Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк Мессенжэрт илгээсэн мессэжээ 10 минутын дотор устгадаг боллоо

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хүмүүс хоорондоо Фэйсбүүк Мессенжэрээр харилцахдаа санамсаргүй алдаатай мессэж илгээдэг. Эсвэл түр зуурын сэтгэл хөдлөлөөр болгоомжгүй бичсэн үгээ буцаахыг хүсэх тохиолдол байдаг.

Харин Фэйсбүүк Мессенжэрт нэгэнт илгээсэн мессэжээ болиулах ямар ч аргагүй байв.

Тэгвэл энэ долоо хоногоос илгээсэн мессэжээ 10 минутын дотор устгах боломжийг Фэйсбүүк компани хэрэглэгчдэдээ олгож эхэлжээ.

Таны Мессенжэр аппликэйшн сүүлийн хувилбараар шинэчлэгдсэн бол энэ боломж нээгдсэн байгаа. 

Хэн нэгэнд илгээсэн мессэж дээрээ дарахад “Copy”, “Forward”, “Remove” гэсэн гурван комманд гарч ирнэ. Хэрвээ “Remove” коммандын оронд “Delete” комманд үзэгдэж байвал таны аппликэйшн шинэчлэгдээгүй байна гэсэн үг.

 

“Remove” товчийг дарахад хэрвээ уг мессэжийг бичсэнээс хойш 10 минутаас хэтрээгүй байгаа бол “Remove for Everyone”, “Remove for Me” гэсэн хоёр сонголт гарч ирнэ.

Эхнийх нь бичсэн мессэжээ өөрийн болон хүлээн авагчийн цонхноос устгана гэсэн сонголт. Харин хоёр дахь нь зөвхөн өөрийн цонхон дээрээс устгана, хүлээн авагчид мессэж харагдсан хэвээр үлдэнэ гэсэн үг юм.

Ингэж устгавал илгээгчийн болон хүлээн авагчийн цонхон дээр мессэжний оронд “You (эсвэл хэрэглэгчийн нэр) removed message” гэсэн бичиг үлддэг байна.

Өөрөөр хэлбэл мессэж устгасан ул мөр заавал үлдэнэ.

Харин мессэжийг илгээгээд 10 минутаас хэтэрсэн бол “Remove” комманд нь зөвхөн өөрийн цонхноос устгах нөхцлийг санал болгодог.

Уг шинэ боломжийг Фэйсбүүк компани өнгөрсөн оны дундуур нэвтрүүлэх тухай анх мэдэгдэж байсан ч хойшилсоор өнөөдрийг хүрчээ.

iOS, Android аппликэйшнүүдэд нэвтэрснээс гадна вэб мессенжэрт мөн нэвтрээд байна. Вэб орчинд ашиглахдаа бичсэн мессэжнийхээ дээр хулганаа байрлуулахад урд нь гурван цэгтэй (***) товч гарч ирэх ба түүн дээр дарвал “Remove” комманд үзэгдэх юм.

 

Эх сурвалж: Facebook