Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол бол мөнгө угаахад таатай улс

Д.Мягмардорж
2018 оны 11 сарын 23
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Жил гаруйн өмнө “Монгол Улс хар болон саарал орлоо, монголчууд гадаадад улстай мөнгөн гүйлгээ хийх эрхээ хасуулж болзошгүй нь” хэмээн шуугьж, санхүүгийн ил тод байдал муутай, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх орчин хэдийн бүрдчихсэн гэдгийг ухаарцгааж билээ.

Тухайн үед Европын холбоо Монгол Улсыг татварын орчин муу, санхүүгийнх ил тод байдал хангагдаагүй гэдэг үндэслэлээр “Хар жагсаалт”-даа оруулсан бол FATF буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага нийт 40 зөвлөмж өгч, “Саарал жагсаалт”-д багтаах сануулга өгсөн. Улмаар УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо, шүүх, цагдаа гэх мэтээр улсаараа хөдөлж эхэлсэн юм. 

Ерөнхийдөө олон улсын байгууллагуудын зүгээс Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хөрс бүрдсэн байж болзошгүй гэж үзэж, манайхан эдийн засгийн гэмт хэргээс ангид улс гэдгээ олон улсын өмнө батлах гээд байгаа хэрэг.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд Монголын нийгэмд болж өнгөрсөн доорх дөрвөн үйл явдал олон улсын мөрдөгчид Монгол Улс руу анхаарал хандуулах шалтгаан болсон юм байна.

НЭГ.

Террорист гэхээр Исламын улс, Аль-Кайда зэрэг дэлхийд зартай алан хядах бүлэглэлүүд шууд л санаанд буудаг. Тэгвэл Монгол алан хядагчидтай гэдгээ 2014 онд баталж, 2015 онд тэдэндээ ээлтэй гэдгээ олон улсын өмнө албан ёсоор зарласан. “Онги гол” хөдөлгөөнөөр овоглодог Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс 2013 оны есдүгээр сарын 16-нд Засгийн газраас УИХ-д барьсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл"-ийг хэлэлцэхийг зогсоохыг шаардаж, эсэргүүцэл үзүүлсэн юм.

Ингэхдээ Төрийн ордны хамгаалалтын бүсэд галт зэвсэг агсаж, нийслэл хотын төвд тэсэрч дэлбэрэх бодис байрлуулсан хууль бус үйлдэл хийсэн. Ингэснээр “террорист” хэмээн цоллогдох болсон Ц.Мөнхбаярт өнгөрсөн 2014 онд Шүүхээс Төрийн ордны хамгаалалттай бүсэд галт зэвсэгтэй нэвтэрсэн, зандалчилсан гэсэн зүйл ангиар гянданд олон жил хоригдох ял оноосон байдаг. Түүнийг

2015 оны Өршөөлийн хуулиар сулласан бөгөөд үүгээрээ Монгол бол “террорист”-ыг өршөөдөг, терроризмыг хүлээн зөвшөөрдөг улс гэдгээ олон улсад тунхагласан. Яг өнөөдрийн нөхцөл байдалтай жишихэд, “Ална тална, цус үзнэ” гэж олон нийтийг уриалах нь үүнтэй ижил төсөөтэй хэрэг л дээ. Үүнээс гадна Ц.Мөнхбаяр тэргүүтэй “Гал үндэстэн” холбооныхон ямар санхүүгийн эх үүсвэрээр хаанаас тэсрэх бодис, галт зэвсэг авсан нь нийгэмд хаалттай хэвээр үлдсэн нь олон улсын санхүүгийн гэмт хэрэпгэй тэмцэх бэйгууллагынхны эргэлзээг төрүүлсэн.

ХОЁР.

УИХ-аас 2015 онд батлан хэрэгжүүлсэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд хаанаас ч юм 35 их наяд төгрөг гарч ирснээр Монгол Улс татвараа авч чаддаггүй, ийм хэмжээний далд эдийн засагтай, төр нь түүнийгээ хазаарлаж хянах чадваргүй гэдгээ олон улсын өмнө баталсан. Хуулийн хэрэгжилтийн хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүд 21,275 санхүүгийн тайлан, 89,394 татварын тайлан, 4,165 нийгмийн даатгалын тайлан, 8,140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647 төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1,176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан гэдэг нь дээрхийг баталчихсан юм. 

