Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баттөр: МИАТ Хөшигийн хөндий рүү нүүснээр ТИЙЗНИЙ үнэ НЭМЭГДЭХГҮЙ

Р.Оюунцэцэг, IKON.MN
2019 оны 1 сарын 7
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

МИАТ компани үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах, цаашлаад хүүхэд залууст нисэхийн салбарын талаар ойлголт өгч, ирээдүйд мэргэжлээ сонгоход нь туслах зорилгоор “МИАТ аялал”-ыг зохион байгуулж эхэллээ. Энэхүү аялалд цэцэрлэг, сургууль болон байгууллага, хамт олон хамрагдах боломжтой бөгөөд өнөөдөр болсон анхны аялалд сэтгүүлчдийг хамруулсан юм. 

МИАТ аялал - ирээдүйд хүүхэд залуучуудад иргэний нисэхийн салбараас мэргэжлээ сонгох боломжийг нь олгоно

МИАТ компани 2018 онд 2,294 удаагийн аяллаар 717,000 зорчигч тээвэрлэсэн байна. Энэ нь 2017 оноос 16% өссөн үзүүлэлт бөгөөд өнгөрсөн онд төсөвт 30 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Түүнчлэн тийзийг цахимаар худалдах, self-check-in буюу өөрөө бүртгүүлэх зэрэг цахим систем нэвтрүүлснээр зорчигчдын цаг, үйлчилгээний ачааллыг бууруулсан байна. Түүнчлэн анх удаа гадаад руу буцаж байгаа онгоцны бүрэн үзлэгийг хийж гүйцэтгэсэн зэрэг шинэ ажлуудаа танилцуулсан юм. 

Харин 2019 онд 760,000 жуулчин авахаар төлөвлөсөн бөгөөд хоёр жилд нэг удаа явагддаг Олон улсын ИАТ-ийн байгууллагын аудитын шалгалтад долоо дахь удаагаа хамрагдахаар бэлтгэл ажилдаа оржээ. Мөн долдугаар сард Хөшигийн хөндий дэх шинэ нисэх онгоцны буудал руу нүүх, “Boeing 737 Max-8” загварын сүүлийн үеийн хоёр шинэ онгоцыг түрээсээр ашиглахаар оруулж ирэх гэж буйгаа дурдлаа. 

Ийнхүү шинэ буудал руу нүүж, шинэ ажлууд хийснээр зардал нь өсөж байгаа ч боломжтой зардлуудаа бууруулах замаар 10%-д тогтоож байгаа бөгөөд тийзний үнийг нэмэхгүйгээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөснөө МИАТ компанийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр ярьсан юм. 

МИАТ компани нислэгийн тоогоо гурваар нэмэхээр төлөвлөжээ. Үүнд Осакагийн чиглэлд үйлдэх нислэгээ сэргээхээс гадна Гуанжоу, Шанхайн чиглэлд зуны хуваариар нисэхээр бэлтгэл ажилаа хангаж байгаагаа хэлсэн юм.

МИАТ аяллын хүрээнд хүүхэд багачууд, олон нийт МИАТ компанийн төв байр, сургалтын төв, салбарын музей, Олон улсын зорчигч үйлчилгээний төв, сургалтын онгоц, засварын төв зэрэгтэй танилцах боломжтой. 

Тус компанийн сургалтын төвд орон тооны бус 70 гаруй багш МИАТ-ийн ажилчдад нислэг, нислэгийн аюулгүй ажиллагааны сургалт явуулдгаас гадна дотоодын бусад авиа компанийнханд ч суралт зохион байгуулдаг байна. Цаашид гаднын авиа компаниудын сургалтыг зохион байгуулах байдлаар жуулчдын тоог нэмэгдүүлэх боломжтой хэмээн үзэж байгаагаа МИАТ компанийн дэд захирал Н.Ганболд дурдсан. 

Энэхүү анхны аяллын үеэр Иргэний нисэхийн салбарын музейд МИАТ компани өөрсдийн буланг шинэчлэн тохижуулснаа нээсэн юм. Уг музейн барилга нь Монголын нисэхийн салбарын анхны төлөөлөгчийн газар бөгөөд 1934 онд баригджээ. Харин иргэний нисэхийн салбар ОХУ-ын нисгэгч “Ю13” хэмээх онгоцоор манай улсад 1925 оны тавдугаар сард бууснаар үүссэн хэмээн үздэг байна. 

