Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Төгөлдөр: Аж үйлдвэрийн IV хувьсгалд ашиглагдах үсрэнгүй технологи нь ДРОН

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Enterprise Drone” буюу тусгай зориулалтын дроны технологийн хөгжлийн чиг хандлага, ач холбогдол, хэрэглээ, боломжуудыг танилцуулах арга хэмжээ боллоо.

Дрон буюу алсын жолоодлогот нисэх төхөөрөмжийг /цаашид дрон гэх/ анх 1933 онд АНУ “Хатан зөгий” нэртэйгээр зохион бүтээн цэргийн зориулалттай ашиглаж эхэлжээ. 1934 оноос 1943 он хүртэл Их Британий хатан хааны тэнгисийн цэргийн нисэх хүчинд DH82A загварын “Барын цагаан эрвээхэй” гэж нэрлэгддэг радио удирдлагатай дроныг хэрэглэдэг байжээ. 

Дрон технологийн хөгжил дэвшил өнөө үед энгийн хэрэглээнд ашиглагдахаас гадна тусгай зориулалтын байдлаар өргөн хэрэглэгдэж, хүний үйл ажиллагаагаар тодорхойлох боломжгүй нөхцөл байдал, эрсдэлийг өндөр нарийвчлалтай тогтоохын зэрэгцээ энтертайнмент, хөдөө аж ахуй, боловсрол, батлан хамгаалах, уул уурхай, үйлчилгээ, байгал орчин хамгаалал, барилга, хот байгуулалт, зам тээврийн салбарт илүү өргөнөөр ашиглаглаж байна. 

Дроныг ерөнхий зориулалтаар нь цэргийн болон хэрэглээний зориулалттай гэж ангилж болно.

Онцгой байдлын газар 20 орчим дроныг ашиглаж байна

 
Гэрэл зургийг MPA.mn

Манай улсад дрон нь эрэл хайгуул явуулахад хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчилж буй талаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Мандахгэрэл онцлон хэлсэн. Тэрбээр “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шинжлэх ухаан технологийн ололт, инноваци нэвтрүүлэхэд онцгой байдлын газар сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж байна. Аврах ажиллагаанд хүн хүчнээс гадна технологийн ололтыг өргөнөөр ашиглах цаг ирсэн. Тухайлбал, дроныг ашигласнаар ой хээрийн түймрийн тархалтыг тогтоох, хүн хүчээ хувиарлах, удирдлагын шийдвэр гаргах түвшинд ажиллаж чадаж буй явдал юм. Өнөөдрийн байдлаар манай улсын онцгой байдлын газар 20 орчим дроныг ашиглаж байна. Хамгийн том давуу тал нь цаг хугацаа, хүн хүч хэмнэх явдал тул эрэн хайж, аврах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм” гэв.

АНУ-ын байгууллагууд үйл ажиллагаандаа дроныг нэвтрүүлэх нь сүүлийн 2 жил 552 дахин өсжээ. Мөн АНУ-ын хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүд 2025 он гэхэд 20,000 дроныг жил бүр ашиглалтад оруулан үйл ажиллагаандаа ашиглах тооцооллыг гаргажээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

Дроны үүсэл хөгжил, ашиглалтын талаар “Hobby zone” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Төгөлдөр хэлэхдээ “Дроны үүсэл хөгжлийг харвал 1800 оноос гаралтай. Харин өнөөдөр аж үйлдвэрийн салбар бүрт ашиглагдаж буй дроны хөгжил нь 2009 оноос эхэлсэн. Үндсэндээ нийт 10 жилийн хугацаанд дрон технологи үсрэнгүй хөгжсөн байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд ашиглагдах үсрэнгүй технологи нь  дрон технологи байх ёстой бөгөөд бүх салбар ашиглах боломжтой болсон. Түүнчлэн хүний амь нас эрсдэх аюултай ажиллагаанд хүртэл дроныг явуулах боломжтой болсон байна. Үйл ажиллагаагаа зохион байгуулахаас өмнө төрийн байгууллагуудаас судалгаа авахад одоо нийтлэг болж эхэлж байгаа нь харагдсан. Бид дэлхийн дрон технологийн хөгжлөөс хоцроогүй харин ч мөр зэрэгцээд явж байна” хэмээн ярьсан юм.

 
Гэрэл зургийг MPA.mn

Уг арга хэмжээг "Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар", "Мэдээлэл, технологийн үндэсний парк", “Hobby zone” ХХК, дроны томоохон үйлдвэрлэгч DJI нар хамтран зохион байгуулсан юм.