Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хиймэл оюунт машин итгэхгүй байхын аргагүй “хуурамч мэдээ” бичдэг болжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Илон Маскын байгуулсан OpenAI лаборатори өгсөн хэдхэн үгэн дээр тулгуурлаад асар өндөр үнэмшилтэй мэдээ зохиож бичдэг хиймэл оюунт машин бүтээснийг “MIT Technology Review” сэтгүүлд мэдээлжээ.

Уг нь энэ машин нь текст мэдээлэл боловсруулах, орчуулах, гаргасан дүн шинжилгээн дээрээ үндэслэн асуултад хариулах зориулалттай бүтээгдсэн юм байна.

Гэтэл буруу зорилгоор ашиглавал гайхалтай үр дүнд хүрч болохоор байгааг зохион бүтээгчид нь илрүүлжээ. Тиймээс OpenAI багийнхан болзошгүй эрсдлээс болгоомжилж, энэ машиныхаа хялбаршуулсан хувилбарыг олон нийтэд гаргахаар шийдсэн байна.

Яг одоогоор тус систем нь дутагталтай ажилладаг, худал мэдээ бичсэнийг нь зарим тохиолдолд хялбар таньж болохоор байгаа гэнэ.

Гэхдээ нэгээс хоёр жилийн дотор маш сайн боловсруулсан, хуурамч болохыг нь батлахын тулд багагүй хөдөлмөр шаардах “fake news” бэлдэж чадна гэдгийг OpenAI лабораторийн мэргэжилтэн Жэк Кларк батлан ярьжээ.

OpenAI мэтийн байгууллагууд бүтээгдэхүүндээ ёс зүйн шалгуур тавьж чадаж байгаа нь сайшаалтай. Гэхдээ буруу зорилгоор ашиглах хүсэлтэй зохион бүтээгчид олон байгаа нь хиймэл оюуны технологийн бодит аюулыг харуулж байна.

 

Эх сурвалж: Engadget