Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ өөрийгөө гадаад интернэт сүлжээнээс бүрэн салгах туршилт хийхээр бэлдэж байна

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын засгийн газар ойрын үед улс орноо гадаад интернэт сүлжээнээс бүрэн салгах туршилтыг хийхээр бэлдэж байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Өнгөрсөн онд хэлэлцэж эхэлсэн “Цифровая Экономика Российской Федерации” хөтөлбөрт заасны дагуу хэрвээ тус улс гадаад интернэт сүлжээнээс бүрэн таслагдвал дотоод сүлжээ нь сааталгүй ажиллаж байх ёстой гэнэ.

Өөрөөр хэлбэл гадаад интернэтээс хамааралгүйгээр Оросын бүх интернэт үйлчилгээ үзүүлэгчид (ISP) өөрийн DNS (Домэйн Нэрийн Систем)-д суурилан дотоод урсгалыг хэвийн ажиллуулж байх ёстой ажээ.

 Ийм туршилт хийх хэд хэдэн шаардлага байгааг дээрх хөтөлбөрт тайлбарласан байдаг.

Жишээ нь гадаад орнуудаас өргөн хэмжээний кибер халдлага илэрвэл үндэсний аюулгүй байдлын үүднээс дотоод сүлжээгээ бүрэн салгах онцгой шаардлага гарч болно. Нөгөө талаас улс орны дотоодод онцгой нөхцөл байдал үүсвэл гадаад ертөнцөөс таслагдах шаардлага гарахыг үгүйсгэхгүй юм.

Туршилтыг явуулах өдрийг товлоогүй байгаа ч энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө хэрэгжих нь тодорхой байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Учир нь дөрөвдүгээр сарын 1-нд “Цифорвая Экономика РФ” хөтөлбөрт хууль тогтоогчдоос санал авах хугацаа дуусч байгаа гэнэ.

 

Эх сурвалж: BBC