Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулахыг байнгын хорооны гишүүд дэмжлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцлээ. 

Асуудлыг хэлэлцэх үеэр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас гишүүд асуулт асуув. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Яагаад танай ЗГ-ын гишүүд УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй байна вэ Г.Занданшатар сайд аа?

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: УИХ-ын дарга УИХ-ын гишүүнийхээ хувиар Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурж болдогтой адил Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүнийхээ хувиар өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх эрхтэй. 

УИХ-ын гишүүн М.Билэгт: Ц.Цогзолмаа сайдыг огцруулж, Я.Содбаатар сайдыг чөлөөлж байна гэсэн. Я.Содбаатар сайд ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч уучлал гуйсан. Ц.Цогзолмаа сайд шударга ёсны талд байсан. Монголын төрийг ёс зүйн хариуцлага хүлээлгэдэг болгоё гэсэн хүнээ огцруулах гэж байна. 

Засгийн газрын хэрэг эрхлэн газрын хуулийн мэргэжилтэн н.Өлзийсайхан: БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг Засгийн газрын тухай хуулийн 17.3, 24.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэж огцруулж байгаа. Засгийн газар үйл ажиллагааг танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдэгдэл хийхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална гэж заасан байдгийг баримталсан. 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Я.Содбаатар биеийн эрүүл мэндийн улмаас албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ц.Цогзолмаа сайдын хувьд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан учраас эс үйлдлээрээ хамтран ажиллах боломжгүйгээ илэрхийлсэн гэж үзсэн.  

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Миний хувьд хариуцлагаа хүлээнэ гэдгээ илэрхийлсэн байсан. Гэхдээ Я.Содбаатартай адил өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө гэж надаар бичүүлж болох байсан. Би өөрөө шийдвэрээ гаргасан учраас ямар нэгэн байдлаар гоншигнох шаардлага надад байхгүй

Гишүүд асуулт асууж хариултаа авсны дараа үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Ц.Цогзолмаа сайд ажлаа тун зоригтой, бодлоготой хийж байсан юм. Харамсалтай байна. Бид нэн яаралтай давхар дээлээ тайлахгүй бол УИХ-д ажлаа тайлагнах ёстой Засгийн газар нь бойкотлоод байна. 

УИХ-ын гишүүн А.Ундраа: Ц.Цогзолмаа сайд улстөрчийн хувьд зоримог шийдвэр гаргаж байр сууриндаа тууштай байгаад тань баярлаж байна. 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Ажлаа хийх бололцоогүй болох хүртэл таныг хэцүү байдалд оруулсан. Боловсролын салбар гурван жилийн хугацаанд дөрвөн сайдын нүүр үзэж байна. Таныг сайдаар ажиллах хугацаанд энэ салбарт тодорхой ахиц дэвшил гарсан. Таныг ийм шийдэр гаргасанд би харамсаж байгаа. 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх нь давхар дээл гэхээсээ илүүтэй давхар хариуцлага гэж ойлгож ирсэн. Энэ салбарт миний хийсэн зүйл зөв байсан уу, буруу байсан уу гэдгийг цаг хугацаа харуулах байх. Тиймээс улстөрчийн гаргасан шийдвэрийнхээ дагуу ажлаа өгч байгаа үйлдэлдээ салбарынхнаасаа уучлал гуйж байна.

ЗГХЭГ-ын дарга гэдэг бол Засгийн газрын гал тогооны хүн. Бүх асуудалд шударга хандаж, бүх асуудлын шийдлийг олоход мэдрэмжтэй, ёс зүйтэй ханддаг байх ёстой. Г.Занданшатар сайдын хувьд ийм байж чадахгүй, Засгийн газар, УИХ-ыг холбож чадахгүй байгаагаас энэ хоёрын хоорондын харилцаа зөв байж чадахгүй байна.  

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа БСШУС-ын сайдыг огцруулахыг дэмжих эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив.