Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хүннү бол эртний Ром, Грекийн эзэнт гүрний хэмжээнд үнэлэгдэхүйц төрт улс

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Юнител Групп жил бүрийн сар шинийн баяраар үндэсний өв соёл, түүхээ сэргээн сануулах, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээхийг эрмэлзэн ажилладаг билээ. Өмнө нь Их Эзэн Чингис хааны баатруудын дүрээр “Хамаг Монгол”, ухаан эрдэмт мэргэдийн дүрээр “Эрдэмт Монгол” гэсэн бэлгийн картуудыг гаргаж байсан. Харин шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулан Монголын анхны төрт улс болох Хүннү гүрний хүчирхэг хаадын дүрээр “ЯЗГУУР МОНГОЛ” бэлгийн картаа худалдаан гаргаад байна. Үүний хүрээнд Хүннү гүрний түүх, өв соёл нь тусгаар Монгол төдийгүй Дэлхийн түүхэнд ямар хэмжээний нөлөө үзүүлсэн байдаг тухай Улаанбаатар Их сургуулийн археологийн тэнхимийн эрхлэгч Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Монголын хамгийн анхны төрт улс гэгддэг Хүннү гүрэн Монголын түүхэнд ямар хэмжээний үүрэг гүйцэтгэсэн гэж судлаачид үздэг вэ?

- Хүннү гүрэн нь зөвхөн Монгол Улсаас гадна Евразийн түүхэнд маш том нөлөөг үлдээсэн нь олон баримтаар илэрдэг. Зарим өрнөдийн түүхчид Хүннүг Монголчуудын өвөг дээдэс биш хэмээн ШУ-ны талаас тайлбарласан тохиолдол бий. Гэхдээ сүүлийн 40-50 жилийн хугацаанд хийсэн судалгааны үр дүнд “Хүннү бол Монголчуудын шууд өвөг дээдэс мөн” гэдгийг олон талаас нь батлан харуулсан нэлээд жишээ бий.

Тухайлбал манай улсаас олдсон Хүннүтэй холбоотой археологийн түүхэн олдворууд нь бусад бүс нутгийнхаас илүү нягтаршилтай байгаа юм. Үүнээс харахад Хүннү бол хаанаас ч нүүж ирээгүй уугуул нутагтаа оршиж байсан гэдэг нь баталгаатай. Түүнчлэн Хүннүгийн дараа Уйгар, Жужан, Түрэг, Сяньби зэрэг улсууд төрөн гарсан. Гэхдээ энэ нь Хүннү улс үгүй болоод өөр нэгэн улс шинээр буй болсон зүйл огт биш бөгөөд аль нэгэн овгийн давамгайллаар төрөн гарсан үйл явдал юм.

-Өөр баримтын хувьд?

- Үүний зэрэгцээ Хүннүчүүд бидний өвөг дээдэс гэдгийг батлах нэг том зүйл нь ёс заншлын хувьд өнөөгийн монголчуудтай адил төстэй зүйл их бий. Жишээ нь цагаан сарын шинийн нэгний өглөө золголт хийхээсээ өмнө наранд цай сүүний дээжээ өргөж, мөргөдөг зан үйл нь Хүннүгийн үеэс эхтэй. Түүхийн сурвалжаас үзвэл Хүннүчүүд өглөө наранд, орой саранд мөргөдөг байсан. Харин төр барьсан хаадын хувьд Түмэн шаньюйгийн үед Хүннү гүрний төрт улс болох суурь тавигдсан гэж түүхчид үздэг.

МЭӨ 209 онд Модунийг Хүннү гүрний шаньюй буюу хаанаар өргөмжилснөөс түүний нас барах үе хүртэл улс хамгийн хүчирхэг болтлоо хөгжиж чадсан байдаг. Үргэлжлээд Лаошин буюу Модунийн  хүү Гиюй шаньюйгийн үед Евразийн бүс нутгийн олон улсын харилцаанд Хүннү гүрний нөлөө үлэмж өссөн. Түүний хүү Гүнчин шаньюйгийн үед зэргэлдээх улсуудтай энх ургийн гэрээ байгуулан амар амгалан, дайн дажингүй маш удаан энх амгалан улс болсон байдаг.