Улмаар 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль болон алдангиас компаниудыг чөлөөлжээ. Тухайн үед 2012-2016 онд эрх барьсан улс төрийн хүчнийг өөрсдийнхөө далд үйлдэл, санхүүгийн гүйлгээгээ өршөөсөн хууль баталлаа хэмээн шүүмжлэл явж байсан. 

Дараахан нь сонгуульд ялалт байгуулсан одоогийн эрх баригч хүчин бүхий л шатанд шалгалт явуулж, тоо томшгүй олон санхүүгийн зөрчил дутагдлыг илрүүлсэн гэдгээ зарласан нь бүр бататгаж өгсөн юм. Тэгвэл УИХ-аас 2007 онд батлан хэрэгжүүлсэн Эдийн засгийн өршөөлийн хуулийн хүрээнд 4.5 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болж байжээ.

Гурав.

Олон улсын байгууллагуудын зүгээс Монгол Улсыг хар, саарал жагсаалтад оруулах болсон гурав дахь шалтгаан нь банк бус санхүүгийн байгууллагууд болон хадгаламж зээлийн хоршоодоо хянаж чаддаггүй хэмээн үзсэн явдал. Энэ талаар СЗХ-ны дэд дарга Д.Баярсайхан “Хянан шалгагчдад ирж буй ачааллын хувьд дунджаар нэг байцаагчид 80 банк бус санхүүгийн байгууллага, 60 хадгаламж зээлийн хоршоо, 35 орчим даатгалын мэргэжлийн оролцогч, 100 орчим үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн оролцогчид оногдож байна. 

Гэтэл есөн ажилтантай ажиллахаар төлөвлөж байсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тусгай нэгжийг таван хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулахаар болоод байна. Зохицуулалттай этгээдийн тоог харвал, 2013 онд 813, 2017 оны эцэст 2,125, 2018 оны II улирлын байдлаар 6,345 болж эрс нэмэгдээд байгаа. Хороо олон ажил хийж гүйцэтгэсэн боловч түүнийгээ тайлагнахдаа гүйцэд, оновчтой тайлагнаж чадахгүй байна. 

Тиймээс гаднын байгууллагууд, FATF биднийг хангалттай ажиллахгүй байна гэж дүгнэх байдал мөн ажиглагдсан” гэж ярьжээ. Үүнээс гадна Монгол Улсад мөнгө угаах гэмт хэргээр ял авч байсан тохиолдол ганц ч байхгүй байгаа нь олон улсын байгууллагуудын шүүмжлэлийг дагуулдаг байна.

2011 оноос хойш нийт 4,345 иргэнийг мөнгө угаасан байж болзошгүй асуудлаар шалгаснаас 46 хэрэг мөрдөн шалгах шатанд шилжүүлсэн байдаг. Тэдгээр 46 хэргээс ердөө хоёрыг анхан шатны шүүхээс буруутайг нь тогтоож, шийтгэл ногдуулах шийдвэр гаргасан ч хариуцагч талууд давж заалдсаар Дээд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон. Үүнээс манай улсад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо сонгодог утгаараа ажиллахгүй, хэрэгжилт хангалтгүй харагддаг талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун ярьсан байх юм.

Үүнээс үзэхэд өнөөдрийн улс төрийн тогооноос ундарч буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан тэргүүтэй Засгийн газрын харьяа 29 сангийн мөнгийг угаасан талаар мэдээлэл ч Монгол Улсын нэр хүндэд халтай асуудал болж таарах нь. Мөнгө угаах гэдэг нь хууль бусаар олсон мөнгөө ямар нэг бизнест оруулан цэвэр мөнгө болгон харагдуулах явдал гэж тодорхойлсноос харвал Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн асуудал яах аргагүй мөнгө угаалт болж таарч байна. Улмаар мөнгө угаасан хэргийг урьдын адил шийдвэрлэж чадалгүй өнгөрөөвөл Монгол Улс гаднынханд хэрхэн харагдах бол.

