Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун шинэ жилээр тойрон хүрээлэгчдэдээ Өмнөд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн бэлэглэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн шинэ жилийн баяраар төрийн өндөр албан тушаалтнуудадаа Өмнөд Солонгосын гоо сайхны бараа бүтээгдэхүүн бэлэглэсэн тухай Чосун өдөр тутмын сонин өнөөдөр мэдээлжээ.

Хэдийгээр хоёр Солонгосын харилцаа сайжирч байгаа ч Өмнөдөөс Умард руу бараа нэвтрүүлэхийг олон улсын эдийн засгийн хоригийн дагуу хориглодог.

Умард Солонгосын албаныхан өнгөрсөн арваннэгдүгээр сард Хятадын зүүн хойд Жилинь мужийн Янбянь солонгос үндэстний автономит тойргоос Өмнөдөд үйлдвэрлэсэн 1,000 иж бүрдэл гоо сайхны барааг худалдаж авсан тухай баримтыг Чосун сонин олж авсан байна.

Бэлэн ам.доллараар худалдаж авсан эдгээр барааг Ким Жон Ун Умард Солонгосын эрх баригч намын дээд албан тушаалтнуудад шинэ жилийн бэлэг болгож өгсөн гэнэ. 

Бэлгийн барааны зарим хэсгийг шинэ жилийн дараа Пёньяны зах дээр зарж байгаа тухай баримт бас олдсон байна. Умард Солонгост тэмдэглэлт баяр, үйл явдлын үеэр дээд албан тушаалтнуудад өндөр үнэтэй, ховор чамин бэлэг тарааж, их удирдагчид үнэнч байдлыг нь хадгалдаг гэдэг.

Бэлэгт архи дарс, чихэр амттан, үхэр, гахайн сайн чанарын мах, бугуйн цаг зэрэг эд зүйлс багтдаг байна. Тухайлбал 2016 оны тавдугаар сард Хөдөлмөрчдийн Намын их хурлын үеэр Ким Жон Ун зэвсэгт хүчнийхээ 100 генералд Швейцарт үйлдвэрлэсэн бугуйн цаг бэлэглэж байжээ.

Өмнөд Солонгосын гоо сайхны бараа Умардад эрэлт ихтэй, Хятад үйлдвэрийн ижил төрлийн бараа бүтээгдэхүүнээс гурав дахин өндөр үнэтэй байдгийг тус улсаас дүрвэж ирсэн хүмүүс мэдээлсэн байдаг.

Хэрвээ мөнгөтэй бол Пёньяны хар захаас Өмнөд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авч болдог. Худалдаж авсан иргэд даруй брэнд, шошгийг нь хусаж арилгаад хэрэглэж эхэлдэг тухай гэрчүүд ярьсан байна.

 

Эх сурвалж: South China Morning Post