Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Г.Солтан яллагдагчаар татах тогтоолтой танилцахгүй "зугтсаар" байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Албан тушаалын байдлаа ашиглан өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компанидаа ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд холбогдсон УИХ-ын дөрвөн гишүүнийг АТГ-т шалгаж буй. 

Прокурорын байгууллагаас тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн ч парламент дөрвөн гишүүнээ авч үлдсэн билээ. 
Хуулийн дагуу яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцсанаар албан ёсоор эрүүгийн хэргийн яллагдагчаар тооцдог. 

Энэ дагуу АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тухай тогтоолтой танилцуулахаар дуудсан ч  Б.Ундармаагаас бусад нь мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулан, дуудсан цагт очихгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Түүнээс хойш УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Л.Энхболд нар тогтоолтой танилцсан бол Г.Солтан өнөөг хүртэл “зугтаасаар” явна

Түүний туслахтай холбогдон яагаад хуулийн байгууллагаас дуудсан цагт нь очихгүй байгаа талаар лавлахад “Гишүүн орон нутагт томилолттой байгаа” гэсэн хариу өглөө

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-нд урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгоход нь хамтран оролцсон байна. 

УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор "Х" тайлантай байсан авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах "Дэлгэр говь" төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулснаар, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцжээ. 

Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж  байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны тавдугаар сарын 14-нд “Сафир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн санхжүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон.

УИХ-ын гишүүн Г.Солтаны тухайд малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компанид УИХ-ын гишүүний 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ний өдрийн 4081 дугаартай төслийг дэмжиж "ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье" гэсэн албан бичиг хүргүүлж, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Монгол шаазан" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон, ЖДҮХС-ийн албан тушаалтнуудыг зээл олгох журмаа зөрчиж зээл олгоход хүргэсэн хэрэгт холбогджээ.