Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Нарьяа: Тамхи татдаггүй, астма, багтраа өвчний шинж тэмдэг илэрч байгаагүй хүмүүст шөнөдөө бачуурах үзэгдэл ажиглагдах болсон

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

“Улаанбаатар Сонгдо” эмнэлэг байгуулагдсаны 11 жилийн ойн өдөр өчигдөр тохиолоо. Тус эмнэлгийн хамт олон энэхүү ойн өдрөөрөө, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд агаарын бохирдлын голомтод замын хөдөлгөөн зохицуулах хүндхэн ажлыг гүйцэтгэдэг 50 алба хаагчийн уушгины рентген зургийг авч, үнэгүй үзлэг, оношилгоо хийх ажлыг зохион байгуулсан юм. Энэ талаар “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн уушгины эмч Н.Нарьяатай ярилцлаа.

-Танай эмнэлгийн зүгээс замын цагдаагийн алба хаагчдыг уушгины үзлэгт яагаад хамруулах болсон талаараа ярихгүй юу?  

-Хүйтний улиралд утааны яг голомтод ажиллаж байгаа замын цагдаагийн алба хаагчдад үзлэг хийж, уушгины өвчлөлд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байгааг илрүүлэх зорилгоор энэхүү шинжилгээг хийж байгаа юм. 

Үзлэгийн явцад ажиглахад тамхи татдаг, татдаггүйгээс үл хамааран орж ирж байгаа бүх хүн ханиалгах зовуурьтай байна. Уушгины рентген зургаас харахад уушгины архаг бронхит буюу гуурсан хоолойн архаг үрэвслийн шинжтэй зураглал ажиглагдлаа. Цээж шуугиж, өглөө болгон бөгшүүлж ханиалгана гэдэг нь тухайн хүнд архаг бронхит, гуурсан хоолойн архаг үрэвслийн анхны шинж тэмдэг илэрч байна гэсэн үг. Эв эрүүл зураглалтай хүн ганц нэгхэн л байна. Тэр нь огт тамхи татдаггүй хүн байгаа юм. 

-Тэгэхээр уушгины өвчлөлд агаарын бохирдлоос гадна тамхидалт нэрмээс болж байгаа тухайд?

-Тамхи олноор татдаг хүмүүс өглөөдөө илүү их бөгшүүлж ханиалгах, заримдаа шөнө унтаж байх үед цээж шуугиж дугарах зовуурь илэрч байгаа тухай ярьж байна. Уушгины багтаамжийн үзлэгээр бид амьсгалах буюу агаар дамжуулж байгаа замд бөглөрлийн шинж байгаа эсэхийг эрт оношлох гэж байгаа юм. 

Үүнээс үзэхэд өмнө нь астмын шинж тэмдэг илэрч байгаагүй хүмүүст уушгины агаарын хэмжээ байх ёстойгоос бага болон бөглөрлийн шинж тэмдэг хэд хэдэн хүнд шинээр илэрсэн. Өөрсдөд нь цээж өвдөх зовуурь байхгүй, хааяа хий ханиалгадаг гэсэн хэрнээ рентген зурган дээр нь хатгалгаа, уушгины өрөвсөл гэсэн өөрчлөлт гарч байгаа юм. Тиймээс болж өгвөл тамхи татмааргүй байна. Ядаж өвлийн улиралд багасгахыг зөвлөе.

-Зөвхөн замын цагдаагийн алба хаагчдаас ийм шинж тэмдгүүд илэрсэн үү, эсвэл нийт үйлчлүүлж байгаа иргэдэд ийм нийтлэг шинж байна уу?

-Эдгээр шинж тэмдэг утааны улирал буюу хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд ихсэж байгаа. Манай амбулаториор үйлчлүүлж байгаа нийт хүмүүст ажиглагдах болсон. Тодруулбал, тамхи татдаггүй, өмнө нь астма, багтраа өвчний шинж тэмдэг огт илэрч байгаагүй хүмүүст шөнөдөө бачуурах үзэгдэл ажиглагдах болсон байна. Тэгэхээр агаарын бохирдол уушгины бөглөрөл өвчинд нөлөөлж байна гэсэн үг.

Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг чухал ач холбогдолтой. Ийм үзлэгээр шинж тэмдэг бүрэн илрээгүй байгаа уушгины өрөвслүүд, багтраа өвчнийг эрт оношилж байна гэсэн үг. Ингэснээр эрт эмчлэх боломжтой. 