МИАТ компани тус музейд тохижуулсан буландаа өөрийн түүхийг үзүүлсэн үзмэрүүдийг багтаажээ 

Энэ үеэр МИАТ компанийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе. 

Шатахууныхаа 70 хувийг гадаадаас цэнэглэж байна

 
Гэрэл зургийг MPA.mn

-Шатахууны үнэтэй холбоотой тийзний үнэд өөрчлөлт гарах уу. Ер нь МИАТ-ийн шатахууны хэрэглээ ямар байдаг вэ. Хаанаас шатахуунаа хангаж байна вэ? 
 
-Манай компани онгоцнуудаа гадаад, дотоодоос цэнэглэдэг. Нарийн тоо хэлбэл, 2018 оны төлөвлөгөөгөөр 13,700 тонн шатахууныг дотоодоосоо цэнэглэх байсан бол бид 17,000  орчим тонныг авсан байгаа. Энэ нь нийт авсан шатахууны 30 хувь юм. Бид шатахууныхаа 70 хувийг нь гадаадаас авч цэнэглэдэг. 

Шатахууны зардал компанийн нийт зардлын 23-25 хувийг эзэлдэг. Төгрөгийн ханш, түүхий эдийн үнээс хамаараад шатахууны зардал төлөвлөснөөс өсөх, буурах хэлбэлзэлтэй байдаг. 2017 онтой харьцуулахад 2018 он таагүй үе таарсан. Дэлхийн зах зээл дээрх  нефтийн үнэ зардал өсгөсөн. Гэхдээ шатахууны үнийн өөрчлөлт тийзний үнэд огцом нөлөө үзүүлэхгүй.

-МИАТ компанийн хувьчлал юу болсон бол?

-Засгийн газраас МИАТ-ийн хувьчлалыг нээлттэй хийхээр саналаа УИХ-д өргөн барьсан байгаа. УИХ дээр хүлээгдэж байгаа гэж ойлгож байна.  

-Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор гурвсан сая зорчигч хүлээн авах боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-МИАТ компани зорчигчдынхоо тоог жилд 10 хувиар өсгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал саяхан 1.4 сая дахь зорчигчоо хүлээн авсан. Үүнээс 717,000 нь МИАТ-ийн тээвэрлэсэн зорчигч байгаа. Тэгэхээр шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор тэр хэмжээний зорчигч хүлээн авах боломжтой.

-Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор зардал яаж нэмэгдэхээр байгаа вэ?

-Зардал өсөж байгаа. Тэглээ гээд тийзний тарифыг өсгөх төлөвлөгөө боловсруулаагүй. Харин ч бусад өрсөлдөгчийнхөө байдлыг харзнах бөгөөд зардлаа хэмнэх байдлаар зохицуулж төлөвлөгөө хийсэн. Зардал нийт 10 гаруй хувь өсөж байгаа. Нисгэгчдээ зөөх, газрын үйлчилгээний зардал, буулт, хөөрөлтийн хураамж зэрэг олон зардал огцом нэмэгдэж байгаа. Эргүүлээд бид хэмнэж болох зардлуудаа хэмнэснээр зардлыг 10 хувьд барьж байна. Удахгүй ирэх гурван жилийн төсвийн таамаг, таьан жилийн төлөвлөгөө гарна. 

-Казахстаны агаарын тээврийн компани Монголд орж ирэх гэж байгаа гэсэн. Энэ чиглэлд МИАТ нислэг үйлдэх үү?
 
-Манай компанийн хувьд бид нисэх төлөвлөгөө хийгээгүй. Бидний тооцоогоор долоо хоногт энэ чиглэлд тогтмол нислэг үйлдэх хэмжээнд хүрээгүй байгаа. Бусад агаарын тээврийнхэн ИНЕГ-тай хийсэн уулзалтаар Казахстаны компани нисэхээр болж байгаа. Эхний ээлжинд бид ажиглаж, өөрийн боломж, судалгаанд тулгуурлан шийдвэрээ гаргана.