Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Зуны нислэгийн хуваарьт Шанхай, Гуанжу чиглэлийн нислэгүүд нэмэгдэнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2018 онд олон улсын нислэг есөн хувиар, орон нутгийн нислэг 22 хувиар өсөж, улсын төсөвт нийт 200 гаруй  тэрбум төгрөг төвлөрүүлэн ажилласныг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн өнөөдөр болсон Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдааны үеэр онцолжээ. 

Шуурхай хуралдааны үеэр хэлэлцсэн асуудлуудад, Авто тээврийн үндэсний төвийн мэдээлэл:

Өнгөрсөн оны төгсгөлд нүүрс тээвэрэлтэд урт цуваа үүсэж, салбар яамнаас ажлын хэсэг гарч шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Эрүүл мэндийн яамтай хамтран жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн үргэлжүүлж байна. АТҮТ-ийн дарга П.Дэлгэрнарангийн мэдээлснээр 2018 онд зорчигч тээвэр 12 хувиар өсөж, 2 сая 700 мянган зорчигч орон нутаг руу зорчжээ. Шинэ жилийн баярын өдрүүдэд орон нутгийн чиглэлд 60 автобус нэмэлтээр гарган ажилласан байна.

Зам, тээврийн хөгжлийн төвийн дарга Р.Буд өнгөрсөн онд хийгдсэн онцлох ажлаа танилцуулсан юм. 2018 онд онд төлбөр авах 19 цэгээс нийт 7.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Улмаар 800 км замд чанар байдлын дүгнэлт гаргаж салбар яаманд хүлээлгэн өгчээ. 2,100 орчим замын материалд дээжийн сорил хийж үйлдвэрүүдэд өгснөөс гадна  Хөдөлгөөнт эргүүл аяныг амжилттай өрнүүлжээ. Ирэх онд 40 хүнтэй экспертийн гэрээ байгуулж, эрдэм шинжилгээний судалгааны төвийг байгуулан ажиллахаар төлөвлөжээ. 

Төмөр замын салбар:

Харин төмөр замын салбарын хувьд 2018 оны урьдчилсан дүнгээр 19 сая 480 мянган тонн ачаа ачсан нь 2017 онтой харьцуулахад 12.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт 25.6 сая тонн ачаа ачсаны дотор транзит ачаа 84.1 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Ачаа эргэлт 15 тэрбум 350 сая тонн км, зорчигчийн тээвэрлэлт 2.5 сая хүн тээвэрлэснээр 2019 онтой залгаж байна.

Энэ оны эхний улиралд багтаан 2030 он хүртэлх техникийн шинэчлэлийн хөтөлбөрийн эхний шат болох 240 сая ам.долларын зээлийн хөрөнгийг шийдвэрлэхээр ажиллаж байгааг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа шуурхай хуралдааны үеэр танилцуулсан байна. 

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн ажил хэвийн явагдаж байна. 2017 онд 630 мянган тонн төмрийн хүдэр тээвэрлэж байсан бол 2018 онд 850 мянган тонн төмрийн хүдэр тээвэрлэж, тээвэрлэлт 30 орчим хувиар өсчээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам дээр Эрдэнэс тавантолгой команитай хамтарсан Тавантолгой төмөр зам компанийг байгуулаад байна. Олон жил маргаантай явж ирсэн царигийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр хүлээгдэж байна.

Мөн Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг Дорнын төмөр зам компанитай хамтран Зүүнбаян төмөр зам компанийг байгуулахаар ажиллаж байгааг "Монголын төмөр зам" ТӨХК-ийн зүгээс илэрхийлжээ. 

Агаарын тээвэр:

“МИАТ”ТӨХК 2019 онд өөрийн ашиглаж буй зургаан онгоцноос хоёр онгоц нь түрээсийн хугацаа дуусаж байгаа учраас буцаахаар байгааг хэлж байна. Тус онгоцыг орлох Бойнг маркийн гурван онгоцыг 1, 5,10 дугаар саруудад хүлээн авахаар төлөвлөсөн бол энэ жил зуны нислэгийн хуваарь дээр Шанхай-Гуанжу зэрэг нислэгүүд нэмэгдэж байна. Одоогийн байдлаар МИАТ компани 59 нисгэгчтэй бөгөөд зуны нислэгээс өмнө нэмж зургаан нисгэгч авах шаардлагатай байгааг "Монголын иргэний агаарын тээвэр" ТӨХК-аас онцолсон байна. 

Мөн энэ үеэр Улаанбаатар шинэ нисэх онгоцны буудлын менежементийн төслийг хэрэгжүүлэх концессын гэрээг энэ сард багтаан зохион байгуулж Үндэсний хөгжлийн газар шилжүүлэн өгөх ажил хийгдэж байгаа зэрэг мэдээллийг сайдын шуурхай хуралдааны үеэр танилцуулж, хэлэлцжээ. 

Өнгөрсөн 2018 он зам, тээврийн салбарт чухал шийдвэр гарсан он байсан бөгөөд 2019 он илүү ихийг хийх, бүтээх, ачаалалттай жил ирж байгааг сайд Я.Содбаатар онцлоод Зам тээврийн салбарт дэвшүүлэн тавьсан зорилтын биелэлт хэрхэн явагдаж байгааг нарийн гаргахыг үүрэгдлээ. Энэ онд 364 тэрбум төгрөг улсын төсөвт тавигдсан. Орон нутагт хэрэгжих ажлуудад хяналт сайн тавьж, зээл тусламжаар хэрэгжих замын ажилд анхаарахыг санууллаа. Мөн Налайх-УБ чиглэлийн замын нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж яаралтай танилцуулахыг үүрэгдсэн юм. Түүнчлэн Улаанбаатар-Дархан чиглэлийн  замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг бүрэн хангаж энэ сард багтаан тендерийн ажлыг зохион байгуулах, шинэ нисэх онгоцны буудлын менежментийн гэрээг эцэслэхийг даалгасан гэж Зам, тээврийн хөгжлийн яам мэдээллээ.