Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснийхээ 40 жилийн ойг маргааш тэмдэглэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Маргааш буюу Мягмар гараг нь Хятад улс эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлсний 40 жилийн ойн өдөр юм.

Энэ өдрийн өглөөний 10:00 цагт Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Бээжингийн Ардын Хурлын Их Танхимд чухал илтгэл тавихаар болжээ.

1978 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр тухайн үеийн Хятадын удирдагч Дэн Сяопинь эдийн засгийн шинэчлэлийн бодлогоо зарлаж, “муур ямар ч өнгөтэй байсан хулгана барьж чаддаг байх ёстой” гэсэн алдарт үгээ хэлж байсан юм.

Мао Зэдуны хатуу засаглалын дараа Хятад улс эдийн засгаа алгуур чөлөөлж, тариачид хэрэгцээнээс илүү гарсан ургацаа анх удаа зарж борлуулах эрхтэй болж байв.

Энэ мэтчилэн алхам алхмаар хэрэгжсэн шинэчлэлийн бодлогын үр дүнд өнөөдөр Хятад улс АНУ-ын дараа дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс болоод байна.

40 жилийн өмнө $150 тэрбумын үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүнтэй байсан Хятад өнөөдөр $12 их наядын баялаг үйлдвэрлэдэг улс болжээ.

Харин өнөөдөр тус улсын эдийн засгийн шинэчлэл эргэлтийн үедээ ирээд байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан худалдааны дайн тус улсыг эдийн засгаа улам бүр чөлөөлөхийг шаардаж байгаа.

Харин Ши Жиньпиний засаглал Хятадын төрийн хяналтыг улам чангатгах, Марксизмын үзэл онолыг бататгах бодлого барьж байна.

 

Эх сурвалж: Straits Times, Xinhua