Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Уйгурын өндөр хөгжсөн соёл иргэншлийн үр хөврөл Монголд байх хугацаанд нь бүрэлдсэнийг нотоллоо

Б.Бадамгарав, IKon.mn
2018 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Германы хамтарсан археологичдын баг 1998-2007 онд эртний нийслэл Хархорум хотын нутаг дэвсгэр судалгааны ажлыг хийж байсан билээ. Харин 2007 оноос Уйгурын нийслэл Хар балгас хотыг судалж буй юм. Тус багийнхан өнгөрсөн зун судалгаа, хайгуулын ажлынхаа үр дүнд түүхийн хосгүй үнэт олдворууд илрүүлсэн тухайгаа өнөөдөр мэдээллээ.  

Хар балгас хот нь VIII зууны үед үүсэн бий болсон бөгөөд 200-гаад жил оршин тогтнож байсан. Талбайн хувьд 30-аас илүү км2-аас илүү том хэмжээтэй гэж байсан үзэж байгаа гэдгийг Германы археологийн хүрээлэнгийн ажилтан Кристина Франкен хэлэв.

Судалгааны үеэр Хар балгасын ордон хотоос нарийн хийц, зохион байгуулалт бүхий худгийг нээн илрүүлсэн байна. Энэ талаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн ажилтан Т.Батбаяр ярихдаа “Хааны ордон хотын их хэрмийн зүүн урд буланд 60х70 метрийн хэмжээтэй газрын гадаргаас 14-15 метр гаруй өндөрлөсөн хэсэг бий. Үүнийг “цидатель” хэмээн нэрлэж байгаа. Энэ байгууламж дээр бид сүүлийн дөрвөн жил төвлөрч судалгааны ажлаа явууллаа. Энэ хэсгээс эртний худаг илэрсэн бөгөөд энэхүү худаг нь боржин чулууг зургаан тал гарган өрсөн өвөрмөц хэлбэртэй. Нэг чулуу нь хагас тонн орчим жинтэй. 12 үе бүхий боржин чулуун өрлөг болон ус нөөцлөх тасалгаатай. 13 орчим метрийн гүнтэй. Хоногт 20 гаруй тонн ус гаргах хүчин чадалтай худаг байсныг урьдчилсан байдлаар тогтоосон” гэлээ. 

 
Худаг

Мөн малтлагын явцад эртний ховор, үнэт олдворуудыг олсон тухай археологийн багийнхан хэллээ. Тодруулбал, гантиг чулуун хос арслан, чий будагтай модон шонгийн хугархай, нангиад бичээстэй хүрэл хонх, том хэмжээний алтадсан хүрэл цоож, төрөл бүрийн шавар сав суулга зэрэг олдворууд олджээ. Чий будагтай шон нь өдийг хүртэл гялалзсан өнгөө алдаагүй байгаа ба үүний адил чий будагтай олдвор нь Монголд төдийгүй Азидаа ховорт тооцогдох олдвор гэдгийг МУИС-ийн багш, доктор У.Эрдэнэбат онцоллоо.

Түүнчлэн тэрбээр, “Малтлагын явцад нангиад бичгээр “зургаан хөг, найман аялгуу 10 тэнгэр дуурсахуйяа” хэмээх утгатай нангиад бичигтэй хүрэл хонх олдсон. Гайхамшигтай нь энэ хонхыг 1,200 жилийн дараа дуугаргахад хөг эгшиг нь алдагдаагүй байгаа юм” гэсэн юм. 

 
Нангиад бичээс бүхий Хүрэл хонх

Олдворууд усанд он удаан жил байсан тул сэргээн засварлах, хадгалалт хамгаалалтын асуудал хөндөгдөж байгаа юм. Энэ тухайд Монгол, Герман, Японы мэргэжилтнүүд хамтран ажиллах юм байна. 

Осака хотын Хадгалалт, хамгаалалтын хүрээлэнгийн дарга Ито Коужи “Би Японд улсад элсэн чихрээр модон эдлэлийг бэхжүүлэх, хадгалалт хамгаалалтын арга зүйг хэрэгжүүлж байгаа. Бидний хүнсэндээ өргөн хэрэглэдэг элсэн чихрийн нэг төрөл болох трихалусыг технологид авч хэрэгжүүлж байгаа тул хүний биед хоргүй, эко арга” хэмээлээ. 

Мэдээллийн төгсгөлд доктор У.Эрдэнэбат “Монголын төв нутаг Орхоны хөндийд VIII-IX зууны үед Төр улсаа байгуулж, тогтнож байсан Уйгурууд бол хожмын монголчуудын соёл, хэл, ёс заншлын гүн ул мөрөө үлдээсэн ард түмэн. Урьд өмнөх судалгаануудаар Уйгуруудыг Монголын нутагт байхдаа нүүдэлчин, бүдүүлэг, харанхуй байсан гэж үзээд Дундад Азийн соёлтой ард түмний дунд орсноор соёлыг сурчээ гэж үзэж байлаа. Харин энэ археологийн судалгааны үр дүнд Уйгурын өндөр хөгжсөн соёл иргэншлийн үр хөврөл нь Монголд байх хугацаанд нь бүрэлдэн тогтсон гэдгийг нотолсноор энэ судалгааны ажил ихээхэн ач холбогдолтой юм” гэв.