Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Бадамжунай “69”-д суугаад хил давж зугтсан уу?

Б.Дамдин-Очир, Зууны мэдээ
2018 оны 12 сарын 17
Зууны мэдээ
Зураг зураг

“...Жунайгийн зөвшөөрөлгүй томилгоо, тендер, ер нь юу ч явахаа больсон”, “... МАНАН бүлэглэлийн гол зохион байгуулагч бол Т.Бадамжунай” гэхийг сонсоогүй хүн Монголд цөөхөн биз ээ.

Т.Бадамжунай гэдэг хүн Монголын улс төрд их нөлөөтэй болсон гэдгийг олон хүн нотолдог, цөөнгүй явдал баталсан. УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд, Хотын ерөнхий менежер гээд гүйцэтгэгч маягийн, “хоёрдугаар эгнээний” голдуу ажил эрхэлж ирсэн Т.Бадамжунай яаж яваад бараг л Төрийн гурван өндөрлөгийг захирч, зохион байгуулдаг болчихов гэдэг бас л сонин юм.

Ер нь бол юм болгоны ард л Т. Бадамжунай гэдэг нэр явдаг болсон.

Тэгвэл мань эр арваад хоногийн өмнө Замын-Үүдийн боомтоор гарсан байна. Тэрбээр ингэхдээ “УАЗ-469” буюу бидний ярьдгаар “69”-д суугаад хил давжээ. Энэ талаарх мэдээлэл хуулийн байгууллагуудад ирсэн байна.

Уг нь бол Т.Бадамжунай шиг “том гар” хилийн дээс алхаж, гадаад руу явахаар бол хувийн онгоцоороо нисэхээс наагуур л юм болох учиртай. Ингэж Замын-Үүдээр, тэгээд бас “69”-д сууж явна гэдэг бол хил даваад зугтсан л гэсэн үг. Тиймээс хуулийн байгууллагад түүнийг хил давсан талаарх мэдээ баримт ирсэн байж таарна.

Хэрэв Т.Бадамжунай гадаад руу ниснэ гээд “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр очсон бол гартаа гав зүүлгээд, хар машины ард ачигдаад гэртээ биш 461 дүгээр анги руу очих байжээ. Тиймээс Замын-Үүдээр нууцаар гарч явсан байгаа юм.

Ингэх хоёр ч шалтгаан бий болж, хуулийнхан түүнийг “анхаараад” эхэлчихсэн байжээ.

Хууль хяналтын байгууллагынхан ЖДҮ-ийн хэргийг шалгах үеэр Т.Бадамжунайтай холбоотой нэгэн том асуудал гараад ирсэн байна.

2016 онд МАН-ын Засгийн газар бүрдсэний дараахан маш яаралтай эхлүүлсэн “Max, сүүний анхдугаар аян” -ы хүрээнд зарцуулагдах байсан олон тэрбум төгрөгийг нэр бүхий компанийн захиралд бөөндөж өгсөн байгаа юм. Тэр нь Т.Бадамжунай нараас огт салдаггүй нэгэн компанийн захирал бөгөөд Т.Бадамжунайгийн нөлөө байгаа нь шалгалтын явцад тогтоогдож эхэлсэн байна.

ЖДҮ гэснээс, энэ сангийн хөрөнгөөс улстөрчид авч мэддэггүй байхад Т.Бадамжунай авахаар барах уу, эрүүгийн хэрэг үүсгүүлээд хүртэл тууж явсан байдаг.

Одоогоос таван жилийн өмнө буюу 2013 оны хоёрдугаар сард Т.Бадамжунай Хөдөө, аж ахуйн сайд байхдаа ЖДҮХС-гийн хүрээнд 2012 оны төсөвт тусгасан 500 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэсэн асуудлаар хэрэг үүсгэн АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж байсан юм. Тэр асуудалд нь Хөдөө, аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмагнай гэдэг хүн холбогдон шалгуулж байв.

Үүнээс гадна Т.Бадамжунай хил давахаасаа хэд хоногийн өмнө “TWEEN TOWER”-ийн 13 давхарт байдаг оффистоо бусдаас их хэмжээний бэлэн мөнгө авсан. Түүнийгээ яаж “зарцуулсан” зэрэг баримт нь хуулийн байгууллагынхны гарт орсон байна.

Ийм хоёр том шалтгааны улмаас МАНАН-гийн гол хүн гэгдэж өнөөдрийг хүртэл хаан мэт амьдарсан Т.Бадамжунай хуулиас зугтаж эхэллээ.

Зураг