-Агаарын бохирдол нийт иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон энэ үед иргэд амны хаалт хэрэглэхээс өөрөөр хэрхэн сэргийлэх боломж байна вэ? 

-Амны хаалтыг зүүх хэрэгтэй гэж иргэд мэдэж байгаа ч огт хэрэгжүүлэхгүй байна. Хөгшин залуу, хүүхэд гэлтгүй амны хаалтыг толгой дараалан зүүж хэвших хэрэгтэй. Ялангуяа, шүүлтүүртэй маскийг бүгд зүүмээр байна. 

Хоёрдугаарт, халуун бүлээн шингэн тогтмол уух хэрэгтэй. Яагаад гэвэл амны хаалт хэрэглэхгүй байгаа хүмүүст толгой өвдөх зовуурь нийтлэг илэрч байгаа юм. Хорт утаагаар амьсгалж буйтай холбоотой цус өтгөрч байгаагаас үүдэлтэй гэсэн үг. Түүнчлэн нойргүйдэл түгээмэл байна.

Гуравдугаарт, витамин хэрэглэх шаардлагатай. Ялангуяа, Д витаминыг том, жижиггүй бүх хүн ядаж өвлийн гурван сар уугаач ээ гэж хэлмээр байна.

-Иргэд амралтын өдрүүдээр агаарт гарч, ууланд алхах түгээмэл болсон. Энэ талаар та нэмж зөвлөхгүй юу?

-Агаарт алхах нь мэдээж хэрэгтэй. Гэхдээ иргэд 2-3 цагаар ингэж алхахдаа даараад байна. Мөн хүйтэн агаараар удаан хугацаанд амьсгалснаар гуурсан хоолойн дээд замын үрэвсэл үүсээд буй. Энэ нь вирусийн инфекцид амархан өртөхөд хүргэдэг. Үүнтэй холбоотойгоор хатгалгаа, уушгины хурц өрөвсөл огцом нэмэгдэж байгаа. 

Тиймээс аль болох даарахгүй байх хэрэгтэй. Хэрэв өөрт тань тодорхой хугацаанд биеийн тамир хийхэд, хүйтэнд алхсаны дараа цээж бага зэргийн шуугиан сонсогдох шинж тэмдэг илэрвэл маш яаралтай эмчид хандаарай гэж зөвлөмөөр байна. 

“Тээврийн цагдаагийн алба хаагчдын эрүүл мэндэд хувь нэмэр оруулж байгаа эмч нартаа баярлалаа”

Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид хэн хүнээс илүүтэйгээр хортой нөхцөлд ажилладаг гэж болно. Тэд найм, найман цагаар ээлжлэн зөвхөн нийслэл гэлтгүй, орон нутгийн замын хөдөлгөөнийг зохицуулж, авто машины хорт утаа, агаарын бохирдол дунд ажилладаг тул өвчлөлд илүүтэй өртөх магадлалтай. Тээврийн цагдаагийн зөвхөн нэг алба хаагч сард 160 цаг ажилладаг байна. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулахаар дүүрэг бүрт 60 алба хаагч дээд дурдсан ээлжээр ажилладаг. Тэгвэл эдгээр албан хаагчийн 50-ийнх нь уушгины зургийг авч, оношлогоо хийх ажлыг “Улаанбаатар Сонгдо” ийнхүү зохион байгуулсан юм.

Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн хэлтсийн Хамгаалалтын хэлтсийн Хамгаалалт, төлөвлөлт хариуцсан ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Мөнх-Эрдэнээс сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрбээр “Тээврийн цагдаагийн алба хаагчдын эрүүл мэндэд хувь нэмэр оруулж байгаа эмч нартаа баярлалаа. Нийт цагдаагийн байгууллага, Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдынхаа нэрийн өмнөөс “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн хамт олон ойн баярын мэнд хүргэж байна. 

Цагаагийн байгууллагаас алба хаагчдынхаа эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах хүрээнд багагүй ажил хийдэг. Өвлийн улиралд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол оруулдаг. Тухайлбал, зарим хөгжлийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд манай алба хаагчид шүүлтүүртэй амны хаалттайгаар үүргээ гүйцэтгэж байгаа” гэсэн юм.