Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Харьцуулалт бол аз жаргалын "эрлэг"

ikon.mn
2018 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

-Миний ментор “Бүсгүй минь, нүүрээ угаа”-

Харьцуулалт гэгч харьцангуй ойлголт. Бид өөрийгөө бусадтай, бусдын амьдралыг өөрийн амьдралтайгаа үргэлж жиших гээд байдаг. Энэ нь хэтрэх тусам өөрөө аз жаргалгүй болж байгаагаа анзаардаггүй, өөрт байгаа аз жаргалаа олж харахгүй “сохрох” эсвэл өрөөлийн аз жаргал илүү харагдах нь бий. Энэ болгон бидний амар амгаланг эвдэж, санаа сэтгэл тавгүйдэх, бухимдахад хүргэдэг. Хүн өөрөө зовлонгийнхоо шалтгаан нь болдог гэдэг энэ.

Тэр тийм хувцас, энэ ийм машин, тэр тийм үнэт эдлэл авч гэнэ, тэр тушаал дэвшиж... гэсэн яриа заримд үед харьцуулалт болж, улмаар энэ бодол нь гүнзгийрч, аз жаргалаа хүн аз жаргалгүй агшнаар сольдог, зуршил хэрэглээг хэт шүтсэн энэ нийгэмд даамжирч байгааг үгүйсгэхгүй. Тэгвэл энэ болгонд туугдан урагшлах бус, өөрийгөө авч үлдэхэд, өөрчлөлтийн төлөө өөрийгөө одоо эвдэхэд тус нэмэр болох нэгэн номыг танилцуулж байна. Энэ бол “Бүсгүй минь, нүүрээ угаа” юм. 

Амьдралд “шунах” зүйлс өчнөөн бий. Гэтэл бидний дийлэнх нь бусдаас аз жаргал хайдаг, нэхдэг. Оршин буй газраа хүртэл өөрийн аз жаргалгүй байгаа шалтгааны нэг гэж буруутгадаг. Энэ үед байгаа газраасаа нүүх, эсвэл аялах, зугтаах гэж оролддог. Тэгвэл энэ бол ердөө л газар зүйн байрлалаа өөрчилж байгаа хэрэг болохоос өөрийгөө өөрчилж байгаа хэрэг огт биш юм. Үүнийг бас л бодууштай. Монголын өнөөгийн нөхцөлд гадагшаа л явчих юм бол хамаг асуудал шийдэгдэнэ, би өөрөө ч өөрчлөгдөнө гэж туйлшрах хүн цөөнгүй таарч байна. Энэ нь мөн л харьцангуй ойлголт байх нь. “Амьдрах газраа сольсноор таны орчин л өөрчлөгдөнө. Иймээс та аз жаргалтай байх, талархах, бас сэтгэл дүүрэн амьдрах сонголтыг та өөрөө хийх ёстой” гэж “Бүсгүй минь, нүүрээ угаа” номын эхний бүлэгт дурджээ. Энэ ном 20 бүлэгтэй. Бүлэг болгон нь таньд шинэ хаалга нээнэ. Эхний бүлэгт энэхүү нийтлэл маань зориулагдсан юм. 

Монголын нийгмийн өнөөгийн ороо бусгаа, эмзэг, эдийн засгийн хямралтай цаг үед хэн ч гэсэн амьжиргаагаа сайжруулах, өөрийн хувь хүний хөгжлөө ахиулах үүднээс хилийн дээс алхахыг хүсч буй. Энэ бол ялангуяа залуу хүн болгоны боддог бодол. Гэхдээ мөнгө хурааж, хуримтлуулсан ч, гаднын томоохон их, дээд сургуульд сурч, мэдлэг боловсрол эзэмшсэн ч харьцуулалтыг алхам тутамдаа хийж, бодит хөрсөн дээрээ бууж чадахгүй тэсвэр алдах, сорилт тулгарах үед бууж өгөх, аргаа олохгүй цаг хугацаа алдах, эсвэл дахиад өөр тийшээ явах тухай бодоод эхэлдэг. Магадгүй дийлэнх нь аз жаргалын эрэлд гарах гэж тэр. 

