Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Хэвлэл мэдээллийнхэн жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг хэр хөндөж байна вэ?

О.Булган, iKon.mn
2018 оны 12 сарын 14
iKon.MN
 
Гэрэл зургийг: mpa.mn

НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн Хүрээлэнгээс "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг хэрхэн хөндөж буй байдал"-ыг тодруулах зорилготой судалгааг энэ оны гуравдугаар улиралд хийж гүйцэтгэсэн ба өнөөдөр гарсан үр дүнгээ танилцууллаа.

Жендэрт суурилсан хүчирхийлэл гэж юуг хэлэх вэ?

Энэ нь хүйс, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаатай холбоотой нийгмийн хүлээлт, үнэлэмжид үндэслэн бусдад зовуурь, шаналлыг санаатайгаар учруулах үйлдлийг хэлдэг байна.

Дээрх судалгааны хүрээнд энэ оны эхний хагас жилд буюу зургаан сарын хугацаанд манай улсад үйл ажиллагаа явуулж буй 94 хэвлэл мэдээллийн байгууллагын 270 гаруй ийм төрлийн мэдээ мэдээлэлд шинжилгээ хийсэн байна. Үүнээс найман хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонгож, илүү нарийвчилсан ажиглалтыг гүйцэтгэжээ.

Эдгээр мэдээллийн талаас илүү хувь нь сонинд нийтлэгдсэн байснаас үзэхэд жендэрт суурилсан хүчирхийллийн асуудалд өдөр тутмын сонинууд бусад мэдээллийн хэрэгслээс илүүтэй анхаарал хандуулж байна гэсэн үг юм.

Тодруулбал, жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мэдээлэхдээ мэдээний төрөл зүйлийг хамгийн түгээмэл ашиглаж байна. Ингэхдээ хүний нүдэнд ил, нийгмийг цочроосон, шуугиан тарьсан, олны танил хүн үйлдсэн хүчирхийллийн хэргүүдэд анхаарал хандуулах нь түгээмэл буй талаар судалгааны багийнхан мэдээлэв.

Мөн дээрх сэдвийн хүрээнд бэлгийн хүчирхийлэл болон бие махбодын хүчирхийллийн тухай илүү их хөндөж байгаа бол сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийллийн тухай тэр бүр бичиж, нийтлэхгүй байгаа нь тогтоогджээ.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах "Энэхүү төслийг хэрэгжүүлсний үр дүнд хэвлэл мэдээллийн байгууллага, редакцуудад зориулсан удирдамжийг гарган хүргүүлэхээр бэлдээд байна.

Хэвлэлийн хүрээлэнгийн зүгээс жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлын талаар сэтгүүлчдэд зориулсан сургалтыг өмнө хэд хэдэн удаа зохион байгуулж байсан. Үүний үр дүнгээс харахад сэтгүүлчид жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар тодорхой хэмжээний ойлголттой болж, чанартай мэдээлэл бэлтгэх хандлагатай болсон ч удирдлага болон редакцын зүгээс дэмжлэг дутмаг байх хандлага ажиглагдаж байна.

Мөн жендэрийн тэгш байдлын талаар гарч буй өдөр тутмын мэдээнд редакцын зүгээс шаардлага хангаж байгаа эсэхэд хэрхэн хяналт тавьж, ямар чиг баримтлах, зарчмаа мэдэхгүй байгааг бид олж харлаа” гэв.

Сонгогдсон байгууллагууд: Өдрийн сонин, Өглөөний сонин, ETV, NTV телевиз, Vibe радио 105.5, Гэр бүлийн радио 104.5, gogo.mn, news.mn сайт тус тус хамрагджээ.

Мэдээлэл, судалгааны албаны судлаач З.Энхбаяр "Судалгаанд хамрагдсан нийт байгууллагууд жендэрт суурилсан хүчирхийллийн мэдээг бэлтгэхдээ хүчирхийллийн шалтгааныг эрэлхийлсэн, түүнийг таслан зогсоох арга замыг хайсан агуулгатай мэдээллийг илүүтэй хөндөж бичиж байна. Энэ дунд олны танил, дуулиант, уншигчдад илүү их мэдээлэгдсэн хүчирхийллийн хэргийн талаар мэдээлэх сонирхолтой байдаг" гэв.

Жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мэдээлэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагуудын гаргаж буй нийтлэг алдаа:

  • Хангалттай бус эх сурвалжаас мэдээллээ бэлтгэх,
  • Сэтгүүлч үзэл бодлоо хэтэрхий их оруулах,
  • Хохирогчийн хувийн нууцыг сайн чандлахгүй байх,
  • Хохирогчийг буруутгах өнгө аястай бичих,
  • Хүчирхийлэгчийг зөвтгөх,
  • Хувийн зүгээс үнэлэлт, дүгнэлт өгөх,
  • Хуулийн зүй заалтыг хангалттай судлахгүй, дутуу оруулах зэрэг алдаа дутагдлууд илүүтэй байдгийг танилцууллаа.

Мөн телевиз, радио, сонин, сайтын аль алинаар нь жендэрт суурилсан хүчирхийллийн тухай нийтэлж, нэвтрүүлэхдээ хохирогчид түлхүү анхаарал хандуулж байгаа бөгөөд түүний хувийн нууц, хувь хүний эрх, нэр хүндийг хамгаалж харьцангуй хэвшсэн гэсэн дүгнэлт гарчээ.

Энэхүү судалгаан дээр үндэслэн Хэвлэлийн Хүрээлэнгээс хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулж сэтгүүл зүйн бүтээлийн чанар чансааг хэрхэн нягтлах тухай удирдамж, зөвлөмжийг боловсруулан ирэх он гэхэд хүргүүлэх талаар мөн дурдлаа.