Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

NBA-ийн тоглогч Э.Кантер Туркийн Ерөнхийлөгчийн заналхийллээс болж тоглолтод орж чадахгүй байгаагаа дэлгэв

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Их Британи улсын Лондон хотноо тоглолтоо хийх гэж буй Нью-Йорк хотын Кникс баг ирэх 17-ны өдөр Вашингтон Визардс багийнхантай тоглох гэж байгаа билээ.

Тэгвэл энэхүү тоглолтод тус багийн төвийн тоглогч Энес Кантер оролцохоос татгалзаж, үзэгчийн суудлаас тэмцээнийг үзэх шийдвэр гаргасан нь олон улсад ихэд шуугиан дэгдээгээд байна.

Тэрбээр Турк улсын иргэн бөгөөд багаасаа АНУ-д сурч, амьдарсан нэгэн юм. Кантер энэ удаагийн тоглолтод оролцохгүй болсон шалтгаанаа өөрийн амь амьдралаа хамгаалахын тулд гаргасан шийдвэр хэмээн тайлбарласан бол зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тоглогч Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны заналхийллээс болж ийм шийдвэрт хүрсэн байж болзошгүй талаар мэдээлжээ.

NBA-ийн тоглогч Кантер олон дагагч бүхий өөрийн нийгмийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан Турк улсын Ерөнхийлөгч Эрдоаны дарангуйллын засаглал болон тус улс дахь хүний эрхийн ноцтой зөрчлийн талаар шүүмжлэн, үзэл бодлоо илэрхийлдэг аж.

Сагсчин Кантер Турк улсад 2016 онд болсон төрийн эргэлт хийх оролдлогыг толгойлсон гэгддэг Фетулла Гулентэй ч мөн ойрын харилцаатай ба байнгын холбоотой байдаг аж. Тэд 2016 онд болсон төрийн эргэлт хийх оролдлогын үеэр АНУ-д хамтдаа эх орныхоо төлөө залбирч байсан талаараа нуулгүй хуваалцжээ.

 

Энес Кантер сүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа "Сүүлийн хэдэн жилийн хугацаанд би Турк улсын эрх баригчдаас өдөр бүр заналхийлэл хүлээн авах болсон. Нуулгүй хэлэхэд мэдээж би энэ бүхнээс айж байна. Сүүлийн үед би Нью-Йорк хотын гудамжаар ч ганцаараа явж чадахаа байсан. Тоглолтоор ирээд буй Лондон хот ч надад аюултай санагдаж байна. Учир нь энд олон тооны Турк улсын иргэн оршин суудаг бөгөөд тагнуулын хүчний авах арга хэмжээ, заналхийлэл нь улам нарийн болохвий гэж эмээж байна" хэмээжээ.

Кантер АНУ-д ажиллаж, амьдардаг хэдий ч түүний гэр бүл Турк улсад одоог хүртэл амьдардаг ба тэрбээр 2015 оноос хойш гэрийнхэнтэйгээ уулзаж чадахгүй байгаа аж.

Түүний гэр бүл, ойр дотны хүмүүст ч мөн тус улсын засаг захиргаа олон удаагийн дарамт шахалт үзүүлсээр ирсэн талаар мөн мэдээлжээ. Тодруулбал, 2016 онд л гэхэд Турк дэх түүний гэрт тагнуулынхан нэвтэрч, бүхий л харилцаа холбоо тогтоох хэрэгслийг нь хурааж авсан нь Кантераас холбоо таслуулахын тулд хийсэн оролдлого аж.

Мөн түүний аав болох профессор Мехмет Кантерт өнгөрсөн жилийн гуравдугаар сард Туркийн Засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулдаг гэх нэгэн бүлгэмийн гишүүн байсан гэх шалтгаанаар 10 жилийн хорих ял оноосон байна.

 

 

Эх сурвалж: The New York Times