Аз жаргал энгийн зүйлээс эхэлж болдог

“Хэрвээ та амьдралдаа дурлаж, амьдрах сонголтыг хийх аваас хаа ч байсан, тэр ч бүү хэл ямар ч муу зүйл тохиолдсон таны хувьд хүндрэл биш болж хувирдаг. Учир нь ТА ХААНА БАЙХ НЬ БУС, ХЭН БАЙХ НЬ ЧУХАЛ учраас үргэлж аз жаргалыг олох болно” гэж бичсэн нь уншигч надад хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн юм. Хүн өөрийг нь аз жаргалтай болгодог зүйлсийн эрэлд гарах хэрэгтэй. Гэхдээ холоос хайх бас хэрэггүй. Аз жаргал энгийн зүйлээс эхэлж болдог гэдгийг ч энэ ном ойлгуулсан юм. Хэдийгээр энэ мэдээжийн зүйл мэт санагдаж болох ч хүн аз жаргалаа үнэлж мэддэггүй. Нохойгоо илүү удаан салхилуулах, ууланд гарах, гэр бүлдээ зориулах цаг хугацаагаа нэмэгдүүлэх, дуртай номоо унших, эсвэл дургүй боловч хүчээр хийхээс өөр аргагүй болдог сайн дурын ажлаа багасгах, харин эсрэгээрээ таныг улам аз жаргалтай болгох зүйлсийг илүүтэй хийж байх тухай тус номноос дэлгэрүүлэн уншаарай. 

 

Харьцуулалт гэдэг аз жаргалын эрлэг. Та зөвхөн өчигдөр хэн байснаасаа өнөөдөр хавьгүй  илүү болоход л анхаарах нь чухал. “Би өөрийгөө харьцуулахаа зогсоосон” гэж “Бүсгүй минь,  нүүрээ угаа” номын зохиогч Рэйчел Холлис өгүүлжээ. Өөрийн амьдралд тохиолдсон, өөрийгөө өөрчлөх гэж оролдсон амьд халуун түүхээс үлдсэн үнэтэй сургамж, шорвог дурсамжаа хүртэл бусдаас нууж хаалгүй энд илчилжээ. “Амьдрал гэдэг байнга түүртэх зүйл биш. Амьдрал гэдэг зүгээр нэг амь зуух бус, харин амьдрахын нэр юм шүү.

Заримдаа танд амьдралынхаа жолоог алдаж, живж буй мэт мөчүүд тохиох боловч энэ нь түр зуурынх гэдгийг санаарай” гэжээ. Түүнд ч ийм өдрүүд цөөнгүй байсан бөгөөд хатуухан хэлэхэд, та аз жаргалгүй байгаа бол та өөрөө л үүнд буруутай гэж зохиогч маань нэмж бичсэн байна. Энэ ном зөвхөн охид, бүсгүйчүүдэд хамаатай гэвэл үгүй. Тэднийг уйлуулдаг, бас гомдоож орхидог, хатуу үгээр зүрх сэтгэлийг нь эмзэглүүлж чаддаг эрчүүдэд бас унших ном нэгээр нэмэгдэж байна.
 
Рэйчел Холлис өөрийг нь нэгэн цагт мухардалд оруулж, итгэлийг нь бардаг байсан худал ташаа зүйлсийг чин шударгаар, бас аймшиггүй хошин байдлаар дүрслээд зогсохгүй хэрхэн даван туулж болох үр дүнтэй аргачлалуудыг бүтээлдээ давхар багтаасан нь оножээ. Энэ нь уншигчдад гарц хэлж өгч буй хэрэг. “Бүсгүй минь, нүүрээ угаа” танд хөдөлшгүй итгэл найдвартайгаар, бас нугаршгүй тууштайгаар хүсэл тэмүүлэл дүүрэн, хэзээ ч бууж өгөлгүйгээр, аз жаргалтай амьдрах ухааныг заах болно. Энэ бүтээл уншигчдыг  нойрноос тань сэрээж, удаан хугацаанд хойш тавьсан тэрхүү мөрөөдлөө хөөхөд туслах болно. Шинэхэн ээжүүдээс эхлээд хашир бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд гээд бүхий л бүсгүйчүүдэд “Бүсгүй минь, нүүрээ угаа” ментор нь болж байна. 

Таны энэ амьдрал зөвхөн таниас л шалтгаална. Тиймээс урсан өнгөрч байгаа цаг хором, мөч болгоныг өөрийн амьдралаа, өөрийгөө аз жаргалтай байлгахад зарцуул. “Бүсгүй минь, нүүрээ угаа” танд ингэж зөвлөж байна. Яг одоо өөрийгөө буруутгахаа, мөн бусдын өмнө буруутан мэт байдгаа зогсоо. Хүлээлтээсээ бага зүйлд бүү хана. Хэрээс хэтэрсэн зүйлд мөнгө бүү үр. Дургүй хүмүүстээ сэтгэгдэл төрүүлэх гэж бүү хичээ. Эргэлзээ, бухимдлаа залгих бус гарга, илэрхийл. Бие бялдар болоод сэтгэл санаагаа бүү хүчирхийл. Таны амьдрал нэг гайхалтай газраас нөгөө гайхалтай газарт очих аялал болохоос биш, нэг газраа л эргэлддэг морин тойруулга биш. Хүн болгоны амьдрал хоорондоо адилхан байх албагүй. Харин таны өөрийн бүтээл амьдрал чинь байх ёстой гэдгийг энэ номноос бүрэн дүүрэн ойлгох болно. 

 

Б.Мөнх-Эрдэнэ