Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Google компани бүтээгдэхүүндээ микрофон “нуугаад мартсан”-аа хүлээн зөвшөөрчээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Google компаниас гаргасан айл өрхийн хамгаалалтын систем болох Nest Secure төхөөрөмжийн дотор нууц микрофон байсан нь саяхан илэрсэн юм.

Дотор нь микрофон суурилагдсан тухай бүтээгдэхүүний техникийн бичиг баримтад огт дурдаж байгаагүй. Харин энэ сарын 4-ний өдөр Google компани програмын шинэчлэлт гаргахдаа Nest Secure систем нь дуу хоолойгоор удирдагддаг болж байгааг зарласнаар хүмүүс мэдсэн юм.

Мэргэжилтнүүд анх энэ тухай мэдээлж эхэлсний дараа Google компани тайлбар гаргажээ.

Тайлбарт өгүүлснээр “Төхөөрөмж дотрох микрофоныг нууцлах санаа бидэнд огт байгаагүй, анхнаасаа техникийн бичиг баримтад зарлах ёстой байсан. Гэвч манай алдааны улмаас үүнийг орхигдуулсан байна. Микрофоныг хэзээ ч идэвхжүүлж байгаагүй, зөвхөн хэрэглэгчийн санаачилгаар ажиллаж эхлэх юм” гэсэн байна.

Nest Secure систем нь $399-ийн үнэтэй хамгаалалтын цогц бүтээгдэхүүн юм. Үүнд доргион, шилний хагаралт, гал, усны зэрэг мэдрэгчүүд болон тэднийг нэгтгэн хянах хаб багтдаг.

Гэвч 2017 онд зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн энэ систем микрофонтой байсныг дөнгөж сая илрүүлсэн нь олон хэрэглэгчийн санааг зовоосон явдал болжээ. Микрофоныг Google өөрөө буруу зорилгоор ашиглаагүй ч хакерууд ашиглах боломжийг үгүйсгэж болохгүй юм.

Гэрийн автоматжуулалтын чиглэлд ажилладаг Nest компанийг Google 2014 онд $3 тэрбумаар худалдан авч байв.

 

Эх сурвалж: CNET