаас зээл авах гэж байгаа “Их дэлгүүр”-ийн барилгыг барьцаанд тавьчихъя гэсэн. Тэгэхэд нь хороо та нарын эзэмшлийнх биш, та нар хамаарал бүхий этгээд болохоос биш ямар ч компани байсан их дэлгүүрийг бид барьцаанд тавиулахгүй гэдэг маргааныг эхлүүлсэн юм.

-Эвлэрлийн гэрээ байгуулсан гэж яриад байгаа. Яг ямар гэрээ байгуулсан юм бэ?

- 2015 онд хийгдсэн шалгалтаар УИД ХК-ийн бие даасан байдал, засаглалын зарчим алдагдсан, халхавчилсан болон сонирхолын зөрчилтэй гэрээ хэлцэл байгуулсан зэрэг нь алдагдал бий болох нөхцлийг бүрдүүлсэн гэж дүгнэсэн байдаг.

Их дэлгүүр хэрвээ бие даасан байдлаа хангаж чадсан бол 3 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажиллах байсан гэх дүгнэлт гарсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан шалтгаан нь ч энэ.

13 гэрээ, 7 түрээсийн гэрээ, 6 зээлийн гэрээнүүд нь ашиг сонирхлын зөрчилтэй байсан тул эдгээр гэрээг хүчингүй болгочихвол шалгалтаар гарсан 3 тэрбум гаруй төгрөгийн ашиг гарч ирээд нэхэмжилж болно гэж харсан юм.

Гэтэл шүүхээр ороход гуравдагч этгээд гээд оруулаагүй. Бас манай нэхэмжлэлийг журам зөрчсөн нь тогтоогдохгүй байна гэж шийдвэр гаргаад  хэрэгсэхгүй болгочихсон.

Давж заалдаад хяналтын шатны шүүх дээр очтол нэхэмжлэгч талын зарим зүйлийг харж үзээгүй байна гээд анхан шатны шүүх рүү буцаасан. Яг тэр үед “Их дэлгүүр”-ийн гүйцэтгэх захирал, хуулийн зөвлөх нар нь хороонд санал тавьсан. “Бид энэ асуудлаа хуулийн хүрээнд шийдье. Шүүхээр явахад цаг хугацаа их орно. Энэ дунд хувьцаа эзэмшигчид хохирно” гээд ирсэн. Тэгэхэд бас хорооноос ажлын хэсэг гараад гурван ажилласан. Тэр үед бид харахдаа жижиг хувьцаа эзэмшигчдээ хохироогоод цаг хугацаа алдаж магадгүй гэж үзэн “Тэгвэл та нар хорооноос тавьж байгаа шаардлагыг хангана гэвэл бид шүүхийн бус аргаар асуудлыг шийдэж болно” гэсэн. Ийм л юм болсон. Тэр гэрээ нь эвлэрлийн гэрээ маягаар огт хийгдээгүй. Эвлэрлийн гэрээг шүүх дээр байгуулдаг. Бид хоорондоо "УИД ХК-ийн үйл ажиллагааг сайжруулах, бие даасан байдлыг хангуулах гэрээ” гэсэн нэртэйгээр хоорондоо байгуулсан.  

Энэ гэрээг байгуулах үндэслэл нь заавал шүүхийн маргаан дууссан байх ёстой байсан юм.  Хүмүүс үйл явц асуудлыг нь сайн мэдэх хэрэгтэй. Гэрээний үүргэнд товчоор дүгнээд хэлбэл бие даасан байдлаа хангаж ажилла гэх зургаан заалт л орсон.

Одоо дахиад манайхаас шалгалт гаргасан ажиллаж байна. Ийм асуудал төвлөрөлтэй бүх компани дээр гардаг. Их дэлгүүрийн хувьд 45 мянга гаруй жижиг хувьцаа эзэмшигч байгаа учраас тод яригдаад байгаа юм.

Хорооны зүгээс  УИД ХК-тай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангуулах ажлыг үе шаттай хийж байсан. Тухайлбал: УИД ХК-ийн ТУЗ-ийн дарга болон Гүйцэтгэх захирал нарт гэрээ хэрэгжүүлэх тухай албан тоотыг удаа дараа хүргүүлж байсан бөгөөд Улсын их дэлгүүр ХК-ийн холбогдох албан тушаалтнуудтай гэрээний хэрэгжилтийн хангуулахтай холбоотой 2017 онд нийт 6  удаагийн уулзалт зохион байгуулсан. Гэвч УИД ХК-ийн 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар  компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх асуудлыг татгалзаж шийдвэрлэсэн тул Хорооноос тус компанитай байгуулсан "УИД ХК-ийн үйл ажиллагааг сайжруулах, бие даасан байдлыг хангуулах гэрээ”-ний хэрэгжилт хангагдаагүй.

- Өнгөрсөн долоо хоногт УИД ХК-д хийх хяналт шалгалтыг эхлүүлсэн. Энэхүү хяналт шалгалтын гол зорилго юу вэ?

- Санхүүгийн зохицуулах хороо Компанийн тухай хуулиар олгогдсон хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг хүртэх эрхийг хөндөж, ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахаас аргагүй нөхцөл үүсгэсэн гэж үзэж байгаа, өмнөх жилүүдэд ч ийм байр сууринаас асуудалд хандаж ирсэн. Иймд тус компанийг алдагдалтай ажиллах нөхцлийг бий болгосон байж болзошгүй нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн сонгосон ТУЗ, гүйцэтгэх удирдлагын гаргасан шийдвэрүүд, тэдгээрийн байгуулсан гэрээ, хэлцлүүд, мөн орлого, зардлын бодит байдлыг тогтоох зорилгоор 2016-2018 оны үйл ажиллагаанд газар дээр хийх хяналт шалгалтыг эхлүүлж байна.

Хариуг нь тухай бүрт нь нийтэд ил тод, нээлттэй мэдэгдээд явна.