дөрөв.

Хамгийн хаалттай улс гэгддэг БНАСАУ-тай дэлхийн цөөн хэдэн орон дипломат найрсаг харилцаатай байдгийн нэг нь Монгол Улс. Энэ утгаараа тус улсаас ажилчин авч ажиллуулж ирсэн. Тэгвэл олон улсын байгууллагуудын зүгээс Монгол Улсыг НҮБ-ын цөмийн пуужингийн туршилтын хориг зөрчин Хойд Солонгосоос 1,700 ажилчин авч ажиллуулсан хэмээн буруутгасан юм. Манай улсын хувийн хэвшлийн компаниуд Хойд Солонгосоос ажиллах хүч голчлон авдаг байсан.

Монгол Улсад 2013 оны үед Хойд Солонгосын 2,123 иргэн хөдөлмөр эрхэлж байсан бол жил ирэх тутам буурсаар 2017 онд 1,190 ажилтан үлдсэн гэх албан бус мэдээлэл гарч байлаа. НҮБ-ын тайланд дурдсанаар Монголд ажилладаг 1,130 гаруй хойд солонгос ажилчны нөхцөл байдал ил тод бус гэрээгээр тохиролцсон нөхцөл, ажиллах эрх эдгээр ажилчдын нөхөн төлбөрийн асуудал нууцлагдмал байсан.

Мөн Хойд Солонгосын ажилчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин хөлс авдаг байх магадлал өндөр, гол төлөв хүнд хэцүү нөхцөлд ажилладаг, тэдний ихэнх цалин Хойд Солонгосын Засгийн газарт шууд очдог талаар дурдсан байдаг. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс БНАСАУ-ын эсрэг хоригоо өнгөрсөн оны зургаадугаар сард чангатгасан.

Тухайн үед Монголын Санхүүгийн зохицуулах хорооноос “Хэрэв НҮБ-ын хоригт хамрагдсан хувь хүн, хуулийн этгээдтэй харилцаа, хамтын ажиллагаатай бол нэн даруй харилцаагаа таслах, дансыг царцаах, хөрөнгийг битүүмжлэх болон дахин шинээр харилцаа үүсгэх боломжгүй болгох гэх мэт арга хэмжээг хуулийн хүрээнд авах, энэ талаар Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд мэдэгдэх нь зүйтэй” хэмээн анхааруулж байсан юм.

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болон Европын холбооноос дээрх дөрвөн шалтгаанаар Монгол Улсыг хар, саарал жагсаалтад оруулах сануулга өгсөн. Европын улсуудад нэвтрүүлсэн засаглалын зарчмуудыг хоёр жилийн хугацаанд буюу ирэх 2019 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд хэрэгжүүлж эхлэх үүрэг авч, амлалт өгсний үндсэн дээр Европын холбооны хар жагсаалтаас улсынхаа нэрийг хасуулсан.

Тэгвэл Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас өгсөн зөвлөмжүүдээ ирэх оны аравдугаар cap гэхэд хэрэгжүүлж эхлэхийг үүрэгдээд байгаа юм. Үүнээс өмнө буюу ирэх нэгдүгээр сарын 30 гэхэд хийж хэрэгжүүлж буй ажлаа FATF-ийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан бүлэг буюу APG-д тайлагнахыг мөн даалгажээ.

Хэрэв заасан хугацаанд нь хууль тогтоомждоо өөрчлөлт оруулж, зохицуулалтын арга хэмжээ авч чадахгүй бол Монгол бол олон улсын санхүүгийн хар, саарал жагсаалтад орсон улс хэмээн дэлхий нийтэд зарлагдах болно. Эцэст нь Монгол Улсад орж ирэх гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалт буурахаас гадна манай иргэд, аж ахуйн нэгжүүд гадаад улстай гүйлгээ хийх эрх ч хаагдаж болзошгүй юм.

Зураг