“Монгол улсын эмийн бүртгэл”-д бүртгэгдээгүй эмийн худалдаа өсчээ
Манай улсад 148 эм ханган нийлүүлэх байгууллага, 1224 эмийн сан, 32 эмийн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнгөрсөн онтой харьцуулахад зөрчил дутагдалын тоо эрс нэмэгдсэн нь иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж, эрүүл мэнд амь насанд аюул учрах нөхцөлийг бүрдүүлж болзошгүй болоод байна.
МХЕГ-аас энэ оны нэгдүгээр сарын 10-аас аравдугаар сарын 21-ний өдрүүдэд дээрх эм ханган нийлүүлэх байгууллагуудаас санамсаргүй түүврийн аргаар сонголт хийж шалгалтад хамруулсан байна.
Шалгалтаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 17 эмийн сан, хоёр иргэн зөвшөөрөлгүйгээр эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байсан байна.
- Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 54,
- Чанарын баталгаажилтгүй 92,
- Хүчинтэй хугацаа дууссан 78 нэрийн эм худалдаалсан,
- Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй чанарын шаардлага хангаагүй түүхий эд ашиглан эм найруулж байгаа зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ.
Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, стандартын бус чанарын баталгаажилтгүй үйлчилж буй байдал 2012 онд эмийн санд 3,3 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагад 2,2 хувь байсан бол энэ онд эмийн санд 19 хувь эм ханган нийлүүлэх байгууллагад 12 хувь болж өссөн байна.
Графикаар харвал: /Зураг дээр дарж томруулж үзээрэй/
Мөн “Тасалгааны агаар, арчдасаас авсан шинжилгээгээр чанарын шаардлага хангахгүй гэсэн хариу гарсан бөгөөд энэ нь эмийн сангуудын шил савны угаалга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт зохих журмын дагуу хийгдэхгүй байгаатай холбоотой” хэмээн МХЕГ-ын ЭМХХ-ийн дарга Д.Баярболд хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