-Монголчууд бид тулгар төр байгуулагдсаны ойг МЭӨ 209 оноос эхлэн тоолдог. Энэ нь хэр баримттай он цаг хугацаа вэ?

- Өнөөдөр бид МЭӨ 209 онд Модунь шаньюй Хүннүгийн хаан болсон цаг хугацаагаар тооцон төрт улсынхаа ойг тэмдэглэж байна. Энэ нь бичгийн сурвалжит үлдээсэн он цаг юм. Гэтэл Модунь шаньюйгийн аав Түмэн шаньюйгаас өмнө 4 хааны тухай баримт эртний Хятадын түүхэн сурвалжид дурдсан байдаг. Энэ нь барагцаагаар 1000 жилийн түүх бий гэдгийг мэдэж болно.
 
-Хүннүтэй холбоотой олдворууд Монгол нутагт хамгийн их нягтаршилтай олдсон гэж хэллээ. Тэгвэл үүнийг хамгаалах, олон нийтэд үзүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд төр засгийн зүгээс ямар бодлого баримтлан ажиллаж байгаа вэ?

 

- Хүннүтэй холбоотой археологийн дурсгалууд Өвөрмонгол, Тува, Буриадын нутаг дэвсгэрээс олдсоноос илүүтэй Монгол, тэр дундаа Хангайн бүс нутгаас ихээр олдсон нь зөвхөн дотоодын бус дэлхийн хэмжээний өв соёл болон хувирсан. Учир нь Хүннү бол эртний, Ром, Грекийн эзэнт гүрний хэмжээнд үнэлэгдхүйц төрт улс байсан. Соёл урлагийн хувьд амьтны загварт гоёл чимэглэлийн өвт бүтээлийг маш ихээр бүтээсэн байдаг. Ваар, сав, аяга зэрэгт амьтны дүрс шингэсэн урлагийн шинжтэй бүтээлийг маш ихээр дүрсэлсэн олдворууд ихээр олдсон. Түүнчлэн Евразийн олон улсуудтай эрх тэгш харилцаж байсан гэх баримт нь эртний ром, грек, хятадын эд өлгийн зүйлс олдсоноор батлагдсан. Тухайлбал эртний ромын шилэн аяга, грекийн домгийн мөнгөн чимэглэл, Ноён уулын булшнаас персийн хивс олдсон байх жишээтэй.

-Юнител Группийн хувьд жил бүрийн цагаан сарын баяраар Монголынхоо түүх уламжлалыг сэргээх, залуу хойч үеийнхэнд сурталчилан таниулах ажлыг хийдэг. Энэ жилийн хувьд Хүннү гүрний их түүхийг голчлон олон нийтэд таниулах ажлыг эхлүүлсэн. Энэ талаар таны бодол?

- Энэ явдалд би хувьдаа маш их талархаж байгаа. Өмнө бид өнгөрсөн үеийн түүхээ маш бүдүүлгээр дүрсэлдэг байсан. Гэтэл ийм агуу их түүхтэй, соёлыг бидний өвөг дээдэс буй болгосон гэдгийг олон нийт ямагт мэдэж байх нь чухал. Үүнийг та бүхэн ажлынхаа нэг хэсэг болгон бүтээж байгааг харахад маш сайхан санагдаж байна.

 

Юнител Групп сар шинийн баярт зориулан төрт ёсны язгуур Хүннү гүрний их хаад Түмэн, Модунь, Гиюй, Гүнчин нараар бэлгэдсэн дөрвөн төрлийн бэлгийн картыг хэрэглэгч түмэндээ хүргэж байна. Тус дөрвөн хаан тус бүрдээ Хүннү гүрний түүхэнд тодоор бичигдэх гавьяаг байгуулсан ажээ.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.