Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Эмгэг судлалын үндэсний төв уушги тоосжих өвчнийг эрт үед нь оношлох аппараттай боллоо

Г.Номин, iKon.mn
2019 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Эмгэг судлалын үндэсний төвд “Уушги тоосжих өвчин ба Асбестын шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгооны чадамжийг сайжруулах” төслийн хүрээнд NanoZoomer-SQ зайн оношилгооны төхөөрөмжийг гардуулж өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Жайка олон улсын байгууллагын дэмжлэгээр төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Төслийн хүрээнд манай хүн амын дунд ихсэж буй уушигны хорт хавдрыг үүсгэдэг тоосжих боломжийг эрт үед нь оношлох нээн илрүүлэх боломж нээгдэж байгаа ажээ.

 

Төслийн удирдагч, Хирошима их сургуулийн хүндэт профессор, Зайн анагаах ухааныг дэмжих төвийн захирал Коеке Инай "Өнөөдөр энд авчирсан NanoZoomer-SQ аппаратыг ашиглан өвчтөний шинжилгээг интернэтээр Япон руу явуулах юм. Төсөл хэрэгжсэнээр зөвхөн Улаанбаатар гэхгүй орон нутагт ч гэсэн онош тогтооход интернэтээр зөвлөгөө өгөх боломжтой болно.

Уурхайд ажилладаг хүмүүсээс гадна агаарын бохирдол ихтэй Улаанбаатар хотод оршин сууж байгаа иргэд ч гэсэн амьсгалын замын өвчнийг эрт үед нь оношлуулах боломж бий болж байна" гэлээ.

Үргэлжлүүлэн NanoZoomer-SQ аппаратын танилцуулгыг Эмгэг судлалийн үндэсний төвийн Эс судлалын эрт илрүүлгийн албаны дарга Б.Ганзориг хийлээ.

 

Тэрбээр "Монгол Улсын 10,000 хүн ам тутамд 1,671 хүн амьсгалын замын өвчнөөр өвдөж байна. Энэ нь хүн амын өвчний тэргүүлэх шалтгаан болж байгаа.

Мөн улсын хэмжээнд 2017 онд 435 уушгины хавдрын тохиолдол шинээр оношлогдсон байна. Нийт оношлогдож байгаа тохиолдлуудын 90 орчим хувь нь төгс эмчлэгдэх боломжгүй болсон үедээ буюу 3, 4 дүгээр шатандаа оношлогдсон. Тиймээс эрт оношилгоо зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Өмнө нь бид микроскопоор өвчилсөн талбайг хараад зургаа и-мэйлээр явуулж оношлуулдаг байсан. Ингэхэд авсан зураг маань дүрслэлийн хувьд учир дутагдалтай байсан учраас заримдаа хариу дүгнэлт ирүүлэх боломжгүй болдог байсан.

NanoZoomer-SQ аппаратын хувьд зургийг 18 минутын дотор 400 дахин өсгөх хүчин чадалтайгаар авч, скайнардаад илгээдэг. Зургийн чанарын хувьд үнэхээр сайжирч байгаа" хэмээн тайлбарлав.

Өмнө нь микроскопоор авсан зургийг гадаад руу и-мэйлээр явуулж оношлуулахад онош тодруулах боломжгүй гэсэн хариу ирсэн үед зургийг өвчтөнд өгч гадаадад очиж оношлуулах талаар зөвлөгөө өгдөг байсан байна. Харин одоо өндөр чанартай зургийг тусгай програмаар илгээж байгаа тул хүлээн авсан тал онош тогтооход хүндрэлгүй болжээ. Тиймээс өвчтөнүүд гадаад улсыг зорих нь багасна хэмээн Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Г.Уянга хэлж байв.

 

NanoZoomer-SQ аппаратыг Эмгэг судлалын үндэсний төвд байрлуулах бөгөөд уушги тоосжих өвчин ба Асбестын шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгоо хийлгэх иргэд Улсын гуравдугаар төв эмнэлэгт хандаж мэргэжлийн эмчид үзүүлээд, эдийн шинжилгээ өгөх боломжтой. Эдийн шинжилгээг Эмгэг судлалын үндэсний төвд авчирч дээр дурдсан шат дамжилгын дагуу дижитал хэлбэрт оруулан онош тогтоолгохоор Япон руу явуулах юм байна.