Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапур улс бага ангийн сурагчдаа шалгалтын дүнгээр нь жагсаахаа болино

О.Булган, iKon.mn
2018 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Image: REUTERS/Edgar Su

Сингапур улс ерөнхий болон их, дээд сургуулийн боловсролын чанараараа дэлхийд дээгүүр бичигддэг.  

Тус улсын боловсролын тогтолцоо нь бусад улстай харьцуулахад илүү урт хугацааны төлөвлөгөөг дэмжин ажилладаг ба хүүхдийг аль болох багаас нь суралцуулах сонирхолтой байдаг аж.

Гэтэл саяхан Сингапур улс энэхүү урт хугацааны тогтолцоогоо эргэн харж, өөрчлөлт оруулаад байна.

Тухайлбал, ирэх 2019 оноос нэг болон хоёрдугаар ангийн сурагчдыг дүгнэх шалгалтыг болиулахаар болжээ. Харин үүний оронд тухайн хичээл болон хичээлийн сэдвийн хүрээнд илүү дэлгэрэнгүй яриаг анги дотор өрнүүлж, асуулт-хариултын аргаар сурагчдыг дүгнэхээр болсон байна.

Ингэснээр бага ангийн сурагчдын мэдээлэл цуглуулсан байдлыг үнэлэх шинэлэг болон хамгийн оновчтой аргыг нэвтрүүлж байгаа хэмээн тус улсын боловсролын салбарынхан үзэж байгаа юм.

Энэхүү шинэ тогтолцоог нэвтрүүлснээр бага ангийн сурагчид өрсөлдөөнт болон харьцуулагдсан нөхцөл байдлаас ангид байж, зөвхөн өөрийн суралцах чадвартаа анхаарах боломжтой болох аж.

Мөн сурагчдыг үнэлдэг байсан хичээл бүрийн дүн нь аравтын бутархай бус, хамгийн ойрын бүхэл тоогоор дүгнэгдэж эхлэх юм байна.

Сингапур улсын Боловсролын сайд Он Ие Кунг "Манай улс ирэх жилүүдэд боловсролын салбартаа хэд хэдэн өөрчлөлтийг хийхээр төлөвлөөд байна.

Ялангуяа, сурагчдыг хооронд нь харьцуулсан, өрсөлдөөнт орчныг арилгах тал дээр анхаарч байгаа гэсэн үг. Ингэснээр сурагчдыг өөрсдийнхөө сурлагад илүү анхаарлаа хандуулах, бусад зөөлөн ур чадвараа хөгжүүлэх боломжийг нь олгох тал дээр илүү ажиллаж байна” гэлээ.

Шалгалтын дүнгээр тодорхойлдог байсан тогтолцоог өөрчилснөөр ирээдүйд илүү нээлттэй, бүтээлч хүмүүсийг бий болгож, тус улсын цаашдын төлөв байдлыг өөрчлөх бүрэн боломжтойг тус улсын боловсролын салбарынхан онцолж байлаа.

Академик мэдлэг олгож буй ердийн хичээлийн хажуугаар суулгах энэхүү шинэ чадварууд нь сурагчдыг нийгэмд биеэ зөв авч явах, өөрийгөө бусдад ойлгуулах, бусадтай харилцах, шийдвэр гаргах гэгчлэн олон давуу талыг бий болгоно хэмээн үзэж байна. 

Тус улсын хувьд академик хичээл болон өмнө байсан тогтолцоо нь улсын ерөнхий салбарт ажиллах хүмүүсийг бэлтгэдэг байсан бол цаашдын энэхүү томоохон өөрчлөлт нь тус улсын хөгжил дэвшлийн салбар болох техник технологи, инноваци болон эрүүл мэндийн салбарт ажиллах хүчнийг бэлтгэхэд туслах талаар мэдээлсэн юм.

Энэхүү шинэ аргачлал нь ирэх жилээс хэрэгжих ба сурагчдын мэдээллийг хадгалдаг, бид бүхний хэлж заншсан "журнал” дээр сурагчдыг дундаж болон хамгийн доод, дээд оноогоор үнэлэн жагсаахыг болиулж байгаа аж.  

Эдийн засаг, хамтын ажиллагааны олон улсын байгууллага(OECD) гурван жил тутам дэлхий даяар 15 настай сурагчийн дундах шинжлэх ухааны мэдлэг, тоо бодох болон унших чадварыг хэмжин, дэлхий дахины ерөнхий боловсролын дундаж тогтолцоог үнэлдэг байна.

 

Тэгвэл Сингапур улс хамгийн сүүлд хийгдсэн энэхүү үнэлгээг 1,655 оноотойгоор тэргүүлсэн бол Ази Номхон далайн Хонг Конг, Япон, Макао зэрэг улс ард нь бичигдсэн байна. 

Энэ нь бид бүхний сайн мэдэх Их Британи, АНУ зэрэг өндөр боловсролтой улсын ерөнхий боловсролын чанарыг дээрх орнууд хол хаяж буйг харуулав.​

 

 

Эх сурвалж: World Economic Forum