Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ангарагийн судалгааны станцтайгаа салах ёс гүйцэтгэж байгааг NASA зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Ангараг гарагт хамгийн удаан хугацаагаар ажилласан Opportunity судалгааны станц ажиллахаа больж, бүр мөсөн хаягдах болсныг NASA өчигдөр зарлажээ.

Түүний амьдралыг төгсгөл болгоход хуучирсан тоног төхөөрөмж, Ангараг гарагт дэгдсэн шороон шуурга хоёр хавсран нөлөөлсөн байна.

Өнгөрсөн оны зургаадугаар сард тус гараг дээр асар том шороон шуурга дэгдэхэд Opportunity станцыг “унтуулах” горимд оруулж, ажиллагааг нь түр зогсоосон юм. Учир нь Ангарагийн тэнгэр харанхуйлж, нарнын гэрэл гадаргуу дээр тусахгүй болсноос эрчим хүчний эх үүсвэргүй болжээ.

Дараа нь наймдугаар сарын сүүлээр шуурга зогсож, тэнгэр цэлмэсэн ч “унтсан” станц дахиж сэрээгүй байна.

NASA сүүлийн хэдэн сарын турш Opportunity станцтай холбогдох гэж оролдоод чадаагүй юм. Ингээд Америкийн үндэсний сансар судлалын агентлаг өчигдөр буюу Лхагва гарагт Opportunity станцыг Ангараг гараг дээр хаяж, дахин ашиглахгүй болж байгаагаа зарлажээ.

Opportunity станцыг анх 2004 онд Spirit нэртэй ихэр станцын хамт Ангарагт буулгасан юм.

Хоёр станцыг гурван сарын хугацаанд ажиллах баталгаатай зохион бүтээсэн боловч итгэмээргүй удаан ажиллаж чаджээ. Spirit станц нь зургаан жил гаруйн дараа ашиглалтаас гарсан бол Opportunity нь бараг 15 жил орчим ажиллаж чадлаа.

Хэвлэлийн хурлын үеэр NASA-гийн захирал Жим Бриденстин ярихдаа “Бид анх энэ жижиг станцыг буулгахдаа 90 хоног ажиллаж, нэг километр орчим зам туулна гэж тооцоолж байв. Гэтэл 14 гаруй жил ажиллаж, 45 км зам туулсны дараа бид энэхүү аялал дууссаныг зарлаж байна” гэжээ.

“Бид ийм удаан ажиллана гэж төсөөлөөгүй. Гэсэн хэдий ч харамсалтай байна. Бид сүүлийн коммандаа илгээсэн ч хариу ирсэнгүй. Тиймээс баяртай гэж хэлэхээс өөр аргагүй боллоо” хэмээн тус төслийн менежэр Жон Каллас ярьсан байна.

Opportunity станцаас хамгийн сүүлийн мэдээ 2018 оны зургаадугаар сарын 10-ны өдөр ирсэн юм. 

Шороон шуурганы улмаас станцын нарны эрчим хүч хүлээн авагч хавтангууд зузаан тоосонд дарагдсан байна. Шуурганы дараа Ангарагийн салхи энэхүү тоосыг нь үлээж чадаагүй бололтой. Мөн станц байрлаж буй газрын агаарын температур Цельсийн -70 хэм орчим байдаг. Ийм нөхцөлд станцын электроник тоног төхөөрөмжүүд ажиллахад хүндрэлтэй. Унтуулах горимын үед бага хэмжээтэй plutonium-238 цацраг идэвхит материал электроник эд ангиудыг дулаан байлгах үүрэгтэй ажээ. Гэхдээ олон жил ашиглагдсан энэ материалын цацраг идэвхит чанар суларсан нь үүргээ гүйцэтгэх боломжгүй болгосон гэж NASA дүгнэжээ.

 

Эх сурвалж: Business Insider