Хятадын харилцаа холбооны Хуавэй компани өчигдөр буюу Ням гарагт гар утасны түүхэнд шинэ дээд амжилт тогтоосон үнэтэй бүтээгдэхүүнээ танилцуулжээ.
Самсунгийн дараа дэлхийн хоёр дахь том гар утас үйлдвэрлэгч болоод удаагүй байгаа тус компанийн 5G технологитой, дэлгэц нь нугардаг шинэ гар утас Huawei Mate X-ын үнэ $2,600 юм байна.
Өнөөдөр Испанийн Барселон хотод MWC (Mobile World Congress) дэлхийн хамгийн том гар утасны технологийн чуулган эхэлж байгаа. Уг арга хэмжээг эхлэхээс нэг өдрийн өмнө Mate X загварыг танилцуулжээ.
Mate X нь нугарсан үедээ хоёр талдаа дэлгэцтэй гар утас болдог бол дэлгэгдсэн үедээ найман инчийн дэлгэцтэй таблет болдог.
5G технологи нь 1 Гигабайт хэмжээтэй видеог гурван секундэд татах боломжийг олгох ажээ. Mate X загварыг энэ оны хоёрдугаар хагаст худалдаанд гаргахаар болсон байна.
Өнгөрсөн долоо хоногт Самсунг компани мөн дэлгэц нь нугардаг анхны гар утсаа танилцуулсан бөгөөд худалдаалагдах үнэ нь $2,000 орчим болохыг мэдээлж байв.
Хуавэй нь гар утасны зах зээлд Самсунгийн дараа дэд байранд ордог бол харилцаа холбооны тоног төхөөрөмжийн зах зээлд дэлхийд тэргүүлдэг.
Эх сурвалж: Reuters, The Verge
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!